Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүүн Хойд Азид энхтайван, тогтвортой байдлыг тогтоох шинэ үе нээгдэж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэ жил тохиож байна. Түүхт ойн хүрээнд өнөөдөр Гадаад Харилцааны яамны байранд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. 

Уг үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүхийг харуулсан олон сонирхолтой үзвэр багтсан юм. Нээлтийн үеэр хоёр орны дипломатчид үг хэлэв. 

"Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, яриа хэлэлцээр урагшлуулахад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахын төлөө хүчин чармайлт тавьж ирсэн"
 
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нарын үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт шалгууруудыг даван туулж эдүгээ 70 нас хүрч байна. Монгол Улс, БНАСАУ-тай 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийнхээ бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөд болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан барьж байсан түүхтэй.

Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид ч хөгжүүлэх хүсэлтэй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ оны гуравдугаар сарын 5-нд хүлээн авч уулзан Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна.

Энэ нь Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх, Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болж, бүс нутгийн улс орнуудын хооронд яриа хэлэлцээрээ өргөжүүлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр мөн БНАСАУ-ын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй тавдугаар сард уулзахаар болсон тухай сайхан мэдээг бид аваад баяртай байна.

Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, яриа хэлэлцээр урагшлуулахад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулахын төлөө хүчин чармайлт тавьж ирсэн. Үүний тод жишээ нь өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан болон Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагыг дэвшүүлсэн явдал билээ. Энэхүү санаачлагыг БНАСАУ дэмжиж байгаад баяртай байдаг” гэв.

"Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчилж, үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж явсан юм"
 
Гэрэл зургийг MPA.mn

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын ХоМонгол Улс, БНАСАУ олон улсын тавцанд бие биенээ харилцан хүлээн зөвшөөрсөн нь манай хоёр орны шинэ үеийн харилцааны түүхийн хуудсыг нээсэн бөгөөд тэр цагаас хойш өдийг хүртэл 70 жилийн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа олон улсын салбарт сайтар идэвхжиж, хөгжиж ирсэн билээ.

Манай ард түмний аугаа их удирдагч Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчилж, үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж явсан юм.

Өнөөдөр манай ард түмэн эрхэм хүндэт нөхөр Ким Жон Уны мэргэн удирдлага дор ялалтад бат итгэн, өөдрөг бадрангуй сэтгэл дүүрэн, Солонгосын Хөдөлмөрийн намын VII их хурлаар дэвшүүлсэн зорилгыг биелүүлэхийн төлөө эрч хүчтэй, хөдөлмөр тэмцлийг өрнүүлж байгаа бөгөөд нөхөр Ким Жон Уны социалист хүчирхэг улсыг бүтээн байгуулах ажлыг тууштай явуулах болно.

Эрхэм удирдагч энэ удаа Хойд, Өмнөдийн харилцааны хөгжил, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд хэн ч таамаглаагүй зоригтой шийдвэр гаргасан. Ингэснээр Зүүн Хойд Азид энхтайван, тогтвортой байдлыг тогтоох шинэ үе нээгдэх болсон байна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn