Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлийн олимпийн АМЖИЛТ НЭХЭХЭЭС ӨМНӨ...

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Цас мөсний орон хэрнээ өвлийн олимпт 2-хон тамирчин явууллаа” гэх шүүмжлэл 2018 оны Пёнчаны олимпийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд хөвөрлөө. Мөн уран гулгалт, чарга, кёрлинг, уулын цана, хоккей, снөүбоурдын шилдэг тамирчид дунд нэг ч Монгол хүн өрсөлдөхгүй байгаа нь асуултыг тэмдэг дагуулав.

Шүүмжлэлийн хариуг өвлийн спортын хөгжилтэй холбон тайлбарлах нь илүү оновчтой юм.

Энэ жил манай улсаас өвлийн олимпт гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин л олимпийн эрхээ авч уралдаанд оролцжээ. Харин удахгүй болох гэж буй паралимпт гүйлтийн цанын төрлөөр нэг тамирчин нэмж оролцох гэж байна.

2014 оноос хойш Монгол Улсын шигшээ багт өвлийн олимпийн биатлон, тэшүүр, пара цана, цана гэсэн 4 төрлөөр өрсөлддөг байнгын болон байнгын бус 24 тамирчин багтаж байна. Тэднийг төр засгаас дэмжиж, санхүүжүүлж, уралдаан тэмцээнүүдэд явуулсан бөгөөд үүнээс цанын төрлөөс л олимпийн эрх авчээ. Нэмж хэлэхэд 2017 онд шигшээ багийн тамирчид дорж хаяж 4 удаа гадаад, дотоодын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэлд оролцсон байна.

Өвлийн спортыг хөгжүүлэхэд төр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тухайн спортын холбоод илүү чухал үүрэг гүйцэтгэдэг.  Манай улсын хувьд Биатланы холбоо, Тэшүүрийн холбоо, Цанын холбоо үйл ажиллагаагаа хамгийн идэвхтэй явуулдаг нь харагдлаа. 

Доорх хүснэгтээс харахад тамирчдыг төр засаг огт дэмждэггүй гэсэн шүүмжлэл үндэслэлгүй байна. Тухайлбал жилийн хугацаанд багагүй хэмжээний санхүүжилтийг тамирчдад өгчээ. 

ӨВЛИЙН ОЛИМПИЙН ТӨРЛӨӨР ШИГШЭЭ БАГТ БАГТДАГ ТАМИРЧДЫН САНХҮҮЖИЛТ, ТОО, 2017 ОНД /Эх сурвалж БТСГ/

Спортын төрөл

Шигшээ багт багтдаг тамирчдын тоо /байнгын, байнгын бус/

Гадаад, дотоодын тэмцээн, бэлтгэлд хийгдсэн санхүүжилт

Хувцас хэрэглэлийн санхүүжилт

Нэгж тамирчны цалин

/сард/

Цана /гүйлт/

6

127 сая төгрөг

41 сая 102 мянган төгрөг

400-500 мянган төгрөг

Тэшүүр /гүйлт/

5

99 сая төгрөг

21 сая 936 мянган төгрөг

400-500 мянган төгрөг

Биатлон

8

176 сая төгрөг

24 сая 577 мянган төгрөг

400-500 мянган төгрөг

Пара Цана /гүйлт/

4

100 сая төгрөг

10 сая 553 мянган төгрөг

400-500 мянган төгрөг

Хүн төрөлхтөн спортын 15 төрлөөр өвлийн олимпт өрсөлддөг. 1964 онд анх удаа Монголчууд Австрийн Инсбрук хотод болсон өвлийн олимпт оролцсоноос хойш 44 жил өнгөрчээ. Манай орон үүнээс зөвхөн хоёр төрөлд л тамирчдаа олимпт оролцох хэмжээнд бэлтгэж чадаж байгаа юм. Энэ нь тэшүүр болон цана. 

Харин бусад төрлүүд өндөр түвшинд хөгжихөд тулгамдаж буй үндсэн нэг асуудал бий. 

Аливаа спорт хөгжихөд тухайн ард түмний дунд спорт хэр зэрэг түгэн дэлгэрсэн нь чухал нөлөөтэй. Тиймдээ ч Монголчууд зуны олимпийн бөхийн төрлүүдээр өндөр амжилт үзүүлдэг.

Харамсалтай нь өнөөдөр Монголын хүүхэд залууст өвлийн цагт хичээллэх битүү дээвэртэй нэг ч спортын ордон байдаггүй. Мөн Монгол хэдий урт өвөлтэй ч "-40 хэм" хүртэл хэт хүйтэрдэг тул ийм үед цана, тэшүүрийнхэн ч гадаа бэлтгэл хийх боломжгүй байдаг билээ.Тиймээс битүү дээвэртэй ордон барихаас өмнө өвлийн спортын тамирчдаас амжилт нэхэх "эрхгүй" болоод байна.

Битүү дээвэртэй ордон барих асуудлаар бодлого тодорхойлогчид олон удаа ярьсан ч ажил хэрэг болоогүй, санхүүжилт нь гацсаар өдий хүрлээ. Бид 4 жилдээ нэг удаа л Өвлийн олимпийн уран гулгалт, хоккейн тэмцээний дараа "Монголчууд яагаад оролцдоггүй юм бол оо?" гэж санаа алдаад, мартаад өнгөрдөг.  Харин үлдсэн үед нь энэ талаар боддог ч үгүй.