Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс 2018 онд эдийн засгаа 6.5 хувиар өсгөхөөр тогтлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Бүх Хятадын Ардын Их Хурлын ээлжит чуулган эхэлж, 2018 онд улс орны эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Чуулганы үеэр ерөнхий сайд Ли Кэчянь 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэх төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ зорилт нь 2017 оныхоос арай бага боловч хэрвээ биелвэл дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болох юм.

Жил бүрийн хаврын чуулган нь хоёр долоо хоног үргэлжлэхдээ хууль тогтоохоос илүүтэй голдуу эдийн засгийн төлөвлөгөө, шинэ санаачилгуудыг хэлэлцэж баталдаг.

Энэ чуулганаар бас БНХАУ-ын ерөнхийлөгчийн дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг цуцлах үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм.

Саяхан Хятадын Коммунист Нам тус улсын төрийн тэргүүнийг хоёроос дээш удаа дахин сонгогдохыг хязгаарласан заалтыг үндсэн хуулиас хасах санал гаргасан. Үүнээс болоод Хятадын дотоодод болон хилийн чанадад олон хүн Ши Жиньпинийг “насан туршийн удирдагч” болохоос болгоомжилж байгаа юм.

Одоо 64 настай Ши Жиньпин 2012 онд БНХАУ-ын ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаатай сонгогдож, өнгөрсөн оны сүүлээр дахин таван жилээр үргэлжлэн ажиллахаар сонгогджээ. Үндсэн хуулиар бол тэр 2023 онд албан тушаалаа дараагийн хүнд шилжүүлэх ёстой.

Одоогийн үндсэн хуулинд дахин сонгогдох хязгаарыг 1982 онд Дэн Сяопиний саналаар оруулж байжээ. Энэ нь 1966-1976 онд соёлын хувьсгал хийж, Хятад орныг туйлдуулсан Мао Зэдуных шиг урт удаан засаглалыг дахин бий болгохгүй байх зорилготой байв.

 

Эх сурвалж: Asahi Shimbun