Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Халиунаа: Бид хотын өнгө төрхийг тодорхойлогчид

ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Австрали улсад аялал жуулчлал, зочид буудлын менежмент, загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж төгссөн Б.Халиунаа одоо барилгын салбарт 28 жил тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Жигүүр гранд” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүний хувьд барилгын талбар дээр инженер, мэргэжилтнүүдтэйгээ нүүр тулж ажиллан, асуудлыг дор бүр нь шийдвэрлэж, барилгын чанарыг чухалчилдаг бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан маркетинг, менежментийн бодлогыг хэрэгжүүлж байна.


- Таны эзэмшсэн мэдлэг, боловсрол барилгын салбарт ажиллахад хэр дөхөм байна? Та анх компанидаа менежерээр ажилд орж, хоёр жилийн дараа гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Энэ хугацаанд хэр бэлтгэгдсэн бэ?

- Намайг Австралид сурахаар явах тэр үед манай гэр бүл зочид буудал болон барилгын салбарт бизнес эрхэлдэг байлаа.

Тиймээс би эхлээд зочид буудлын менежментээр суралцах хэрэгтэй болсон. Харин үргэлжлүүлээд өөрийн сонирхлын дагуу дизайны чиглэлээр суралцсан л даа. Дизайнер хүн асар өндөр мэдрэмжтэй, аливаа юмс, өнгөний зохицлыг ойлгож, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах чадварт суралцдаг. Энэ бүхэн надад барилгын салбарт ажиллахад маш дөхөм болж байна. Намайг “Жигүүр гранд” группийн гүйцэтгэх захирлаар томилсон нь аавын минь надад өгсөн итгэл. Яг үнэндээ би 2012 онд энэ албан тушаалд томилогдохдоо туршлага, мэдлэгийн хувьд дутуу дулимаг байлаа. Энэ 5 жилийн дотор багагүй туршлага хуримтлууллаа. Одоо бол гүйцэтгэх захирлын түвшинд иржээ гэж боддог. Гэхдээ мэдээж суралцах зүйл маш их байна.

- Захирал болсон даруйдаа ямар төслийг гардан хариуцав?

- Тухайн үед манай групп “Гэгээнтэн” орон сууц, оффис, үйлчилгээний цогцолбор төвийн төслөө эхлүүлээд байлаа. Барилгын зураг нь хэдийнэ гарч, ажлаа эхэлж байсан “Гэгээнтэн цогцолбор”-ын суурийг цутгахаас барилга сүндэрлэж, бүрэн дуусах хүртэл аав надад бүхнийг биечлэн заасан нь надад маш том практик болж, барилга барина гэдгийг бодитоор мэдэрсэн юм.

- Том төсөлд орж ажилласан хүний хувьд ямар сургамж авсан бол?

- 2012 он бол барилгын салбар маш тогтвортой, борлуулалт өндөр байсан жил. Харин одоо бол эсрэгээрээ эдийн засаг тогтворгүй, борлуулалт удаашралтай, валютын ханш өндөр байна.

Бид барилгын ихэнх түүхий эд, материалыг гаднаас оруулж ирдэг болохоор барилгын өртөг жилээс жилд өссөөр байна. 2013, 2014 онуудад эдийн засаг суларч, долларын ханш өсөж, барилгын борлуулалт бага багаар буурч байх тэр үед бид “Гэгээнтэн” цогцолбороо ашиглалтад оруулсан.

Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд арилжааны банк, харилцагчтай гурвалсан гэрээ байгуулж, орон сууц авах хүсэлтэй иргэдийн барьцаа хөрөнгийг манай компани гаргаж, ипотекийн зээл авах боломж олгосон. Энэ нь маш оновчтой шийдэл болж, “Гэгээнтэн” цогцолборын борлуулалтад маш сайн дэмжлэг болсон гэж боддог. Тиймээс аливаа тулгарсан бэрхшээлд сөхөгдөхийн оронд маш хурдтай сэтгэж, гарц олсноор байдал аяндаа дээрддэг гэдгийг ойлгосон доо.

- Барилгын салбар эмэгтэй хүнд ахадна, барилгын мэргэжлийн бус хүн энэ компанийг сайн удирдаж чадахгүй гэвэл та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

- Би багаасаа барилгатай их ойр өссөн учраас энэ салбартаа маш их хайртай. Хэдийгээр мэргэжлийн инженер биш ч гэсэн би өөрийгөө барилгачин болсон гэж боддог.

Эмэгтэй хүн, мэргэжлийн бус хүн байлаа гээд энэ ажлыг хийж чадахгүй гэсэн үг биш. Хүн намайг юу гэж бодох, хэлэх нь надад тийм ч чухал биш. Учир нь хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ эзэн, үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай компанийн захирал хүн 5, 10 жилийн дараа компаниа ямар түвшинд очих, ямар барилга барих вэ гэдгээ урьдчилан харж, тооцоолж чаддаг л байх хэрэгтэй. Миний бодлоор Монголд танил талтай бол ажил бүтдэг юм шиг санагддаг. “Танилтай бол талын чинээ”, “танилын нүүр халуун” ч гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд хүнээс гуйж ажлаа бүтээхийг хүсдэггүй. Үүнийгээ сул талаа ч гэж бодохгүй байна.

“Сөүл” группийн захирал Д.Өнөрболороос эхлээд барилгын салбарт амжилттай яваа олон эмэгтэй байна. Надад эмэгтэй байлаа гээд хэцүү, бэрхшээлтэй гэхээсээ илүү олон давуу тал ажиглагддаг. Барилгынхны хуралд оролцож, байр сууриа илэрхийлэхэд эмэгтэй хүн энэ салбарыг юу гэж харж байгаа нь хүмүүст их сонирхолтой санагдаж, биднийг анхааралтай сонсдог.

