Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп худалдааны дайн зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт амлаж байсанчлан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп импортын ган, хөнгөн цагаанд гаалийн татвар ноогдуулах шийдвэрт хэдхэн цагийн өмнө гарын үсэг зурлаа.

Ингэснээр дэлхийн улс орнуудаас АНУ-д нийлүүлэх ганд 25 хувийн, хөнгөн цагаанд 10 хувийн татвар төлөхөөр болж байна. Энэхүү шийдвэрт зөвхөн Канад, Мексик улсуудыг багтаалгүй орхижээ.

Сонгуулийн кампайны үеэр Трамп импортын металлд татвар тогтоох тухай ярьж байснаа ийнхүү биелүүлж байна. Цагаан ордны эх сурвалжуудын мэдээлснээр зарим холбоотнууд, тухайлбал Европын Холбоо, Австрали, Японыг энэ татвараас чөлөөлж магадгүй байгаа гэнэ.

АНУ-ын худалдааны хуульд байдаг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Шийдвэрийн зорилго нь Хятадын хямд үнэтэй металлаас дотоодын аж үйлдвэрээ хамгаалах зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна. Хятад улс хэдийгээр металлын том нийлүүлэгчид тооцогддоггүй ч өөр улсаар дамжин АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэж үздэг ажээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын гадаадын хэргийн сайд АНУ-ын гаргах гэж буй шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Гадаад хэргийн сайд Ван И “Худалдааны дайн бол буруу арга хэмжээ. Эцэст нь бүх талууд хохирох үр дүнтэй” гээд “Хятад улс шаардлагатай хариу арга хэмжээг авах нь гарцаагүй” гэж хэлжээ.

Өнгөрсөн онд Хятад улсын АНУ-тай хийсэн худалдаа $375.2 тэрбумын ашигтай гарсан. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хоорондын худалдааны зөрчил маргаан Трампыг ерөнхийлөгч болсон үеэс хойш өсөн нэмэгдэж байна.

Импортын ган, хөнгөн цагаанд татвар ноогдуулах шийдвэрээс АНУ-ын холбоотнууд чөлөөлөгдвөл хамгийн их хохирол амсах улсууд нь Хятадаас гадна Бразил, Өмнөд Африк болж байгаа юм.

Трампын шийдвэрийг зөвхөн гадаад улс орнууд эсэргүүцэхгүй байна. Бүгд Найрамдах Намын 100 гаруй хууль тогтоогч нэгдэж, шийдвэрээ эргэж харахыг уриалсан захидлыг АНУ-ын ерөнхийлөгчид илгээжээ. Тэд дээрх шийдвэрийг Америкийн эдийн засагт хортой алхам гэж үзсэн байна. Мөн Трампын эдийн засгийн ахлах зөвлөх Гэри Кон хоёр өдрийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн нь энэхүү шийдвэртэй санал нийлээгүйтэй холбоотой юм.

 

Эх сурвалж: AFP