Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ням гарагийн худалдааг хориглох хууль Польшид хэрэгжиж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт бүх төрлийн худалдаа наймааг хориглох хууль өчигдрөөс Польш улсад хэрэгжиж эхэлжээ.

1990-ээд онд коммунист дэглэм нуран унаснаас хойш тус улс анх удаа чөлөөт зах зээлийн зарчмын эсрэг алхам хийж байгаа нь энэ юм. Польшийн үйлдвэрчний эвлэлийн санаачилсан уг хууль дэлгүүр, үйлчилгээний газруудын ажилчид Ням гарагт бусдын адил амрах эрхтэй гэсэн үзлийн үндсэн дээр хэрэгжиж байна.

Мөн тус улсын хүн амын 90 хувь нь шүтдэг Католик шашны сүм хийдүүд шинэ хуулийг талархан хүлээж авчээ. Шинэ хуулиар сар бүрийн хоёр Ням гарагт худалдаа хийхийг хориглоно. Харин 2019 оноос гурван Ням гараг, 2020 оноос бүх Ням гарагуудад хориглох ажээ.

Зөвхөн Зул сарын баяр, Улаан өндөгний баяр зэрэг жилд болдог долоон баярын үеэр таарсан Ням гарагуудад худалдааны газрууд ажиллах гэнэ.

Бизнесийг дэмжигч улс төрийн хүчнүүд шинэ хуулийг эсэргүүцэж байгаа юм. Ням гарагт амрах болсноор дэлгүүр худалдааны газруудын ажилтнууд бусад үед илүү ачаалалтай ажилладаг болно. Хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Мөн амралтын өдрүүдэд ажил эрхэлдэг оюутнуудын амьдралд нөлөөлнө гэж тэд үзэж байна.

Хуучин коммунист дэглэмтэй байсан орнуудаас Унгар улс 2015 онд мөн Ням гарагийн худалдааг хориглох хууль гаргасан ч дараа жил нь цуцалсан юм. Герман, Австри зэрэг улсуудад ийм хориг удаан хугацаанд хэрэгжиж байгаа ба иргэд дэлгүүр хоршоонд үрдэг цагаа гэр бүлдээ зарцуулах болсондоо сэтгэл хангалуун байгаа гэсэн судалгаа бий. Польшийн шинэ хуулиар Ням гарагт худалдаа хийж, хууль зөрчвөл 100,000 злотын торгууль төлөх ба давтан үйлдвэл шоронд хорих ялтай болжээ.

Хууль зөрчигчийг иргэд засгийн газрын хяналт шалгалтын байгууллагад мэдээлэх ёстой гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian