Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Амар мөрний эргээс тасдсан 54 гар олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын алс дорнодын Хабаровск хотын ойролцоо Амар мөрний эргээр явж байсан загасчин тасдсан 54 гар бүхий уутыг олжээ.

Эхлээд тэр ууттай зүйл олоод нээж үзэхэд хүний гарнууд гарч ирсэн байна. Үүний дараахан Оросын Холбооны Мөрдөн Байцаах Коммис энэхүү олдворыг гэмт хэргийн гаралтай бус, Хабаровскийн шүүх эмнэлгийн лабораторийн хаягдал гэж дүгнэжээ.

Гэхдээ гарнуудыг ингэж хаясан нь хууль бус хэрэг гэж үзээд шалгаж эхэлснээ мэдэгдсэн байна.

Коммисийн мэдэгдэлд “Олдсон биологийн обьектууд нь гэмт хэргийн гаралтай бус, гэхдээ хууль бус замаар хаягдсан гэж үзэж байна” гэжээ.

Шүүх эмнэлгийнхэн гэмт хэргийн хохирогчийн цогцсыг оршуулахаас өмнө хурууны хээг авч үлдэхийн тулд гарыг нь үлдээдэг практик байсан тухай Siberian Times сайт мэдээлсэн байна.

Гэхдээ одоо үед ингэх шаардлагагүй, дижитал болон цаасан хэлбэрээр хурууны хээг үлдээх боломжтой болсон билээ. Мөн гарнуудтай цуг эмнэлгийн боолтын материал, гутлын гадуур өмсдөг пластик уут зэрэг олдсон нь эмнэлгийн гаралтай байх магадлалыг нэмэгдүүлж байна.

Мөрдөн байцаагчид тасдсан гарнуудын гарал үүсэл, хаях болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Siberian Times