Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Жон Уны нууц захидлыг дамжуулахаар Вашингтоныг зорино

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Ким Жон Ун, Чун Юй Ён нар Даваа гарагт уулзах үеэр

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх энэ долоо хоногт Вашингтоныг зорихоор болсныг Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.

Тэрээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны нууц захидлыг Цагаан ордонд дамжуулах гэнэ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Чун Юй Ён маргааш буюу Пүрэв гарагт хоёр өдрийн хугацаатай АНУ-ын нийслэлийг зорьж байгаа ажээ.

Тэр саяхан Хойд Солонгосын нийслэлд зочилсон Мүүн Жэ Иний тусгай элч нарын бүрэлдэхүүнд багтсан юм. Тусгай элч нар Ким Жон Унтай уулзаж, оройн зоогт уригдсан нь Өмнөд ба Хойд Солонгосын харилцаанд тохиолдож байгаагүй ховор үзэгдэл байсан.

Тусгай элч нарыг ахалсан Үндэсний Тагнуулын Газрын дарга Су Хүүн энэ удаа Чун Юй Ёныг мөн дагалдан Вашингтонд очихоор болжээ.

Энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагуудад үргэлжилсэн тэдний айлчлалын үр дүнд хоёр Солонгосын удирдагч нар ирэх сарын сүүлээр хилийн Панмунжём тосгонд нүүр тулан уулзахаар болсон юм.

Мөн Ким Жон Ун дэглэмд нь аюул учруулахгүй гэсэн баталгаа өгвөл цөмийн зэвсгээсээ татгалзах талаар АНУ-тай яриа хэлэлцээр эхлэхэд бэлэн гэдгээ тэднээр дамжуулан дэлхий нийтэд мэдэгдсэн байна.

АНУ-д зочилсныхоо дараа Чун Хятад, ОХУ-д, Су Хүүн Японд айлчилж Хойд Солонгостой хийсэн уулзалтын үр дүнг танилцуулахаар болжээ.

АНУ, Хятад, ОХУ, Япон улсууд нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэсэн зургаан талт хэлэлцээрт оролцогч талууд юм.

Эдгээр дөрвөн улс дээр хоёр Солонгос нэмэгддэг зургаан талт хэлэлцээр 2008 оноос эхлэн зогсонги байдалд ороод байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times