Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль залуусын дийлэнх нь эх орноосоо бүрмөсөн явах хүсэлтэй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Gallup компанийн явуулсан саяхны судалгаагаар эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэль улсын иргэдийн ихэнх хэсэг эх орноосоо бүрмөсөн дүрвэх хүсэлтэй байгаа нь харагджээ.

Нэгэн үе Латин Америкийн хамгийн баян оронд тооцогддог байсан Венесуэлийн эдийн засаг өнөөдөр дэлхийн хаана ч байхгүй гүн хямралд унаад байна. ОУВС-ын гаргасан тооцооллоор тус улсын инфляц энэ онд 13,000 хувь хүрч, эдийн засаг нь 15 хувиар агшихаар байгаа юм.

Судалгаанд оролцсон 15-29 насны залуусын 53 хувь нь эх орноосоо бүрмөсөн явах хүсэлтэй гэж хариулжээ. Өөр нэг санаа зовоосон үзүүлэлт нь иргэдийн дундах өлсгөлөнгий байдал. 2015 онд буюу нөхцөл байдал өнөөдрийнхөөс хамаагүй сайн байхад Венесуэльчуудын 45 орчим хувь нь хангалттай хоол хүнс олж чадахгүй байгаагаа илэрхийлж байв. Тэгвэл энэ хэмжээ өнөөдөр 79 хувь болон нэмэгджээ.

Залуус зөвхөн гадагшаа дүрвэх нисэх онгоцны зардал олохын тулд л Венесуэльд амьдарч байгаагаа илэрхийлсэн байна.

Венесуэльчуудын хувьд гадагшаа дүрвэх нэг ба хоёрдугаар гол чиглэл нь хөрш Колумби, Бразил улсууд болоод байгаа гэнэ. Гэвч эдгээр улсууд дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахын тулд хилийн хамгаалалтаа чангатгаж эхлээд байна.

Гурав дахь гол чиглэл нь Чили улс болжээ.  Чили рүү дүрвэх цорын ганц зам нь агаарын тээвэр болоод байгаа тул залуус зөвхөн замын зардлаа олохын тулд бүх аргаа сүвэгчилж байгаа гэнэ.

30-аас 54 насны Венесуэльчуудын гуравны нэг нь эх орноосоо үүрд явах хүсэлтэй байгаа бол 55-аас дээш насныхны дунд энэ хэмжээ 25 хувь орчим байгаа нь судалгаанаасаа харагджээ.

2013 онд өмнөх ерөнхийлөгч Хьюго Чавез нас барсны дараа Венесуэлийн ард иргэдийн гадаад улсууд руу чиглэсэн урсгал нэмэгдэж эхэлсэн юм. 2014 он хүртэл тэдний 15 хувь нь л эх орноосоо явах хүслээ илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian