Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй хүмүүс л ротацийг шүүмжилж байгаа

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудал олны анхааралд орлоо. Мөн 49 хувийн хувьцааг нь “Монголын зэс” корпораци авсан асуудал ч багагүй маргаан дагууллаа. Хоёр том нам “Эрдэнэт” үйлдвэрийг хуваагаад авчихсан юм биш үү?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг бол Монголдоо авчирсан зүйл. Монголдоо энэ 49 хувийг ямар ч байсан аваад ирсэн. Тэгэхээр үүнийг дотооддоо яаж шийдэх нь эрх баригчдын асуудал. Өөрөөр хэлбэл МАН УИХ, Засгийн газрыг дангаараа барьж байгаа. Тэдний шийдэх асуудал. Хамгийн гол нь 51 хувиа гадаад руу тавиад туух гээд байна. Нэг хэсэг нь 49 хувиа аваад ирдэг нөгөө хэсэг нь 51 хувиа тавиад тууж байгаа юм.

Өнөөдрийг хүртэл явж ирсэн үйл явцыг харахад МАН “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг олон нийтийн анхааралд оруулалгүй чимээгүйхэн шиг шийдье гэсэн бодолтой явсан юм байна. Өөрөөр хэлбэл, чимээгүй байлгаж байгаад зэсийн баяжмалаараа төлөх эсвэл “Стандарт” банкнаас дахиад өндөр хүүтэй зээл он дамжуулж аваад дарах зорилготой байжээ гэж харж байгаа. Энэ санаархлыг нь тасалсан зүйл нь буцаад өнөө 49 хувь нь шүү. “Стандарт” банкинд төлөх төлбөрийг улсын өмчийн компаниас гаргах гэж байсныг нь 49 хувь л таслан зогсоосон гэсэн үг.

“Эрдэнэт” үйлдвэр олон улсын гэрээгээр “Жаст” компанийн өмнөөс баталгаа гаргасан учраас зээлийг төлөх нь зайлшгүй болж хувирч байгаа. Үүнээс “Жаст” компанийн өрийг төрийн өмчийн компаниар төлүүлэх сонирхол МАН-ын удирдлагад байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа биз.

Хэрвээ үүнд оролцсон хүмүүс гэм буруутай гэдэг нь Монголын дотоодын шүүхээр тогтоогдоод, төр гэм буруугүй гэдэг нь тодорхой болчихсон байсан бол Лондонгийн Арбитрын шүүх дээр нэг хөнгөрүүлэх зүйл болж авч хэлэлцэх байсан юм. Гэтэл энэ хэрэгт 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагын шийдвэр нь гарахгүй удааширч байгаа нь Лондонгийн шүүхэд хөнгөрүүлэх нөхцөл болж чадаагүй.

-51 хувийг барьцаалж зээл авсан ч гэсэн 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрээс төлбөр нь гарна гэсэн үг үү? 

-Тэгнэ гэсэн үг. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас хувь тооцон суутгах замаар төрд авах тухай УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд байгаа. Тэгэхээр 49 хувь төрийн мэдэлд орох зам шуударч байх шиг байна?

-УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр нь гарчихсан. Цаашдын үйл ажиллагаа яаж өрнөхийг би мэдэхгүй байна. Энэ талаар мэдээлэл надад бүрэн алга.

-АН-ын дотоод ротацийн сонгуулийн бүртгэл болж өнгөр-лөө. Гэтэл нэгэн цагт намынхаа нүүр царай болж явсан Баабар, Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Ч.Сай-ханбилэг, Да.Ганболд гээд хүмүүсийг хасчих-сан байна гэдэг хэл үг гарч байна. Баабар “Эрүүгийнхэн АН-ыг эзэллээ” гэж ярилцлага өгч байхад нөгөө талаас татвараа төлдөггүй, намынхаа ажилд оролцдоггүй хүмүүс ротацид орсон гэх мэт тайлбар хэлж байгаа. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-2012-2016 онд манай нам засаг барьсан. Ард түмний шүүмжилсэн гол зүйл бол “Хоорондоо фракцалж байна. Лидерээ дагасан бүлэглэлүүд бий боллоо.

Энэ бүлэглэлүүдийнхээ асуудлыг шийд, хоорондын зөрчлийг зөв болгоод ир” гээд бидэнд 2016 онд нэлээд хатуу сануулга өгч есөн хүнтэй цөөнх болтлоо бид УИХ-ын сонгуульд ялагдсан байгаа. 21 аймгийн 20 дээр нь, 350 сумын 250 дээр нь ялагдсан, Тэгэхээр бид бол үүн дээр дүгнэлт хийгээд намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Гурван сарын хугацаанд гурван удаа Их хурал хуралдуулж байгаад намынхаа дүрмийг өөрчилсөн.