Цаашид Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг чимсэн
олон чанартай барилга барихыг хүсч байна

- Та өөрийгөө барилгачин болсон гэж хэллээ. Барилгачин Халиунаагийн мөрөөдөл юу вэ? Мөрөөдлөө бодит биелэл болгох боломж хэр байна?

- Би хотоос зайдуу “Hollywood hills” шиг хаус, орон сууцны хороолол барихыг мөрөөддөг. Одоо барьж буй хаусууд тэрбум, тэрбумаар үнэлэгдэж байна.

Миний барих хаус бол бүгд үнэтэй гэхээсээ илүү амжиргааны түвшин бага, дунд орлоготой иргэд ч амьдардаг, уул руугаа дээшлэх тусам элит давхаргынхан амьдардаг хаус хороолол байгуулахыг хүсдэг. Сургууль, цэцэрлэг гээд нийгмийн үйлчилгээ ойр, бүх хүний эрэлт хэрэгцээнд нийцсэн, агаарын бохирдол бага, үзэсгэлэнт байгальд амар тайван, аюулгүй, таатай амьдрах нөхцөлийг бүрэн хангаж чадсан тийм л хаус, орон сууцны хороолол барихыг мөрөөддөг дөө. Монгол орон маш үзэсгэлэнтэй. Мэдээж юуны өмнө маш сайн судалгаа хийж, зөв төлөвлөх хэрэгтэй.

Ер нь аливаа барилгыг энд манай улсын ирээдүй, хойч болсон бяцхан хүүхдүүд, эх орондоо ихийг хийж бүтээж яваа залуус, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан буянтай буурлууд минь амьдарна шүү дээ гэсэн чин сэтгэлээр барих хэрэгтэй гэж би боддог.

“Hollywood hills” буюу Холливудын толгод нь Санта Моника уулсын нэг хэсэг бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын төв хэсэгт байдаг ижил нэртэй уулын хажуугийн хороолол юм. 2000 оны тооллогоор энэхүү 7,05 хавтгай дөрвөлжин км бүс нутагт нийт 21588 оршин суугчтай бөгөөд Бен Аффлек, Кристина Агилера, Холли Берри, Кевин Костнер, Бритни Спийрс зэрэг алдартнуудаас эхлээд эгэл жирийн америкчууд амьдарч байна.

- “Жигүүр гранд” группийн алсын хараа юу вэ?

- Өнгөрсөн 28 жилд манай компанийн үйл ажиллагаа өргөжин, 1200 ажилтантай болж, найман салбарт бизнес эрхэлж байна. Эдгээр салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлж, тухайн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэн, илүү эко, илүү чанартай, илүү хэмнэлттэй, илүү хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээ нэвтрүүлэх нь манай компанийн гол зорилго, алсын хараа юм.

- “Жигүүр гранд” группийн хэрэгжүүлж байгаа төслүүд юугаараа ялгарах вэ? Яг одоо ямар төсөл хэрэгжүүлж байна?

- Манай худалдан авагчдын 60-70 хувь нь иргэн худалдан авагч байдаг. Тиймээс бидний барьсан орон сууцанд хүмүүс гэр бүлээрээ амьдарна гэж бодоод чанарыг ихэд чухалчилдаг.

Ашиглаж байгаа түүхий эддээ үйлдвэрийн баталгаа гаргуулж, хүний эрүүл мэндэд хоргүй материалаар барилгаа барьж байна. Барилгын метр квадратын үнэ буурах ёстой гэж үзэх хүмүүс бий. Үнэндээ бол үнэ буурах тусам барилгын чанар муудна шүү дээ. Бид барилгыг чанар, өнгө үзэмжтэй барихын тулд маш олон төрлийн түүхий эд, материалыг гаднаас оруулж ирдэг. Үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсын хувьд ингэхээс ч өөр аргагүй байна. Гэтэл жил ирэх тусам валютын ханш чангарч байна. Энэ нөхцөлд орон сууц, барилгын үнэ буурах боломж тун хомс гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг одоо бид “Park view” төслийг хэрэгжүүлж байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хойморт барьж буй манай хотхоныг шинэ, залуу гэр бүлүүд түлхүү худалдан авч байна.

Мөн хүүхдүүд нь аав, ээждээ авч өгч байна. Учир нь зам гараад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”- гээр аялж, зугаалах, салхилах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой юм. Аль ч улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, түүний эргэн тойрон барилга, үл хөдлөх хөрөнгүүд маш үнэ цэнэтэй байдаг.

- Барилгын салбарын онцлогийг та юу гэж тодорхойлох вэ? Энэ салбарт “Жигүүр гранд” группийн оруулсан хамгийн том хувь нэмэр гэвэл?

- Би энэ салбартаа амжилттай ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон, компаниудаараа мөн ааваараа маш их бахархдаг.

“Жигүүр гранд” групп барилгын салбарт маш том хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Учир нь манай компани арван жилийн сургуулиа төгсөж чадаагүй залуучуудад барилгын мэргэжил олгох сургалтын төв нээн сургаж, мэргэжлийн үнэмлэх олгон, ажлын байраар хангаж байна. Өнөөдрийн байдлаар 5000-7000 хүнийг барилгын салбарт сурган, маш чадвартай боловсон хүчин болгож, тэдгээр мэргэжилтнүүд маань одоо барилгын салбартаа ажиллаж байна. Тиймээс “Жигүүр гранд” групп бол барилгын салбартаа яалт ч үгүй анхдагч нь байж, үндэсний шилдэг бүтээн байгуулагч компани байсаар байна. 

Эх сурвалж: hiub.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.