Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхзул: Гурван тэрбумын босгыг өсгөх шаардлага бий

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2018 оны 3 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

“Бизнес, хөгжил” буланд МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүн, “Жүр үр” компанийн дэд захирал Б.Мөнхзулыг урилаа.

-Манай улсад бизнесийн салбар хөгжөөд 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд гарсан өөрчлөлтүүд, тэр дундаа бизнест тулгамдсан асуудал нь татварын орчин гэдэг. Та юу гэж үзэж байна?

-Монгол Улс зах зээлд шилжээд 28 жил болсон. Хэрэв хүнтэй зүйрлэвэл, амьдралын хэв маяг нь тогтох тийшээ хандаж байгаа үе гэсэн үг. Тэгэхээр манай улсын компаниуд энэ цаг хугацааг давж ямар төв­шинд хүрэх эсэхээ тодорхойлчихсон байна.

Зарим компани аль хэдийнээ дэлхийн тавцанд гарч чадсан нь бидний амжилт гэж боддог. Бизнесийн орчныг нь харвал, өөр дүр зураг харагдах байх. Бусад орны жишгээс харахад тухайн улсын төр бизнесээ хэрхэн дэмжих вэ гэдгээ тодорхой болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, улсын хөгжил, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд бизнесийнхэн болоод үйлдвэрлэгчдийн оролцоо тун чухал. Үүний тулд төр нь бизнестэй хэт хутгалдахгүй байхын зэрэгцээ бодлогын төвшинд боломж олгодог байх хэрэгтэй юм.

Түүнчлэн дэмжлэг үзүүлдэг, зөвлөгөө өгдөг, шаардлага тавьдаг байх нь төрийн оролцоонд тооцогдоно. Манай улсын хувьд бизнесийн орчин нь дундаж төвшинд байгаа гэж болно. Татварын хувь хэмжээ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй бага. Гэхдээ татвар төлөлтийн системийг сайжруулах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, бүхий л аж ахуйн нэгж нэгэн жигд татвараа төлдөг байх ёстой. Гэтэл үйл ажиллагаа нь тогтворжсон, олонд танил болсон компаниуд татвараа хэвийн төлдөг бол зарим аж ахуйн нэгж ямар нэг хуулийн цоорхойг ашиглан хойш суудаг нь нийт татвар төлөгчдөд ачаалал үүсгээд байгаа санагддаг.

-Бусад оронтой харьцуулахад татварын хувь хэмжээ бага байгаа ч тодорхой дэмжлэг, урамшуулал дутагдаж байгааг дийлэнх бизнес эрхлэгч хэлдэг. Тухайлбал, гарааны бизнесийнхэнд татварын хөнгөлөлт үзүүлдэг байх нь тухайн бизнесийг хөгжүүлэх хөшүүрэг болно гэдэг шүү дээ?

-Татварын хуулийн шинэчилсэн найруулгаар олон зүйлийг өөрчлөх боломжтой. Зарим шинэчлэл нь маш зөв тусгагдсан нь сайшаалтай. Жишээлбэл, жилдээ 50 сая хүртэл төгрөгийн орлоготой бол  нэг хувь буюу жилдээ 500 мянган төгрөгийн татвар төлөх бөгөөд сардаа 40-50 мянган төгрөг төлнө гэсэн үг. Энэ нөхцөл бичил болон гарааны бизнес эрхлэгчид маш таатай татварын орчин бүрдэж байна.

Түүнчлэн 1.5 тэрбум хүртэл татварын орлогод нэг хувийн татвар ногдуулахаар заасан нь жижиг аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Мөн гурван тэрбум хүртэлх орлогод 10 хувь, түүнээс давбал 25 хувийн татвар ногдуулахаар заасан. Ер нь гурван тэрбумын босго тогтоосон нь бага санагдаж байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Яагаад гэвэл, дунд болон дунджаас өсөж байгаа компанийн орлого гурван тэрбумын босгыг давах боломжтой.

Гэтэл тэдгээр аж ахуйн нэгж 25 хувийн татвар төлөх нь хүндрэл учруулж байгаа болохоор олон компани болгон хүчээ тарамдуулах  зэрэг хүндрэлүүдтэй тулгарч эхэлдэг. Татварын энэ босго 10 гаруй жил мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар буурсан зэргийг харгалзан үзэж гурван тэрбумын босгыг нэмэгдүүлэх шаардлагатай гээд байгаа юм.

-Хүн амын орлогын албан татварт шатлал тогтоох нь буруу гээд ярьж байсныг тань санаж байна. Үүнийг тайлбарлана уу?

-Шинэ хуулийн төслөөр ХАОАТ дээр ямар цалинтай хүнээс хэдэн хувийн татвар  авах вэ гэдгийг зааж өгсөн байна. Тухайлбал, жилд гурван сая төгрөгөөс дээш цалинтай хүн татварын хөнгөлөлт эдлэхгүй гэсэн байгаа юм. Энэ нь шударга биш гэж бодож байна. Яагаад гэвэл ХАОАТ нь цалин авч байгаа бүх хүнд хамаатай. Гэтэл зарим хэсэгт нь хөнгөлөлт үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг төрөөс гаргаж болохгүй.

