Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жавхланболд: "Бид гэрээнийхээ нөхцөлөөс чөлөөлөгдлөө" гэж зарлаад, Оюутолгойн 34 хувиа зарчих хэрэгтэй

Д.Мягмардорж
2018 оны 3 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

Эрдэс баялгийн шинжээч Д.Жавхланболдтой ярилцлаа.

-Уул уурхайн яаманд газрын даргаар ажиллаж байсныг тань мэднэ. Таны хувьд тэр болгон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөөд байдаггүй. Тиймээс уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Анх 1998 онд Ашигт малтмалын газраас ажлынхаа гарааг эхлүүлсэн. Нидерландад магистрын зэрэг хамгаалж ирээд 2005 оноос Ашигт малтмалын газарт үргэлжлүүлэн ажилласан. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн нарийн бичиг, 2012 оноос Уул уурхайн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2016 оноос НҮБ-ын Уул уурхайн салбарын байгаль орчны засаглал төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байна.

-Уул уурхайн салбарт 20 жил ажиллажээ. Таны хамтран ажиллаж байсан баг бүрэлдэхүүн Монголын газрын хэвлий дэх баялгийг тэгш хуваарилах асуудал, тэр дундаа стратегийн гэх ордуудыг төрийн мэдэлд авах ажлыг эхлүүлсэн гэж үздэг юм билээ. Тухайн үед уул уурхайн салбарт ямар үйл явц өрнөж байв. 2000 он гарснаар гэж тодотгох нь зөв байх?

-Одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд 2004 оны арванхоёрдугаар сард ашигт малтмалын асуудал эрхэлсэн агентлагийн даргаар томилогдсон байдаг. Миний бие магистр хамгаалж ирээд байсан үе л дээ. Ашигт малтмапын тусгай зөвшөөрөл олголт гаарсны хэрээр нэг хүн, нэг компани хэт олон лиценз эзэмших явдал газар аваад байсан үе. Мөн 2002 онд Оюутолгойн бүлэг ордыг нээн илрүүлсэнтэй холбогдуулаад дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Монголд газардаад байсан үе гэж тодорхойлж болох юм. “Rio tinto”, “Vale”, "ВНР” гэх мэт дэлхийд тэргүүлэх уул уурхайн компаниуд бүгд ороод ирчихсэн байлаа.

Дэлхийн акулууд Монголыг сонирхохын хэрээр дотоодын компаниуд ч их хэмжээний лиценз эзэмшчихсэн, зарим нь лицензийн эрэлд мордож эхэлсэн үе байсан. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал нь өөрөө ямар нэг хязгааргүй, хувь хүн, хуулийн этгээд хэдэн ч тусгай зөвшөөрөл буюу лиценз эзэмших бүрэн боломжтой байдлаар журамлагдсан байсан. Үүний нөлөөгөөр томоохон гэж болох компаниудын олонх нь 100 гаруй лицензтэй болсон.

“Адамс майнинг”, “Тефис майнинг”, “Бату майнинг”, “Дацан трейд’’, “Алтан дорнод” зэрэг маш олон тооны компани 100-гаас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Жижиг компаниудын хувьд ч лиценз эзэмших сонирхол давамгайлах болсон. Үүнээс улбаалаад Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 30 хувийг хайгуулын болон ашиглалтын лицензтэй талбай эзэлсэн. Ингэж лиценз олголтыг хавтгайруулахыг Лу.Болд даргын зүгээс нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэн хязгаарлах санал гаргаж, зохицуулах хуулийн төслийг 2005 онд санаачилсан.

-Лицензийн наймаа гаарсан үе байжээ. Лицензийн наймааг 2005 онд санаачилсан хуулийн төслөөр зохицуулж чадсан уу?

-Монголын ард түмний баялгийг лиценз нэрээр авч дардаг, зарж үрэх зэргээр наймааны хэрэгсэл болгох тохиолдол асар их байсан л даа. Энэ байдлыг харгалзан үзээд, Ашигт малтмалын газар дээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, тухайн үеийн Үйлдвэр худалдааны яаманд хүргүүлсэн. Үйлдвэр худалдааны сайдаар Сү.Батболд ажиллаж байсан юм. Сү.Батболд сайд ажлын хэсгийг өргөтгөж Ч.Хурц, С.Авирмэд гуай, Н.Алгаа, А.Готовсүрэн, Тамир бид нар хуулийн төсөл дээр ажилласан.

Хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь байгалийн баялгийн тэгш шударга хуваарилалт, түүнийг ард түмэнд ашигтайгаар хүртээх, улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлсэн ашигт малтмалын ордуудыг үнэд хүргэх замаар зөв зохистой ашиглах байсан. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүний цаана ард түмний язгуур эрх ашгийг дээдлэх чиг барьж асуудлаа оруулсан. 2006 оны долоодугаар сарын 10-нд батлагдсанаас хойш одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн төслийн анхны гол үзэл санаа энэ байсан юм.

-“Стратегийн орд” гэх нэр томьёо энэ үеэс гарсан байх аа?

-Тийм гэж хэлж болох юм. Гэхдээ анхны хуулийн төсөл дээр стратегийн ашигт малтмалын орд биш стратегийн ашигт малтмал гэж тусгаж оруулсан. УИХ-ын төвшинд хэлэлцэх явцдаа стратегийн ашигт малтмалын орд болгон өөрчилж, явцууруулаад баталчихсан. Энэ нь өөрөө стратегийн орд шинээр бий болох нөхцөлийг хааж, хязгаарласан хуулийн заалт болчихсон.

-Хууль батлагдсанаар уул уурхайн салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Тусгай зөвшөөрөл эзэмшиж, дараад суудаг байсан нөхцөлийг хязгаарласан. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэдэг зүйлийг бий болгосноор тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ажил явуулж байхаар хуульчилж өгсөн юм. Хэрэв тодорхой хэмжээний хөрөнгө оруулаагүй, ажил хийхгүй бол улс лицензийг нь цуцлах заалтыг оруулснаар тусгай зөвшөөрлийн тоо эрс буурсан.

Тухайн үеийн статистик мэдээллээр, тусгай зөвшөөрлийн тоо хамгийн оргилдоо 2004 онд 6,000, 2005 онд 7,800-д хүрч байсан. Хууль батлагдаад, 2006 онд шинэчилсэн бүртгэл хийхэд 5,000 гаруй тусгай зөвшөөрөл бүртгүүлсэн байдаг. Хууль өөрчлөгдөхөд, 3,000 орчим лиценз автоматаар байхгүй болсон гэсэн үг. Нэг хүн, нэг хуулийн этгээд 100 гаруй лиценз эзэмших ойлголт үндсэндээ арилсан. Мөн стратегийн 15 ордыг хуулиар тогтоосон юм.

-Тухайн үед стратегийн тодотголтой 15 ордын хэд нь төрийн мэдэлд байсан бэ?

-Өмч хувьчлал, тухайн үеийн төрийн өмчит компаниудын удирдлагын мэдлэг чадвар, буруутай үйл ажиллагаанаас болоод олонх нь тусгай зөвшөөрлөө хувийн компаниудад алдчихсан байсан. Эдгээрийг буцааж татах том ажил хуулийн шинэчлэлийн хүрээнд эхэлсэн. Ашигт малтмалын газраас миний бие болон уул уурхайн газрын дарга, кадастрын газрын даргыг оруулсан ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг Тавантолгой, Багануур, Шивээ-Овоогийн нүүрс, Асгатын мөнгө, Эрдэнэтийн ордыг тойрсон эрлийн талбайнууд, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын тусгай зөвшөөрлийг буцааж улсын мэдэлд авах хэлэлцээрийг хийсэн. Тавантолгойн асуудлаар “Энержи ресурс”, Шивээ-Овоод “Шинэ шивээ”, Багануур дээр “Алтайн гянт” гэх мэт компаниудтай хэлэлцээр хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрлүүдийг нь төрийн өмчит компаниудад буцаан авч өгсөн.

Төмөртэйг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т, Асгатыг “Монголросцветмет-д, Шивээ-Овоогийн тусгай зөвшөөрлийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж үйлдвэрлэлийн зэргээр нөөц тогтоосон хэсгээр өргөтгөж “Шивээ-овоо” төрийн өмчит компанид, Багануурыг мөн адил “Багануур” хувьцаат компанид авч өгсөн. Тавантолгойн хувьд Ухаа худгаас бусдыг нь төр мэдэлдээ авсан шүү дээ. Одоо эргээд харахад, энэ бүх ажлыг амжуулж байжээ.

