Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Los Angeles Times: Улаанбаатар хаана байдгийг мэдэх хүн байна уу?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос, АНУ-ын удирдагч нарын уулзалт хаана болох талаар дэлхийн хэвлэлүүд таамаглал дэвшүүлцгээж байна.

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Ким Жон Уны урилгыг хүлээж авснаар тэд ирэх тавдугаар сард уулзах урьдчилсан тов гарсан юм.

Түүхэн уулзалт болох газарт Пёньян, Вашингтоноос гадна Хятад, Швед, Швейцарь, Монгол улсуудын нэр яригдаж байна. Мөн хоёр Солонгосын хилийн бүсэд байрлах Панмунжом тосгон нэр дэвшигчдийн дунд байгаа юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын гурван ч том хэвлэл энэ талаар нийтлэл гаргасан байна. New York Times, Newsweek хэвлэлүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот түүхэн уулзалтыг зохион байгуулах боломжтой газруудын нэг хэмээн дурджээ. Тэд Монгол улсыг Хойд Солонгос, АНУ-тай хоёулантай нь сайн харилцаатай, төвийг сахисан орон гэж товчхон тодорхойлоод өнгөрсөн байна.

 

Харин Los Angeles Times сонины өгүүлэлд Монгол улсыг бага зэрэг таагүй үгээр илэрхийлжээ. Тухайлбал тус өгүүлэлд “Монгол улсын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж өөрийн улсыг хамгийн тохиромжтой, төвийг сахисан газар нутаг гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Хэдийгээр Монгол улс нь дээрх хоёр улстай найрсаг харилцаатай нь үнэн боловч удирдагч нарын уулзалтын сүр жавхланг бууруулж магадгүй юм. Ингэхэд Улаанбаатарыг хаана байдгийг мэдэх хүн байна уу?” гэж бичсэн байна.

Мөн тус нийтлэлд шинэ боломжит хувилбаруудыг нэрлэсний дотор Өмнөд Солонгосын Чэжү арал, Сингапур, Гуамын арал зэргийг дурджээ. Тэр ч байтугай далайд хөлөг онгоцон дээр уулзах боломжийг ч бичсэн байна.

 

Эх сурвалж: Los Angeles Times