Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Иран, Саудын Арабт шинжлэх ухаан, математикийн мэргэжлээр эмэгтэйчүүд илүү олон төгсдөг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Исламын шашинтай орнуудын эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд орохдоо хатуу хязгаарлалттай нүүр тулдаг ч сурч боловсроход зарим талаар Өрнөдийн орнуудаас ч илүү сайн нөхцөлтэй байгааг тоо баримт харуулж байна.

Тухайлбал STEM (Science, Technology, Engineering, Mathematics) буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн мэргэжлүүдээр Иранд суралцагчдын 70 хувь нь бүсгүйчүүд байдаг гэнэ. Зэргэлдээх Оман, Саудын Араб, АНЭУ улсуудад энэ тоо 60 гаруй хувьтай байгаа ажээ.

Уг үзүүлэлт нь дэлхийн аль ч улс орныхоос өндөр байгаа юм. “Муслим ертөнцийн орнууд боловсролд их хэмжээний хөрөнгө оруулдаг нь одоо үр дүнгээ өгөх гэж байна” хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы боловсрол, хүйсийн тэгш байдлын асуудал хариуцсан захирал Саадиа Захиди хэлжээ.

Түүний саяхан бичсэн “Fifty Million Rising” номонд муслим эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түүхийг өгүүлсэн юм.

Номонд бичсэнээр Өрнөдийн улс орнуудад эмэгтэйчүүдийн эрхлэх ажил хөдөлмөртэй холбоотой хэвшмэл ойлголт байдаг гэнэ. Тухайлбал толгой шаардсан ажилд эрэгтэйчүүд илүү гэх мэт. Гэтэл ийм ойлголт Муслим ертөнцөд огт байдаггүй ажээ.

Өөр нэг нөлөөлсөн хүчин зүйл нь эмэгтэйчүүдэд хандах нийгмийн хандлага гэнэ. Тухайлбал Скандинавын орнуудад эмэгтэйчүүдэд таатай орчин нөхцөлтэй тул бүсгүйчүүд илүү энгийн ажил мэргэжил сонгодог ажээ. Харин муслим улс орнуудад эмэгтэйчүүд саад бэрхшээл ихтэй, өндөр шалгууртай орчинд ажиллаж амьдрах шаардлагатай тулгардаг тул илүү толгой шаардсан, нарийн мэргэжил эзэмшихийг зорьдог байна.

Маккинзигийн “Women in the Workplace” судалгааны тайланд хэрвээ Ойрх Дорнодын орнууд ажиллах хүчний хүйсийн харьцаагаа тэгшилбэл эдийн засгийн бүтээмж нь 47 хувиар нэмэгдэнэ гэж тооцсон байдаг.

Гэтэл одоо Муслим ертөнцийн эмэгтэйчүүдийн дөнгөж 30 хувь нь ажил эрхэлж байгаа юм.

Онлайн орчинд алсаас ажиллах боломж сүүлийн үед нэмэгдэж байгаа нь удахгүй эдгээр орнуудын “нууц баялаг”-ийг нээнэ гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Quartz