Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Лонхонд хийсэн хамгийн эртний захиаг Австралийн эргээс олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Австралийн баруун эргээс 132 жилийн өмнө бичсэн захидалтай лонх олсон нь ийм төрлийн хамгийн хуучны олдворт тооцогдож байна.

Тэгш өнцөгт хэлбэртэй шилэн лонхыг эргийн элсэнд хагас булагдсан байсныг өнгөрсөн нэгдүгээр сард Перт хотоос хойш 160 км зайтай газраас хэсэг аялагчид олжээ.

Дотроос нь Герман хэл дээр бичигдсэн захидал олсныг тайлж унших, мөн 132 жилийн өмнөх захидал мөн болохыг тогтооход багагүй хугацаа зарцуулсны дүнд өчигдөр олон нийтэд танилцуулжээ.

Лонхтой захидлыг 1886 онд Энэтхэгийн далайд аялж явсан Германы далай судлаачид Австралийн баруун эргээс 950 км зайтай усанд хаясан болохыг түүхийн баримтаар тогтоосон байна. Тухайн үед Германчууд далайн усны урсгалын чиглэлийг судалж, хамгийн оновчтой усан замыг нээхийн тулд хэдэн мянган ийм лонхыг далайд хаясан гэнэ.

Захидал дээр уг лонхыг хэзээ, хаанаас олсон болохыг бөглөөд буцааж Герман руу шуудангаар илгээх заавар байжээ.

Лонхтой захиаг жинхэнэ болохыг Баруун Австралийн Музей, Германы Тэнгисийн болон Гидрографикийн Агентлаг, Үндэсний Цаг Уурын Албатай хамтран ажиллаж тогтоосон байна.

Үүнээс өмнө хамгийн эртний олдворт тооцогдож байсан лонхтой захиаг Германаас олж байсан юм. Уг захиаг Хойд тэнгист 1906 онд тэнгисийн биологичид мөн судалгааны зорилгоор хаясан байжээ. Хойд тэнгис нь Британий арал болон Скандинавын хойгийн дунд оршдог юм.

 

Эх сурвалж: AFP