Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тэмүүлэн: Илүүдэл жин үений элэгдэлт өвчин үүсэхэд шууд нөлөөлдөг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 9 сарын 18
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

- ДАХИН НИЙТЛЭВ -

Сонгдо эмнэлгийн үе мөч, гэмтлийн мэс засалч, АУ-ны магистр М.Тэмүүлэнтэй үений эмгэгийн талаар ярилцлаа.

-Үений эмгэг үүсэх шалтгаан юу вэ?

-Үений эмгэг үүсгэх олон шалтгаан байдаг. Тухайлбал  гэмтэл, таргалалт, халдвар, дархлал, бодисын солилцоо, хавдар, удамшлын шалтгаант эмгэгүүд гэж бий. Үүний зэрэгцээ хүний нас ахихын хэрээр үе өөрөө элэгдэж эргэшгүй өөрчлөлтөнд орж байдаг. 

-Монголчуудын хувьд зонхилох шалтгаан гэвэл? 

- Манай Монголчуудын хувьд архи дарс хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой үүссэн гэмтэл зонхилдог. Үүн дээр нэмээд иргэдийн дунд таргалалт нэмэгдсэн, хурц архаг халдварын шалтгаант үений эмгэгүүд ихсэх болжээ. 

-Үений эмгэгийн бүрэн эмчилдэг гэх төрөл бүрийн эм бэлдмэлүүдийн сурталчилгаа их цацагддаг шүү дээ? 

- Манай улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил сул байгаагаас үүдэлтэй хүмүүс дур мэдэн янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх нь элбэг байна. Жишээлбэл хятад дааврын цагаан тариаг хэт их тунгаар ойрхон давтамжтай хийлгэх нь эргээд гаж нөлөө ихтэй байдаг.

Мөн өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэггүй кальцийн бэлдмэлийг өвдөлт намдаадаг үений  өвчин бүхнийг эмчилдэг гэхчилэн сурталчилж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байгаа юм. Цаашилбал ургасан яс хайлуулдаг гэсэн эмийн хэрэглээ нэг хэсэг түгээмэл байсан ч одоо хүмүүс зөв ойлголттой болж хэрэглэх нь багасч байна. 

-Сонгдо эмнэлэгт үений эмгэгийн мэс заслын ямар эмчилгээ түлхүү хийж байна вэ? 

- Манай эмнэлэг нээлттэй болон дурангийн гэсэн мэс засал хийдэг. Үений дурангийн мэс заслын хувьд ихэвчлэн гэмтлээс үүдэлтэй үений эмгэгүүд, үений элэгдэлт өөрчлөлтийн тодорхой үе шатанд хийгддэг. Сүүлийн үед үений үрэвсэлт эмгэгүүд мөн үений хөндийд үүссэн жижиг хэмжээний хавдар авах, оношлох зэрэг мэс заслууд нэмэгдэх хандлагатай байгаа. 

Харин нээлттэй мэс засын хувьд үенд хиймэл үе суулгах, мэс заслын хүндрэл засах, мөчдийн майга засч тэгшлэх, мөчдийн хавдар авах,  шөрмөс холбоос ясны гэмтэл засах сэргээх, мэдрэлийн судал чөлөөлөх зэрэг мэс заслуудад түлхүү ашиглагддаг. 

-Үений мэс заслын эмчилгээ хийлгэх явдал ихсэж байгаа гэлээ? 

- Ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу, өнөөгийн нийгмийн байдал, амжиргааны түвшин харьцангуй дорой байгаагаас шалтгаалж байна гэж хэлж болно. Хүмүүс өөртөө болон найз нөхөддөө дур мэдэн эмчилгээ хийдэг, өвчин эмгэгээ бага дээр нь зөв эмчлэхгүй  дутуу эмчилж архагшуулдаг, эрүүл амьдралын хэвшилгүйгээс үений мэс заслын эмчилгээ хийлгэх хүртлээ хүндрүүлж байгаа юм.

Үүн дээр нэмээд эмчилгээний дараах гам дэглэм муу барьдаг, мөн хөдөлгөөны хомсдол, таргалалт зэрэг олон хүчин зүйлс бий л дээ. Үүнээс үүдээд өвчин эмгэгээ даамжруулан мэс заслын эмчилгээ  хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрэх нь их байгаа юм. 

-Нас ахихын хэрээр үе элэгдэж, эргэшгүй өөрчлөлтөнд орж байдаг гэлээ. Тэгвэл үений өвчинд эрт өртөхгүй байх арга бий юу? 

- Дээр дурьдсан шалтгаан нөхцлүүдээс аль болох хол байхыг нэн тэргүүнд зөвлөе. Ялангуяа архи болон хоол хүнсний хэрэглээгээ ухаалгаар тааруулж, хатууг хэт хүчилж хийхгүй, хэт даарч хөрөхгүй, аливаа өвчин эмгэгээ цаг тухайд нь зөв бүрэн оношлуулж, мэргэжлийн эмчээр эмчлүүлж эдгээж чадвал үе мөчөө илүү урт удаан хугацаанд эрүүл байлгах боломжтой. Үе мөчний эмгэг өвчинд залуудаа өртөж шаналахгүй гэсэн үг. 

Мөн чихэр давсны хэрэглээндээ анхаарахгүй бол хүүхдүүдийн шүд хорхойтох эмгэг, илүүдэл жин сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх боллоо. Биеийн жин хэвийн хэмжээнээс их байх нь үений элэгдэлт өвчин үүсэхэд шууд хамааралтай нь нэгэнт батлагдсан асуудал. 

Хүний эрүүл мэндийн байдал эм, эмч, эмнэлгээс илүүтэйгээр хувь хүн өөрийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байгаагаас, амьдралын зөв хэвшил, дадлыг хэр баримталдагаас илүү хамаардаг.

Яагаад гадныхан Улаанбаатар хотын гудамжаар явахдаа маск зүүгээд байна,  өглөөдөө гүйж, биднээс илүү их дасгал хөдөлгөөн хийж байна вэ гэдгийг ахин бодох л хэрэгтэй байгаа юм. 

Өндөр хөгжилтэй орны иргэд эрүүл мэнддээ маш их анхаардаг нь харагддаг.  Миний эрүүл мэнд өөрөөс минь шалтгаална гэдгээ ойлгосон байдаг учраас эрүүл мэнд, даатгалын тогтолцоондоо бүрэн найдахгүй. Эсрэгээрээ өөрийн хэрэглэж буй зүйлс, амьдралын хэв маяг, дадал зуршилдаа анхаардаг. 

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.