Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд 5,503 хэргийг ШҮҮХЭЭС түдгэлзүүлж байсан бол энэ тоо 2017 онд 77 болж буурчээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
 

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг хийж, тус хуульд өөрчлөлт оруулахаар зөвлөмж боловсруулаад байгаа юм.

Энэ талаар ХЗДХЯ, хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

Эрүүгийн хуульд үзэл баримтлалын өөрчлөлт хийхгүй

- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Ямар чиглэлээр өөрчлөлтүүд оруулах вэ?

- Эрүүгийн хууль, түүнийг дагасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зэрэг багц хуулиуд 2017 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 

Хууль хэрэгжсэний дараа шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, судлаачид нэг дор цуглан хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хуульд заасан тодорхой зохицуулалтыг шүүх, прокурорууд, мөрдөгч нар өөр өөр хэрэглэх тохиолдлууд гарч байна.

Хөөн хэлэлцэх хугацаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий анги дээр зайлшгүй тодруулах зүйлүүд байна. Мөн өсвөр насны хүнд ял оногдуулах асуудал дээр ойлголтын зөрүү байна.

-Хэрэгжиж эхлээд төдийлөн удаагүй байгаа хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой юу?

-Зөвлөгөөнд оролцогчид эдгээр хуулийн үзэл баримтлалыг хадгалъя гэдэг дээр байр суурь нэгдсэн. Эрүүгийн хуульд үзэл баримтлалын өөрчлөлт хийхгүй. Харин засаж залруулах зүйл юу байна, нэг мөр болгох ойлголтууд байгааг хэлэлцсэн. 

Уг хуульд зарчмын, хэл найруулга, техник, ойлголтын шинжтэй өөрчлөлт хийнэ. 

- Тодорхой зохицуулалтыг шүүх, прокурорууд, мөрдөгч нар өөрөөр хэрэглэх тохиолдлууд байна гэлээ. Тухайлбал ямар зохицуулалтыг яаж буруу хэрэглэсэн тохиолдол гарсан бэ?

-Тухайлбал, шүүхийн шатнаас ч хуульд заагаагүй үндэслэлээр буюу хууль зөрчиж хэргийг мөрдөн байцаалтад буцаах явдал шүүхийн практикт гарсаар байгаа юм билээ. Хэргийг нэгтгэх болон үргэлжилсэн гэмт хэргийн асуудал, түүнчлэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан зарим боломжийг эдлүүлэхгүй байх зэрэг нэлээд асуудлыг ярьж болно.

Иймд хуулийг хэрэгжүүлэгч, хуулийг хэрэглэдэг байгууллагууд ойлголтоо нэгтгэж, УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Үзэмжээрээ хэрэг маргааныг буцаадгийг болъё 

- Хөөн хэлэлцэх хугацаа дээр тодруулах ямар зүйл байна вэ. Энэ талаар зөвлөмжид юу гэж туссан бэ?

-Аливаа хэрэг маргаан хөөн хэлэлцэх хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл тоолох уу, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий шатанд тоолох уу гэдэг дээр оролцогчид байр сууриа илэрхийлж байсан.

Мэдээж уг асуудлыг судалж, гэм буруу нь шүүхээр нотлогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээх зарчмыг хангасан байдлаар шийдвэрлэнэ.

- Өөр ямар өөрчлөлт оруулахаар зөвлөмжид тусгасан бэ?

- Зарим гэмт хэргийн хариуцлагыг чангатгах асуудал яригдсан. Үүн дотор авлига, албан тушаал, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт оногдуулах ялыг одоо байгаагаас нь илүү чангатгая гэсэн саналууд гарсан. Түүнчлэн зарим төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухайд яригдсан байгаа. 

Нөгөө талаар шүүхэд байгаа гэм буруутай этгээдэд ял оногдуулах эрх мэдлийг зөв зохистой хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судлаачид, оролцогчид хэлж байлаа.

- Өмнө нь хэрэг шүүхээс буцах тохиолдол их гардаг байсан уу?

- Өмнө нь хэргийг буцаадаг байснаас үүдээд хэрэг маргаан шийдвэрлэх байдал удааширдаг. Шүүхэд итгэх иргэдийн итгэл багасах зэрэг аюул байсан. Эргээд энэ нь алба хаагчдыг хардах, сэрдэх, зарим этгээд нь ял завших зэрэг асуудал ч гардаг байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс тодорхой үндэслэлүүд буюу хэрэг маргааныг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдлоор үзэмжээрээ хэрэг маргааныг буцаадгийг болъё гэж шийдсэн.

Зарим шатны шүүхүүдээс энэ саналыг эргэж харахыг хөндөж тавьсан бол харин зарим шүүгч нар хэргийг заавал буцаагаад байх шаардлагагүй гэдэгт санал нэгдэж байгаа. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийж байна.

2017 онд 77 хэргийг түдгэлзүүлсэн байна

- Хуулийн байгууллагынхан Эрүүгийн хуульд ямар ахиц гарсан гэж үзэж байна?

- Олон зүйлийг дурдаж болно.

Шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг түдгэлзүүлэх зохицуулалт өөрчлөгдснөөс шалтгаалж түдгэлзүүлж сейфэндээ дардаг хэргийн үзүүлэлт эрс багасаж, 2016 онд 5,503 хэргийг түдгэлзүүлж байсан бол, 2017 онд 77 хэргийг түдгэлзүүлсэн байна.

Түүнчлэн авлига албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэх тал дээр тодорхой хэмжээний ахиц гарсан.

Хуучин тухайн төрлийн гэмт хэрэг дээр заавал хохирлын хэмжээ шаарддаг байсан. Өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэрэг дээр 10 сая төгрөгийн хохирол байх ёстой гээд шаардчихаар 10 саяас доошоо хохиролтой үйлдэл  нь гэмт хэрэг биш болох тохиолдол байсан.

Мөн шинэ Эрүүгийн хуулиар хохирлын хэмжээг аваад үйлдлээр нь буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд болсон. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас шүүхийн шатнаас буцаадгийг болиулсныг хэлэлцүүлэгт оролцогчид сайшааж байв.

- Цаашид хууль тогтоогч нарт анхаарвал зохилтой ямар зүйл байна вэ?

- Хэрэгт холбогдсон хүнийг хорьж мөрдөж байцаадаг, ямар гэмт хэрэгт холбогдоод байгааг мэдэхгүйгээр мөрдөн байцаагчийн үүдийг өдөр бүр сахиж суух зэрэг хэл амтай зүйлүүд байсан.

Аль болохоор хэргийг хорьж байж илрүүлдэг биш бусад мөрдөн шалгах арга хэрэгслийг ашиглаж гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт буруутай этгээд ял хариуцлагыг оногдуулж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа ялгамжтай хандах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад анхаарч, алба хаагчдаас шинэ хандлага, арга барилыг шаардаж байгаа гэдгийг дахин хэлье.

Мөн хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхийн тулд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд ойлголтоо нэгтгэж, хуулийн хүрээнд хамтран ажиллах, хуулийн заалтад нийцүүлэн шуурхай ажиллах зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байгаа харагдаж байна.

- Хуулийн төсөл хэзээ бэлэн болж, УИХ-д өргөн баригдах вэ?

- Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг Хууль зүйн байнгын хороо болон холбогдох гишүүдийн зүгээс ХЗДХЯ-нд хүргүүлнэ гэсэн. Саналууд ирсний дараа удирдлагуудад танилцуулж, ажлын хэсгээр хэлэлцээд шаардлагатай тохиолдолд хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна.