Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктидад 1.5 сая оцон шувуу амьдардаг “диваажинг” илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийтдээ 1.5 сая орчим оцон шувууг агуулсан томоохон газар нутгийг Антарктидын алслагдсан арлаас илрүүлснээ эрдэмтэд мэдээлжээ.

Цаг уурын дулаарлын нөлөө, хүний үйл ажиллагаанаас хол байгаа тул энэ нутаг оцон шувуунуудын сүүлчийн хоргодох байр болж байгаа гэнэ. Тиймээс хамгаалалтад авч энэ хэвээр хадгалах хэрэгтэйг эрдэмтэд анхааруулжээ.

Антарктидийн хойгийн зүүн хэсгийн Веддэлийн тэнгист байрлах Danger Islands хэмээх арлууд дээр энэ газар нутаг байрлаж байгаа юм. Энд хүрэхэд хэцүү тул хүний мөр ховорхон гарсан газар гэнэ.

Хиймэл дагуулаас авсан зураг, дроноос авсан зураг зэргээс үндэслэн энд 751,527 хос оцон шувуу амьдарч байгааг тоолжээ. Дараа нь эрдэмтэд уг газар нутгийн 1959 оны зургийг олж одоогийн зурагтай харьцуулаад өнгөрсөн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй үлдсэнийг тогтоосон байна.

Харьцуулбал Антарктидын хойгийн баруун хэсэг хүмүүсийн гараар нэлээд өөрчлөгдөж, бас цаг уурын дулаарлын нөлөөнд ихээхэн өртөөд байгаа юм.

Судалгаанд оролцсон Луйзианагийн их сургуулийн судлаач Майкл Полито “Адели төрлийн оцон шувуу ийм олноор байгааг хараад би үнэхээр баярлаж гайхсан. Энэ арал орчмын ус оцон шувуунуудаар буцалж байна” хэмээн сэтгэгдлээ ярьжээ.

Одоо эрдэмтэд энэ арлын орчмын 1.8 сая км.кв талбайтай нутгийг тусгай хамгаалалтад авахыг уриалаад байгаа юм. Уг саналыг ирэх аравдугаар сард болох Антарктидыг эзэмшигч улсуудын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах гэнэ.

Антарктидын оцон шувууны төрөл зүйлүүд мөхлийн ирмэгт тулаад байгаа. Өнгөрсөн Даваа гарагт хэсэг эрдэмтэд хэрвээ цаг уурын өөрчлөлтийг сааруулахгүй бол энэ зууны сүүлээр Антарктидын хаан оцон шувуу устаж үгүй болохыг анхааруулсан юм.

 

Эх сурвалж: The Guardian