-Харин одоо эргээд харахад, төрд үлдэж байгаа нь цөөн бололтой?

-Зарим төрийн өмчит компаниудын удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан стратегийн ордууд буцаад нэр бүхий компаниудын мэдэлд шилжих асуудал шүүхийн шатанд гараад байгаа юм билээ. Багануурын ордын асуудлаар жишээлэхэд л “Алтайн гянт” компанид буцаагаад алдаж байх шиг байна.

Энэ бол 2011, 2012 оноос эхтэй үйл явдал. 2016 онд шүүхэд дахиж хандаж өөрт ашигтайгаар шийдвэрлүүлсэн байна лээ. Бид өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлсэн Багануурын ордыг Багануур хувьцаат компанид авч өгсөн шүү дээ. Тус компанийн үе үеийн удирдлагуудын л муугаас болж байгаа хэрэг.

-Асгат, Төмөртэй, Багануур тэргүүтэй таны дурдсан томоохон ордуудын бараг бүгдийнх нь асуудал шүүхийн шатанд явж байгаа. Зарим нь эцэслэгдээд өнөөдөр ч улс төрийн халуун сэдэв хэвээр байна. Ер нь ямар үйл явц өрнөсөн болоод энэ олон лиценз буцаад нөгөө хэдэн компанийн халаасанд орох болчхов. Та энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд хэрхэн харж байна даа?

-Эцэслэгдсэн гэж хэлж болохгүй л дээ.

Хэд хэдэн ордын эзэмшлийн талаарх маргаан шүүхийн шатанд яваа гэсэн. Төрийн өмчит компаниудыг удирдаж байгаа менежерүүдийн л алдаа шүү дээ. Нөгөө талаар “Багануур”, “Шивээ-Овоо” гэх мэт төрийн өмчит компанийн тодорхой хувийг хувь иргэд эзэмшдэг. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ байгаа юу гэвэл, байгаа.

Тэнд төрийн эзэмшил хэдэн хувь байхыг Засгийн газар, Төрийн өмчийн хороо тогтоодог. Намайг ажиллаж байхад төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал огт хөндөгдөөгүй. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлсэн ашигт малтмалын ордуудад төрийн эзэмшил хэдэн хувь байх гэдэг бол Засгийн газар, Төрийн өмчийн хороо өөрийн бодлогоороо шийдэж байх асуудал.

-Та түрүүнд “Стратегийн ашигт малтмалын орд” гэж нэр заан хуульчлах, “Стратегийн ашигт малтмал” гэж ерөнхийд хамруулан хуульчлах хоёрын ялгааг цухас дурдсан. Үүнийг жоохон дэлгэрүүлж болох уу?

-Дэлхийн жишигт “Стратегийн ашигт малтмал” гэж байдгаас “Стратегийн ашигт малтмалын орд” гэсэн ухагдахуун байдаггүй. ОХУ гэхэд л алмаз, алт, газрын тос, байгалийн хийгээ стратегийн ашигт малтмал гэж үздэг. Эдгээр нь тус улсын стратегийн ашигт малтмал учраас өндөр босго тавьдаг. Төр нь өөрийн хувь эзэмшлээ түлхүү тавих, гадаадын компанид олборлуулахгүй байх бодлого барих жишээний. БНХАУ ч ялгаагүй.

Мөн зарим улсын нэг муж нь стратегийн ашигт малтмалаа тусгайлан зааж өгсөн байдаг. Канадын Альберта муж нүүрсээ стратегийн ашигт малтмал гэж үздэг. Маш хүйтэн учраас дэд бүтцийн салбар нь бүхэлдээ нүүрснээс хараат байдаг. Энэ мэтээр тухайн улсын онцлогоос хамаарч чухал гэж үзсэн ашигт малтмалын төрлөө “стратегийн” гэж тодотгож зарлаад байгаа юм.

-2006 онд батлагдсан хуулийн анхны төсөлд стратегийн ашигт малтмал гэж юу юуг тусгасан байдаг вэ?

