Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд 2019 оноос тодорхойлолт, албан бичиг, тусгай зөвшөөрлийг онлайнаар авдаг болно"

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Төрийн дижитал шилжилт” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд болон банк, санхүү, үүрэн холбооны оператор компаниудын төлөөлөл оролцлоо.

 Энэ үеэр төрийн дижитал шилжилтийн стратеги, суурь мэдээллийн систем, цахим албан хэрэг хөтлөлт, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар болон иргэд, аж ахуй нэгжид дижитал шилжилт хийснээр гарах үр дүн, нөлөөг танилцуулж, хэлэлцүүлсэн юм. 

 Мэдээлэл харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Г.Занданшатар "Өнөөдөр мэдээллийн технологийг ашиглан Монгол Улсынхаа хөгжлийг шинэ шатанд гаргах боломжийн талаар төрийн бодлого ямар байх вэ гэдэг асуудлаар төр, хувийн хэвшил, их дээд сургуулиуд, академи хамтран хэлэлцэж байна. Мэдээллийн технологийг ашиглаад хүнд суртал, авлигагүй, шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэхэд дижитал шилжилтийн гол зорилго оршиж байгаа.

Энэхүү шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн улсууд нь Гүрж, Сингапур зэрэг юм. Гүрж улсын авлигын индекс тэг болсон төдийгүй бизнес эрхлэхэд хялбар байх түвшин нь 34-өөр ахисан зэргийг дурьдаж болно. Үүнийг дэлхий дээр үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэж байгаа бөөгөд мэдээллийн технологийг ашиглаад нийгмийн, эдийн засгийн үйлчилгээг өөрчлөх бололцоо бүрдсэн байна. 

Гэртээ сууж байгаад гар утсаараа бүх зүйлийг захиалж, хийж болохоор боллоо. Үүнийг эд юмсын интернет гэж байгаа. Иргэдэд мэдээллийг цахимаар өгөх, төрийн тодорхойлолт албан бичгийг гар утсаараа татаад авчихдаг, тусгай зөвшөөрлийг онлайнаар авах боломжуудыг олгохоор "Иргэдийн оролцоо" төслийг хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлнэ. 

Түүнчлэн яамдын бүх мэдээллийг нэг дор нэтгэнэ. Мэдээллийн технологийн шилжилтийг төрөөс зардал гаргахгүйгээр залуучууд өөрийн хүчин чадлаараа хийхээр зорьж байгаа" гэлээ. 

332 үйлчилгээний 87 хувийг цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээлэл харилцаа холбооны бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Чинбат "Манай улсад цахим засаглал хийгдээгүйгээс болж 150 гаруй тэрбум төгрөгийн зардал гараад байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс 22 байгууллагын 332 үйлчилгээг 2017 онд 1.3 сая иргэн хүлээн авсан байна. 

Дэлхийн улс орнууд дижитал шилжилт хийж эхлээд байна. Тухайлбал Гүрж улсын хувьд 5 сая хүн амтай. Өмнө нь тусгай зөвшөөрөл авахад 3-4 сар болдог байсан бол “Төрийн дижитал шилжилт” хийснээр 3-4 хоногт уг үйлчилгээг авдаг болсон.

Мөн цахим визийг 72 цагийн дотор шийддэг болоод байгаа. Харин ОХУ-ын хувьд 2020 он гэхэд татварын бүх үйлчилгээгээ онлайн болгохоор зорьж байна. Энэ мэтчилэн дэлхийн улс орнуудын дижитал шилжилтээс бид ч бас хоцорч болохгүй. 

Дижитал шилжилт нь мэдээлэл технологийн уламжлалт аргаас татгалзаж, бизнесийн модулиа хөгжүүлэхийг хэлж байна. Иргэдийн цахим оролцоог хангах шаардлагатай. Үүний зэрэгцээ төр мэдээллээ ил тод болгох нь ч чухал юм. Түүнчлэн төрийн байгууллагууд албан хэрэг хөтлөлтөө цахимаар хийх зэрэг шаардлагатай байна.

Төрөөс иргэдэд үзүүлж байгаа 332 үйлчилгээний 87 хувийг цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой. Харин үлдсэн нь иргэд зайлшгүй өөрийн биеэр очих шаардлагатай үйлчилгээ юм. Мобайл апликэйшнээр дамжуулаад иргэд өөрийн мэдээллээ харж, үйлчилгээ авдаг болно. Тухайлбал, гадаад паспортын хугацаа 10 хоногийн дараа дуусахыг мэдээлдэг болох юм" гэв.