Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд гэж ямар хүн байх ёстой вэ?

ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Элчин сайд гэдэг нэршлийг түгээмэл толь бичгүүдэд “Өөрийн улсаа тусгаар тогтносон өөр улсад, аль эсвэл өөрийн Засгийн газраа олон улсын байгууллагад бүрэн эрхтэй төлөөлөх дээд тушаалын дипломатч” хэмээн тодорхойлдог. 

Дипломат албаны зэрэг зиндааны тогтолцоог анх 1815 онд хуралдсан Венийн Конгрессоос олон улсын эрх зүйд нийцүүлэн томьёолж, дараа нь Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн Конвенциор баталгаажуулжээ. 

Сүүлийн үед гадаадад улсаа төлөөлөн ажиллах элчин сайд нарын томилгооны асуудал төр, засгийн түвшинд ч, олон нийтийн хүрээнд ч дуулиан шуугиантай, нэлээд асуудал дагуулсан байдалтай байна гэхэд хилсдэхгүй биз. 

Үүнтэй холбогдуулаад ер нь элчин сайдын алба гэж ямар албыг хэлдэг юм, элчин сайдаар ер нь ямар хүн ажилладаг юм гэсэн асуулт тавиад үзье.

Дээрх тодорхойлолтоос харахад элчин сайд гэдэг нь юун түрүүнд дипломат албан тушаал буюу мэргэжлийн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл энэ албан тушаалыг мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн туршлагатай дипломатч хүн хаших учиртай. Чухамхүү олон улсын харилцааны мэргэжилтэй, салбарынхаа шатлан ахих шалгуурыг давсан дипломат албаны ахлах албан тушаалтан, гол төлөв 50-иас дээш насны хүмүүс улс орноо төлөөлөн элчин сайдаар томилогддог нь нэгэнт дэлхий нийтийн жишиг болсон байна. 

Энэ нь тухайн улсын дипломат албаны нэр хүндийг илтгэх нэг тод үзүүлэлт, нөгөө талаар харилцагч улсаа хүндэтгэж буйн илэрхийлэл юм. Учир нь нь нэгэнт томилогдсон элчин сайд хүн тухайн улс, олон улсын байгууллагад адил мэргэжлийн хүрээлэлд, дипломат корпуст орж, улс орныхоо хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэхийг чухалчлан суугаа улсынхаа төр, засаг, олон нийтийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллах шаардлага тулгардаг. 

Манай бодит байдлыг ажваас дээрх шалгуур алдагдаж, угаас харьцангуй цомхон Монголын дипломат албыг улстөрчдийн нөлөөллөөс ангид байлгаж чадахгүй байна. 

Сүүлийн үед дипломат албаны ахлах дээд албан тушаалтан болох элчин сайд нарын томилгоо тухайн хүний мэргэжлийн шалгуурын хувьд оновчгүй, томилох процедурын хувьд дэлхий нийтийн жишгээс гажих болсонд дипломат албаныхан ч, өргөн олон нийт ч дургүйцэх хандлага лавширч байна. 

Энэ байдал юуны өмнө зарим хувь улс төрчдийн буруу үзэл бодол, ташаа ойлголт, явцуу эрх ашгаас, нөгөөтэйгүүр томилгооны эрх зүйн зөрчилтэй орчноос үүдэж байгаа гэлтэй. Тухайлбал, нэгэнт төрийн тусгай мэргэжлийн албан тушаал гэж хуулиар ангилагдсан элчин сайдын албан тушаалд улс төрийн намын төлөөний, мэргэжлийн бус хүн томилогдох явдал газар авахад хүрч байна. Ийм нөхцөл байдал сүүлийн үед хэвийн шахуу үзэгдэл болж буйг хэн хүнгүй мэднэ. 

Элчин сайд нарыг томилох процедур гажуудаж, урвуугаар эргэсэн байдал газар авчээ.

Зүй нь эхлээд Гадаад харилцааны сайд тухайн хүнийг элчин сайдад дэвшүүлэн төрийн өндөрлөгүүдэд танилцуулан зөвшилцөлд хүрэх журамтай. Ингэж дотооддоо зөвшилцөлд хүрсний дараа элчин сайдын томилогдон суух улсаас агреман буюу зөвшөөрөл асуух учиртай. 

Элчин сайдын томилогдох улсаас зөвшөөрсөн хариу ирсний дараа элчин сайдын томилгоог ёсчилж, нийтэд зарлаж байх учиртай юм. Одоогийн манай процедураар бид хэрэг дээрээ нөгөө улсаасаа зөвшөөрөл аваагүй байхдаа элчин сайдаар томилогдсон хүнийхээ талаар ил ярьж ёс бус, бүдүүлэг тулгалт хийж байгааг анхаарах шаардлагатай. 

Монгол Улсын маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах, хөгжлийн гадаад таатай орчинг бий болгоход бүх салбарт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй дипломат албыг ямагт бэхжүүлж, даяаршил, харилцан хамаарлын өнөөгийн орчинд гадаад харилцааны үүрэг, жин, нөлөөг нэмэгдүүлэхийн чухлыг бид бүхэн хаа хаанаа сайтар анхаарч байх нь нэн чухал билээ. 

Эл нөхцөл байдалд бүрнээ нийцсэн төрийн зөв бодлого юуны өмнө мэргэжлийн боловсон хүчний шударга томилгооноос ихээхэн хамааралтай гэдгийг нотлох хэрэг юун. 

Элчин сайдын томилгооны асуудал гол төлөв сөрөг дуулиан дагуулж буй чухам энэ цаг үед бодит нөхцөл байдлыг сайтар цэгнэн үзсэний үндсэн дээр юуны өмнө элчин сайдаар дээр дурдсанчлан зөвхөн мэргэжлийн ахлах зиндааны дипломат хүний нэрийг дэвшүүлж байх талаар төрийн өндөр, дээд түвшинд ойлголцох нь чухал байна. 

Чингэхдээ мэргэжлийн мерит зарчмыг чанд баримталж байх явдал чухал. Манайх шиг мэргэжлийн хүний нөөц цомхон, чадуу орны хувьд мэргэжлийн ахмад дипломатууд боловсон хүчний үнэт баялаг гэдгийг ч бодолцох нь зөв юм. Үүний хамт элчин сайдын томилгооны процедурыг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх эрх зүйн орчныг зохистой бүрдүүлэх учиртай болов уу.  

Элчин сайд нарын томилгооны асуудал нийгмийн анхаарлыг онцгой татаж буй чухам энэ үед олон нийтийн итгэл хүлээлт, түүний дотор гадаад харилцааны мэргэжлийн хамт олны санаа бодлыг эрхбиш харгалзан эл асуудлыг цэгцлэн журамлах цаг үеийн шаардлага тулгарч байна. 

Судлаач Ж.Ганбаяр