Харин ч энэ хөнгөлөлтөө одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлэх нь зөв байх. ХАОАТ-ын тухай хууль анх батлагдах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 70 мянган төгрөг байсан. Түүнээс хойш энэ хэмжээ өссөөр одоо 240 мянган төгрөг болсон байгаа. Гэтэл хөнгөлөлт нь 7,000 төгрөг л байдаг. Үүнийгээ өсгөх хэрэгтэй юм. Ер нь хамгийн бага цалингийн хэмжээг тогтоож байгаа нь тухайн хүн амьдралын наад захын хэрэглээгээ залгуулахад хүрэлцэхүйц байх төвшнийг тодорхойлсон гэсэн үг юм шүү дээ.

Түүнээс цалин авч байгаа бол ХАОАТ-аа төлөөд явах нь зайлшгүй. 240 мянга хүртэлх орлогод татвар ногдуулахгүй. Харин түүнээс давбал 10 хувийн татвараа авна. Жишээлбэл, 500 мянган төгрөгийн цалинтай хүний 240 мянгад татвар ногдуулахгүй бөгөөд үлдсэн 260 мянгаас 10 хувиа авна гэсэн үг.

-Бизнесийнхэнд тулгамддаг бас нэг асуудал нь боловсон хүчний хомсдол гэдэг. Сүүлийн үед ажлын ачаалал даахгүй, чадамжгүй дээд боловсролын дипломтой хүмүүсийн тоо өссөөр байна гэдэг шүүмжлэл бий?

-Түүхэн хөгжил гэж хардаг. Социалист нийгмийн үед аав, ээжүүд хүүхдүүдээ дээд боловсролтой болгох юмсан гэдэг байсан. Үүнд дөрөөлөн их, дээд сургууль ч олноор бий болсон. Магадгүй тухайн цаг үед зөв шийдвэр байж болох ч зах зээлийн нийгэмд хэн чадвартай нь илүү амьдрах боломжтой гэдгийг ухамсарлах хэрэгтэй болов уу.

Яагаад гэвэл, орчин үед бүтээн байгуулалтыг гардаж хийдэг мэргэжилтэй боловсон хүчин илүү үнэ, цэнтэй байна шүү дээ. Тэгэхээр нийгмээ дагаж хөгжих нь боловсролын салбарын бодлогод шууд хамаатай асуудал юм болов уу гэж хардаг. Жишээлбэл, маш сайн гутал засдаг, юм оёдог, үс засдаг хүн өөрийн амьжиргаагаа элбэг аваад явчхаж байна. Түүндээ сэтгэл хангалуун явж байгаа хүмүүс олон бий.

Тэгэхээр ажлын байр олдох эсэхийг мэдэхгүйгээр өч, төчнөөн хөрөнгө зарцуулж дээд боловсролын дипломын төлөө сурах нь хэр зөв шийдвэр байх вэ гэдгийг хувь хүн өөрөө тунгаан бодох хэрэгтэй. Манай улс хүн ам цөөтэйгийн хэрээр ажиллах хүчний хомсдол үүсдэг. Томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийхээр болбол гаднаас ажиллах хүчин импортлох зайлшгүй шаардлага тулгарах байх. Гэтэл ид хийж бүтээх насны залуусаа гадаад руу хөдөлмөр зуучлалаар ажиллах хүч болгон гаргаж байгаа нь хэр зөв бодлого байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Гадаад руу ажиллахаар явж байгаа шалтгаанаа өндөр цалин авах боломжтой гэдгээр тайлбарладаг шүү дээ?

-Зах зээлийн жамаар зохицуулагдаж байгааг ойлгох учиртай. Хэрэв тухайн ажилтан ур чадвартай, ажлын бүтээмж нь өндөр, тууштай ажиллаж чадвал өндөр цалин авах бүрэн боломжтой. Мэдээж аж ахуйн нэгж өөрийн олсон орлоготойгоо уялдуулан цалингийн хэмжээг тогтооно. Нөгөөтээгүүр манай улсын зах зээл нь хязгаарлагдмал учраас хамгийн өндөр цалинг шууд өгнө гэдэг амаргүй. Гэвч компанийн удирдлагууд тухайн ажил мэргэжил дээрээ сайн боловсон хүчиндээ өндөр цалин өгөхөд бэлэн.

Бас өндөр цалин өгч чадах ажил олгогч олон бий гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн гадаадад ажилласан эрч хүчээрээ эх орондоо ажилладаггүй гэм бий. Харин ч бүр хойргошуу байхын зэрэгцээ өндөр цалин авах тухай ярих нь элбэг. Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин авдаг систем зах зээлийн нийгэмд үйлчилдэг шүү дээ. Тиймээс залуус өөрсдийгөө дайчилж ажиллах дадалд суралцах хэрэгтэй юм болов уу гэж хардаг.

Зураг