Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

NASA дэлхийг сансрын биеттэй мөргөлдөхөөс хамгаалах хөлгийн төслийг боловсруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхий сансрын биеттэй мөргөлдөх вий гэсэн айдас хүмүүсийн дунд бий. Тэгвэл NASA үүнээс сэргийлэх төсөл боловсруулжээ.

Дэлхийд гамшиг авчрах боломжтой астероидуудыг түрүүлж устгах зориулалттай зэвсгийн зураг төслийг тэд бэлэн болгосон байна.

Энэ бол HAMMER (алх гэсэн үг) нэртэй сансрын хөлөг юм. Дэлгэрүүлбэл Hypervelocity Asteroid Mitigation Mission for Emergency Response гэсэн үгнүүдийн товчлол ажээ.

Хөлгийн зураг төслийг боловсруулахад NASA-гаас гадна АНУ-ын цөмийн аюулгүй байдлын газар (NNSA)-ын мэргэжилтнүүд оролцсон гэнэ.

HAMMER хөлөг нь хоёр аргаар айсуй астероидод нөлөөлөх ажээ. Эхнийх нь астероидод цохилт өгч чиглэлийг нь өөрчилнө. Хоёр дахь нь өөр дээрээсээ цөмийн цэнэгт хошуугаар буудаж, сансрын биетийн чиглэлийг өөрчлөх гэнэ.

Эхнийх нь жижиг хэмжээний, эсвэл эрт олж мэдсэн астероидуудад зориулагджээ. Харин том хэмжээтэй, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай биетүүдэд хоёр дахь илүү аюултай хувилбарыг хэрэглэх юм.

Судлаачдын тооцоолж байгаагаар HAMMER хөлөг 2035 онд гэхэд ажиллаж эхлэх гэнэ.

Тухайн жил Бенню (Bennu) нэртэй нэгэн астероид манай дэлхийтэй мөргөлдөх 2,700-д нэг тохиолдох магадлал байгаа ажээ. Уг астероид одоогоор цагт 101,000 км хурдтайгаар нарыг тойрон эргэж байгаа гэнэ.

Гэхдээ HAMMER хөлөг бий болно гэж хэлэхэд хэтэрхий эрт байгаа ажээ. Учир нь үүнийг бүтээхэд маш их зардалтай, зардлыг нь тооцоолоо ч үгүй байгаа юм. Ирэх тавдугаар сард Японд болох сансар судлаачдын хуралд энэхүү хөлгийн төслийг танилцуулсны дараа HAMMER бодит зүйл болох эсэх нь илүү тодорхой болох гэнэ.

 

Эх сурвалж: New York Post