Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Кимтэй уулзахаар яарч байгааг эх сурвалжууд мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны цагаар Пүрэв гарагийн орой дэлхий нийтээр Дональд Трамп, Ким Жон Ун нарыг уулзахаар болсныг гэнэт мэдсэн билээ.

Энгийн иргэдийг төдийгүй Цагаан ордныхныг цочирдуулсан энэ үйл явдал хэрхэн өрнөснийг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Уг нь Пүрэв гарагт Өмнөд Солонгосын элч нар АНУ-ын албаныхантай уулзаж, ерөнхийлөгч Трамптай хийх уулзалт Баасан гарагаас наашгүй байсан гэнэ. Гэтэл Цагаан ордны баруун жигүүрт энэ уулзалт болж байгааг мэдсэн Трамп хэвлэлийн мэдээлэл өгдөг танхимаар шагайхдаа сэтгүүлчдэд “өнөөдөр орой Өмнөд Солонгосын төлөөлөгчид чухал мэдэгдэл хийнэ” гэж хэлжээ.

Түүгээр ч зогсохгүй “Та нар миний гавьяаг үнэлнэ биз дээ” хэмээн хошигноод амжсан тухай ABC News сувгийн сэтгүүлч Мередит Макграу мэдээлсэн байна. Үүний дараа Трамп өөрийн албаныхантай уулзаж байгаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг Зууван танхимд урьж, төлөвлөөгүй уулзалт хийжээ.

Төлөөлөгчдийн ахлагч Чун түүнтэй Ким Жон Ун уулзахыг сонирхож байгаа талаар дөнгөж ярьж эхэлмэгц Трамп шууд урилгыг хүлээж авч байгаагаа хэлээд даруй энэ талаар сэтгүүлчдэд мэдэгдэхийг хүссэн байна.

Гэнэтийн хүсэлтэд тулгамдсан Чун тэр даруй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярьж мэдэгдэл хийх зөвшөөрөл авчээ.

Ингээд төлөөлөгчид үдшийн 19:00 цагт Цагаан ордны гадаах автомашины зам дээр харанхуй орчинд яаралтай мэдэгдэл хийхэд хүрсэн гэнэ. Чун төлөөлөгчийн мэдэгдэл ердөө хоёр минут үргэлжилсэн юм. Үүний дараа Трамп твиттер хуудсандаа “Ким Жон Ун цөмийн зэвсгээ царцаах биш, бүр устгах тухай Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй ярьсан байна. Энэ хугацаанд ямар нэг цөмийн болон пуужингийн туршилт явуулахгүй гэжээ. Том дэвшил гарлаа, гэхдээ тохиролцоонд хүртэл хоригууд хэвээр хэрэгжинэ. Уулзалтыг төлөвлөж байна!” гэж бичжээ.

Болсон үйл явдал Трампыг Ким Жон Унтай уулзахаар ихэд яарч байгааг харуулж байна. Түүний засаглалын хугацаанд тохиолдож байгаа томоохон асуудлыг түргэн шийдвэрлэн гавьяа байгуулж, унаад байгаа нэр төрөө сэргээхийг эрмэлзэж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Business Insider