Энэ дүрмээр бол нийтдээ сум, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Гүйцэтгэх зөвлөл, мөн түүнчлэн бүх шатны намын дарга нар гишүүдээсээ сонгогддог болсон байгаа. Нийт 15,600 намын албан тушаалтан энэ дүрмийн өөрчлөлтийн дагуу гишүүдээсээ сонгогддог нам болж хувирсан. Намын дүрмээр сонгуулийн жилээс бусад жил бүр ротаци хийх ёстой. Бүгдээрээ гараа өргөөд баталсан.

Үүний дагуу үнэлгээ өгөөд хамгийн муу ажилласан хүмүүс нь ротацид орж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс хойш өнөөдрийг хүртэл нам дээр идэвхтэй ажилласан нь хэвээрээ үлдээд, идэвх муутай ажилласан нь ротацид орлоо. Наад зах нь өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд идэвх гаргаагүй асуудал бий. Тэр хүмүүст намын гишүүд үнэлгээ өгөөд дээрээс нь төв намаас тодорхой үнэлгээ егсний дагуу ротацид орж байгаа.

Гэхдээ нэр дэвшээд гараад ирэх боломж нь бий. Манай намын дүрмээр бол гишүүдтэйгээ ойрхон, идэвхтэй ажилласан хүмүүс л дахин дахин сонгогдох боломжийг хангаж өгсөн дүрэмтэй. Урьд нь Үндэсний бодлогын хорооны гишүүнээр нэг удаа сонгогдчихоод алга болчихдог байсан бол одоо жил бүр гишүүддээ очиж өөрийнхөө үнэлгээг тавиулах тэр л дүрмийн өөрчлөлттэй болсон. Зарим хүмүүс үүнд нь дургүйцээд байгаа.

Гишүүдтэйгээ ойрхон байгаагүй, намын аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй болохоор дүүрэг, аймагтаа очоод сонгогдох боломжоо авч чадахгүй тэр хүмүүс өнөөдөр энэ яриаг гаргаж байгаа. Дээрээс нь МАН өөр хоорондоо хуваагдчихаад байна. Энэ хуваагдлаа олон нийтийн байнгын яриа болгохоос зайлсхийлгэж манай намыг лидер гишүүдээ гудамжинд гаргасан гэдэг яриаг гаргаж байгаа. Манай намын гишүүд үүнд автаж болохгүй. Бид бол зөвхөн дүрмээрээ амьсгалж байгаа нам.

-Хаврын чуулганаар таны хувьд хэрхэн ажиллахаар төлөвлөөд байна. Хэлэлцэх асуудлын жагсаалт бол батлагдчихсан байгаа? 

-Жагсаалт батлагдчихсан байгаа. Гэхдээ зохицуулах нэн шаардлагатай хуулиудыг өргөн барихад түүнийг нь хэлэлцээд явдаг дэгтэй. Миний хувьд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж ергөн барихаар ажиллаж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлгийг ойрын үед явуулаад эхэлнэ.

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад зорчих гадаадын иргэдийн асуудал илүү хөнгөн шуурхай үйлчилгээтэй болох юм. Гадаадын хөрөнгөө оруулалтыг татах, тэдний үйл ажиллагаанд илүү хөнгөн шуурхай үйлчлэх боломжийг гаргаж өгнө гэж үзэж байгаа.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орсон. УИХ-ын Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсэг Зөвлөлдөх санал асуулга явуулаад түүндээ тулгуурлаж орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулаад байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулсан. Харамсалтай нь энэ хэлэлцүүлэгт ихэнхдээ МАН-ын төлөөлөл оролцсон. Тиймээс хэлэлцүүлэг нэр төдий болсон гэж харж байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай асуудал нэлээд тавигдсан. Үүгээр явбал засаглалын тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй.

Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх баригчдын хийх гэж байгаа хамгийн гол асуудал бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, пропорциональ системийн элементийг оруулж ирэх юм. Ингэснээрээ зөөлөн суудалд олон жил суух тэр боломжоо өөрсдөдөө авах нөхцөл байдлыг оруулж ирж байгаа хэрэг. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг миний хувьд дэмжихгүй.

Бид олон намын саналыг авч, олон ургалч бодлоор саналаа өгсөн, хэлэлцүүлэг нь өргөн хүрээнд явагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж бодож байгаа. Нэг намын 65 гишүүн УИХ-д байгаа тохиолдолд зөвхөн тэдний санал бодлыг тусгасан байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй.

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг эрх мэдлийг бууруулахгүй болохоор ялсан нам Засгийн газраа байгуулаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд түвэгтэй байдал үүсдэг гэдэг? 

-Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлээс АТГ, шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилох асуудлыг авах гэж байгаа. Хуулийг завхруулж дураараа аашлах боломжийг л өөрсдөдөө авах гэж байгаа хэрэг. Ерөнхийлөгчийн зүгээс томилгоо хийхэд болохгүй юм байхгүй.

Хамгийн гол нь УИХ, Засгийн газар, ер нь бүх төрийн албан хаагч болон төрийн өндөр албан тушаалтнууд үүргээ биелүүлж хууль ёсны дагуу ажиллах л асуудал. Үүнийгээ л хийгээд явж байхад хэн нэгэн томилдог хүн ажилд саад болох зүйл байхгүй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан байна лээ. Ер нь УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаан таслалтыг их шүүмжлэх боллоо?

-Би өнгөрсөн хугацаанд нэг ч чуулганы хурал тасалж үзээгүй. Өнгөрсөн намрын чуулганаар нэг удаа арван минут л хоцорсон. Монгол Улсын Ерөнхийлөгч машинтайгаа яваад зам боогдсон учраас арван минут хоцорсон юм. Өөрөөр бол хурлын үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцдог.

-Гэхдээ өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хамгийн олон удаа гадаад томилолттой байсан хүмүүсийн нэг нь та юм билээ?

-Өнгөрсөн намрын чуулганаар хамгийн олон удаа гадаадад албан ажлаар ажилласан, томилолттой байсан гишүүнээр намайг тодруулсан байна лээ. Энэ бас шалтгаантай. МАН өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газраа шинээр байгуулснаас үүдэн дандаа томилгоотой холбоотой асуудлууд хэлэлцсэн учраас УИХ-ынхаа гишүүдийг гадаад томилолтод огт явуулаагүй. Гэтэл ОУ-ын парламентын чуулган, Азийн парламентын чуулган гэх мэт томоохон хурлуудад УИХ-аас зайлшгүй оролцох ёстой.

Харин Ардын намын гишүүд томилгоонд зайлшгүй оролцох тул гадаад явах томилолт егөхгүй байсан учраас УИХ-ыг сөрөг хүчний гишүүд нэлээд төлөөлж явсан. Тийм учраас гадаад томилолт ихтэй гарсан. Жишээ нь, өмнөх чуулганы хугацаанд гэхэд намайг нэг ч удаа гадаад томилолтоор явуулаагүй. Зайлшгүй өөрсдийнх нь асуудал, хагарал тэмцэл байсан учраас намайг явуулсан.

-УИХ-ын намрын чуулганыг та хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. Төсвийн тухай хуульд оруулсан цалинтай ээж, малчдын тэтгэврийг таван жилээр наашлуулсан зэргийг жишээ аваад намрын чуулганыг үр дүнтэй болсон гэж дүгнэх гишүүд бий?

 -Намрын чуулганы үеэр МАН өөр хоорондын зөрчлөөс болж Засгийн газраа огцруулж, шинээр байгуулсан. Үүнтэй уялдаад Засгийн газрыг шинээр байгуулахтай холбоотойгоор томилгоонуудыг хэлэлцэхэд ихэнх хугацаагаа зарцууллаа. Ганц, хоёр гэгээтэй зүйл бий.

Зарим талаараа шүүмжлэл дагуулсан ч Төрийн албаны тухай хуулийг өөрчлөн найруулсан мөн Төсвийн тухай хуулийг нэрлэж болно. Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтыг нэлээд голчилж, эдийн засаг руу хөрөнгө мөнгө чиглүүлсэн. Гэхдээ арай гайгүй гэж яригдаж байгаа энэ хоёр хууль дээр шүүмжлэх зүйл ч их бий.

-Тухайлбал?

-Эрх баригчид өнгөрсөн хугацаанд өөрсдийнхөө намын хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Ингэхийн тулд АН-ын олон гишүүдийг ажил албанаас нь чөлөөллөө. Т эгээд түүнийгээ дахин өөрчлөхгүйгээр цоожлохын тулд Төрийн албаны хуулийг өөрчилсөн. Энэ бол харамсалтай хэрэг. Харин Төсвийн тухай хууль хэдийгээр хөрөнгө оруулалтыг дэмжсэн сайн талтай боловч сайд нарын үргүй зардлыг нэмэгдүүлсэн хууль болж хувирсан.

Тиймээс энэ хоёр хуульд асуудал байна гээд байгаа юм. Бусдаар бол өнгөрсөн намрын чуулганаар дорвитой чухал асуудлууд хэлэлцсэн юм байсангүй. Томилгооны асуудал явсаар байгаад л дууссан, үр дүнгүй чуулган боллоо гэж харж байгаа.

