Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Ким нар Улаанбаатарт уулзах уу?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгыг хүлээн авснаа зарласан нь өчигдрийн гол үйл явдал байлаа.

Тэд ирэх тавдугаар сард багтаж уулзахаар болсон. Талууд түүхэн уулзалтыг зохион байгуулах ажилд эрчимтэй бэлдэж эхэлжээ. Хамгийн чухал асуудал нь АНУ-Хойд Солонгосын удирдагч нарын анхны уулзалтыг хаана зохион байгуулах тухай юм.

Сүүлийн байдлаар Швед, Швейцарь улсууд уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд байна.

Мөн Монгол улсын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж твиттер хуудсандаа энэхүү уулзалтыг улс орондоо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Уулзалтыг зохион байгуулах газрын тохиромжтой хувилбарууд:

  • Хойд Солонгос

Өмнө нь АНУ-ын улс төрчид Хойд Солонгост зочилж, яриа хэлэлцээр хийдэг байсан. Жишээ нь Билл Клинтон, Жимми Картер зэрэг экс ерөнхийлөгч нар Пёньянд айлчилж, хоёр улсын харилцааг сайжруулах алхам хийж байжээ.

  • АНУ

Бас нэг боломжит хувилбар нь АНУ. 2016 оны зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Дональд Трамп Ким Жон Уныг Америкт урьж хэлэлцээр хийнгээ түүнийг гамбургерээр дайлна хэмээн амлаж байсан юм.

  • Гуравдагч орнууд

Төвийг сахигч аль нэг орныг сонгоно гэвэл Швейцарь, Монгол улсууд байх боломжтой. Ким Жон Ун хүүхэд байхдаа Швейцарийн олон улсын сургуульд хэсэг хугацаанд суралцаж байсан гэдэг. Монгол улс бол хоёр Солонгостой дипломат харилцаатай цөөхөн орны нэг. Швед улс нь Пёньянтай удаан хугацаанд онцгой харилцаатай байсан бөгөөд Хойд Солонгос дахь Америк иргэдийг хамгаалах консулын үүргийг Вашингтоны өмнөөс гүйцэтгэж ирсэн орон юм.

Мөн Өмнөд Солонгос, Орос, Хятад улсуудад уулзалтыг зохион байгуулах боломжтой.

  • Зэвсэггүй бүс (The Demilitarized Zone)

Хоёр Солонгосыг заагладаг хилийн шугам нь одоог хүртэл дайны байдалд байдаг, манай дэлхийн хамгийн их зэвсэглэгдсэн хил хязгаар юм. Энд DMZ буюу зэвсэггүй бүс хэмээх талуудын уулзалтыг зохион байгуулах зорилготой хэсэгхэн зурвас байдаг. Уг зурвасын Өмнөд Солонгосын хэсэгт байдаг Панмунжом тосгоныг АНУ-Хойд Солонгосын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газарт тооцож байна. Панмунжомд хоёр Солонгосын удирдагч нарын гурав дахь уулзалтыг дөрөвдүгээр сард зохион байгуулахаар бэлдэж эхэлсэн байгаа.

Эдгээр хувилбаруудаас Хойд Солонгос болон АНУ-д зохион байгуулбал аль нэг талд нь давуу талаа харуулах илүү боломж олгох тул зохимжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс гуравдагч орнууд болон DMZ хамгийн өндөр магадлалтай хувилбар юм.

1980-аад оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын төрийн тэргүүн Михайл Горбачев нарын түүхэн уулзалтыг Швейцарийн Женев хот, Исландын нийслэл Рэйкьявик хотод зохион байгуулж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: Washington Post