-Тухайн үед алт, зэс, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, төмрийн хүдэр, коксжих нүүрс гэж оруулж байсан. Гэтэл УИХ дээр хэлэлцэх мөчид нэр бүхий гишүүдийн зүгээс Тавантолгойн нүүрсний ордыг оруулчхаад, адилхан Шивээ-Овоо, Багануурыг яагаад оруулаагүй вэ гэх асуудлыг гаргаж ирээд бодлогыг бүхэлд задалчихсан. Ингээд Засгийн газраас оруулсан үндсэн үзэл санааг алдагдуулаад баталчихсан.

-Хууль нь батлагдах явцад орвонгоороо эргээд, дагаж гарсан үр дагаврууд буюу төр өөрийн хөрөнгөөр нээн илрүүлсэн стратегийн ордуудаа мэдэлдээ авах үйл явц бүхэлдээ буцсан байна л даа. Эдгээрийг засаж залруулах боломжийг юу гэж харж байна вэ. Эрх зүйн өөрчлөлт шаардаж байна уу, эсвэл механик арга хэмжээ авах хэрэгтэй юү?

-Эрх зүйн талаасаа болохгүй зүйл байхгүй гэж харж байна. Гол нь төрийн өмнөөс тухайн лицензийг эзэмшиж байгаа компанийн удирдлага, менежмент болохгүй байгаа юм болов уу гэж хардаг. Сонирхолтой нь дандаа муу менежер гэдэг нэг нөхөр томилогддог. Ерөнхийдөө ашиггүй ажиллуулдаг. Ингэж төрийн өмчийг хоёрын хооронд улс төрийн томилгоогоор тавигдсан хэдэн хүн идэж уудаг энэ механизмыг бүрэн хаах л хэрэгтэй.

Тэгэхээр төр цаашдаа ашигт малтмалын ордууд дээр чадсан, чадаагүй хувь эзэмших гэж зүтгээд байх хэрэгтэй ч юм уу. Ийм байдлаар яваад ашиг хүртэх ч юм уу. Бүр Оюутолгойн 34 хувийг эзэмшээд байх шаардлага байгаа ч юм уу.

-Идэж уудаг энэ механизмыг хаахын тулд яах ёстой вэ?

-Төр Төлөөлөн удирдах зөвлөлийг нь томилдоггүй, гүйцэтгэх захирлыг нь томилдоггүй болох хэрэгтэй. Түүнийхээ удирдлагыг бүх нийтийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг арга зам бий. Тухайн орд үнэхээр л ард түмний өмч юм бол бүх иргэддээ хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Дэлхийд гурван сая битгий хэл тав, зургаан сая хувьцаа эзэмшигчтэй үндэстэн дамнасан корпорациуд олон байна шүү дээ. Тэр корпорациудын хувьцаа эзэмшигч нар хурлаа хийж Төлөөлөн удирдах зөвлөлөө сонгож чадаад, ил тод засаглалтай гэдгээ харуулж болоод байна.

Бүх хувьцаа эзэмшигчид нь электрон хэлбэрээр саналаа өгч, удирдах бүрэлдэхүүнээ, гүйцэтгэх захирлаа сонгож байгаа. Аль ч улсад төр оролцохоор дагаад улс төр ордог. Нөгөө нэг том алхам бол хууль дээдлэх зарчмыг баримтлуулах чухал байгаа юм. Саяхан манай төслийн хүрээнд Монгол Улс дахь уул уурхайн салбарын Байгаль орчны хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийсэн. Энэ судалгаагаар Монгол Улсад эрх зүйн орчин бол хангалттай бий.

Харин хууль мөрдөгдөхгүй байна гэдэг маш тодорхой дүгнэлтэд хүрсэн. Хуулиар хүлээлгэж байгаа хариуцлага алга. Хууль зөрчсөн хүн ял завшдаг нөхцөл байдал харагдсан. Мөн орон нутгийн хүрээнд хуулиас давсан шийдвэр гаргах явдал газар авсан. Монгол Улс 300 гаруй вант улстай болсон гэхэд хилсдэхгүй.

-Таныг Оюутолгойн анхны гэрээг байгуулах ажлын хэсэгт ажиллаж байсан талаар дуулсан юм байна. Тиймээс Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшээд байх шаардлага байгаа ч юм уу гэдэг таны асуултыг танаас асуумаар байна?

-Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсэг дөнгөж байгуулагдаж байх үед байсан уу гэвэл, байсан. 2009 оны гуравдугаар сарын 30-нд өөр намын хүн гээд адлагдаад ажлаа өгсөн.

-Оюутолгойн гэрээ хэдэн сард нь батлагдсан билээ?

-2009 оны арваннэгдүгээр сард юм байна. Батлагдсан гэрээг сүүлд харахад, миний бие анх үзэж байхаас тэс өөр болсон юм билээ. Нарийн тулгаад тэр заалт нь үүнтэй зөрж байна гэж хэлэх боломж яг одоо алга. Ямартай ч анх ажлын хэсэг дээр хэрхэн 34 хувийг Монголын төр үнэгүй авах тухай ярьж байсан юм. Эсвэл 10-15 хувийг нь үнэгүй аваад үлдсэн хэсгийг нь худалдаж авах ч юм уу, зарчмын асуудлуудыг ярьж байсан.

Сүүлдээ энэ асуудлууд байхгүй болоод 34 хувийг нь төр бүтнээр нь худалдаж авахаар болсон байдаг. Түүнчлэн менежментийн зардал гэдэг зүйл бий. Манайхны чөлөөлсөн менежментийн зардал нь “Оюутолгой”-н толгой компанийн рояалти болчхоод байгаа юм. Ямар ч татвар, хураамж төлөлгүй шууд авч байна гэхээр тэгж үзэж болно биз. Энэ менежментийн зардал гэдэг зүйл анх ерөөсөө яригдаж байгаагүй. Сүүлд сонсох нь ээ, тухайн үеийн Ажлын хэсэг Монголын талаас менежментийн зардлын санааг гаргаж тавьсан гэж ярьдаг юм билээ.

-Тэгвэл одоо яаж Оюутолгойгоос ашиг хүртэх вэ гэдэг асуулт тавигддаг болсон. Үүнийг Дубайн гэрээгээр хязгаарласан ч гэдэг. Энэ боломжтой зүйл үү?

-Оюутолгойн гэрээнд рояалтийг таван хувиар тусгасан боловч өсөн нэмэгдэх рояалти төлөхгүйгээр байгуулагдсан. Сүүлд нэмээд Дубайн гэрээ зэргээр олон зүйл яригдаж байна. Ингэж зовж, хэрүүлийн алим хийж байхаар Монголын төр өөрийн эзэмшлийн 34 хувиа зэсийн ханш өндер байгаа дээр, Бид гэрээнийхээ нөхцөлөөс чөлөөлөгдлөө" гэж зарлаад, зарчих хэрэгтэй. Тэгвэл Монгол Улсад хүртээлгүй 30 жил болох гэж байгаа орлого бид гэрээний нөхцөлөөс гарсан өдрөөс эхлэн орж ирнэ.

Тэр үед “Оюутолгой”, “Эрдэнэт”-ээс том татвар төлөгч гэдгийг мэдэрнэ. Хоёрдугаарт, Засгийн газар “Rio tinto’’-гийн өмнө шалдаа буугаад байх шаардлагагүй болно. Бид хуулиа биелүүлэхийг л шаардана, шахна. Шинэ гарсан хуулиудын дагуу татвар хураамжаа авдаг болно. Энэ л одоогийн нөхцөл байдалд хамгийн ашигтай хувилбар байгаа юм.

-Ингэж ярьсан хүмүүс “Монгол хүн биш” гэж цоллуулахдаа тулаад байна шүү дээ. Таныг тэгэхгүй байгаа?

-Миний хувьд тэр эх орончид гээд байгаа хүмүүсийг “Rio tinto”-гийн талынхан гэж хардаг. Тэд нар “Rio tinto’’-д ашигтай пиар хийж, Монгол Улс ашиг хүртэхээргүй байх тал руу хөтлөөд байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, уг нь Оюутолгой заавал Монголоос эрчим хүчээ авахаар гэрээ байгуулсан байсан. Тэр гэрээг Ц.Даваасүрэн сайд саяхан хүчингүй болгочихлоо.

Энэ нь “Оюутолгой”-д ашигтай хувилбар болоод хувирчхаж байгаа юм. Тавантолгойд Цахилгаан станц барих гол түлхүүр чинь тэр гэрээ байсан юм. “Оюутолгой”-той тэмцээд байдаг мундаг эх оронч хүн хаана байна. Харин ч “Оюутолгой”-н талд шийдвэр гаргаад явж байна. Иймэрхүү дүр эсгэсэн эх орончид хэрэггүй гэж боддог юм.

Зураг