-Тухайн үед “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өөрсдийнхөө хүмүүсийг дархлаад авч байгаа юм биш үү” гэж хууль санаачлагчдаас асуухад “Энэ бол аль нэг намын өнгөн дээр хийхгүй бол болохгүй зүйл. Эрх баригч нам солигдох бүрт явагддаг халаа сэлгээ төрийн албын хүчийг сулруулж байна. AH, МАН хэн нэгэн нь хийх нь зайлшгүй” гэж хариулж байсан?

-Сонгуулиас хойш 25 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар халсан гэдэг мэдээлэл бий. Тэдний ихэнх нь гомдол гаргахгүйгээр төрийн албаа өгөөд явсан. Мөн олон хүн шүүхэд хандаж гэм буруугүйгээ тогтоолгож буцаад ажилдаа орж байгаа. Төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан шийдвэрийн дагуу нөхөн олговорт төсвөөс олгож буй төлбөр аль хэдийн 40 тэрбум төгрөг давчихсан. Тийм учраас ийм хууль бус халаа сэлгээг зогсоох ёстой. Ер нь МАН энэ үр дагавраа ерөөсөө ярихгүй байгаа юм.

Хамгийн гол нь 25 мянган төрийн албан хаагчийг халчхаад 40 гаруй мянган төрийн албан хаагчийг шинээр аваад түүнийгээ Төрийн албаны тухай хуулиар баталгаажуулчихсан. Нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй байх. Хэрэв тухайн албан хаагчийг хууль бусаар халсан нь шүүхийн шийдвэр гараад тогтоогдох юм бол хууль зөрчсөн хүн нь төлбөрийг нь төлж хохиролгүй болгох тийм хууль эрх зүйн заалт 2016 оны долоодугаар сарын 1 -нээс хэрэгжээд эхэлчихсэн. 

-Хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн гурван төв бий. Гэтэл намрын чуулганы хугацаанд шинэ Ерөнхийлөгч хууль санаачилсангүй, Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа оруулсан хуулиудыг татаж аваад буцааж оруулах маягтай ажиллалаа. Мөн УИХ санаачилга муутай ажилласан гэдэг шүүмжлэл байна. Тэр дундаа АН-ын бүлэг цөөнх гэдгээсээ ч болдог уу хууль санаачлахгүй идэвхгүй ажиллаж байгаа?

-Өөрийнхөө хийж байгаа ажлын үйл явцыг л ярья. Хууль санаачилдаг. Харамсалтай нь хуулийг маань МАН-ын олонх хэлэлцүүлэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байгаа. Төрийн албан хаагчид болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн офшор данстай холбоотой хууль, тогтоолыг санаачлахад огт хэлэлцэхгүй дарчихсан байх жишээтэй.

Ерөнхийдөө Ардын нам бол АН-ын гишүүдийн санаачилсан хуулиудыг бүгдийг нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй буюу хэлэлцэхгүй дардаг. Тэгээд дараа нь энэ гишүүд хууль санаачилдаггүй гэдэг хоч зүүдэг. УИХ гишүүдийн эрхийг зөрчсөн ийм зүйл явуулаад байгаа. Тиймээс энэ хаврын чуулган эхлэхээр энэ асуудлыг нэлээд дорвитой шүүмжлэх болно.

-Санаачилсан хуулийг хэлэлцэхгүй дарах, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байх зэргээр хавчих боломж эрх зүйн хувьд байдаг байх нь?

-Ардын нам болон манай намын гишүүдийн санаачлаад өргөн барьсан олон хууль бий. Засгийн газрынх ч байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиар зургаан шаардлагыг давж байж хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт орох ёстой. Үүний зарим нэгэн жижиг заалтыг давахгүй байна гэдэг ч юм уу шалтгаан тавиад УИХ-ын удирдлагууд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй дардаг.

-Намрын чуулганаар утааны асуудлыг бас нэлээд ярилаа. Ер нь утаатай тэмцэх асуудал дээр дорвитой өөрчлөлт гарав уу. Засгийн газрын зүгээс бол 2019 оны дөрөвдүгээр сараас түүхий нүүрс Улаанбаатарт нэвтрүүлэхийг хориглоно гэж байгаа?

-Засгийн газрын энэ шийдвэр зөв. Хамгийн гол нь иргэд өнөөдөр ямар үнээр түүхий нүүрс авч байна яг түүнтэй адилхан үнээр дулаан өвөлжих боломжийг хангаж егөх ёстой. Адил зардлаар дулаан өвөлжих нөхцөл боломжийг хангаж өгөлгүйгээр ийм шийдвэр гаргавал амьдрал дээр хэрэгжихгүй. Энэ шийдвэрийг эс тооцвол МАН-ын УИХ, Засгийн газар тэр чигээрээ хурдан хавар болж дулаараасай, утаа хурдан арилаасай гэдэг байдлаар асуудалд хандсан.

Зураг