Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна"

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт Авлигатай тэмцэх газрын ажлын удирдамжийг гардууллаа.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал "Дөрөвдүгээр сарын 1-нээс тендэрийн сонгон шалгаруулалтууд явагдаж эхэлнэ. Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн Авлигын эсрэг бүлгийн 22.1.1 өөрчлөгдсөн. Хуучин Авлигын эсрэг гэмт хэрэг нь заавал хохирол учруулсан, мөнгө угаасан байх ёстой гэдэг байсан.

А3-ын сертификаттай хүмүүсийн тоог нэмэхийн тулд сангийн яамны зөвлөмжийн дагуу 4 сургалтын байгууллага нэмж гаргасан. Үүнд нийт яам, агентлаг, тендэрийн үнэлгээний хорооны А3 сертификаттай мэргэжилтнүүдийн тоог 3-5 дахин нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Тэгэхээр тендэрийн сонгон шалгаруулалтад дархлагдсан 3-4 хүн орох ёстой биш, олон төрийн албан хаагчид орж хяналт тавьж, энэ чиглэлд нь бодитой мэдлэгтэй байх ёстой гэсэн зарчмуудыг зааж өгсөн байгаа. Өмнөх жилүүдээс энэ жилийн сонгон шалгаруулалт тэс өөр явагдана. 

Мөн АТГ он гарснаас хойш одоогоор 400 гаруй ахлах ажилтан, төрийн албанд шинээр орсон хүмүүсийг сургаад байна. Энэ жил 10,000 хүн сургах төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд АТГ яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гэх мэт төрийн бүхий л шатны байгууллагуудад Авлигатай тэмцэх газрын долоон ажлын хэсэг өнгөрсөн онд очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна. 

Ингэснээр төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендэр сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл байдал тогтоогджээ. 

Тиймээс Авлигатай тэмцэх газраас шалгалтын дүнг Үндэсний Аудитын газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлж, шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Монгол Улсын Сайд нарт хүргүүлж байгаа аж.
 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Г.Занданшатар "2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласан. Хариуцлага гэдэг ард иргэдийнхээ санал гомдол, хүсэлтэд хариу өгч, асуудлыг шийддэг байхаас эхэлнэ. 

Тийм учраас төрийн албаны бүх шатанд, Засгийн газрын бүх түвшинд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх, тодорхой арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ хүрээнд өнөөдрийн арга хэмжээ ч мөн зохион байгуулагдаж байна" гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо "2018 онд Төрийн албаны бүх шатанд ажиллаж байгаа хүмүүсээс хариуцлага нэхнэ, хариуцлага тооцох ёстой бол тооцно. 

Дарга нар доод албан тушаалтнууддаа хяналтаа сулруулахгүй, шардлагаа өндөржүүлж, хуулийн хэрэгжилтийг хангахад тавих хяналтаа улам чангатгах ёстой юм.

Мөн 2018 онд Төрийн албаны зөвлөл АТГ, ҮАГ-тай хамтарч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна" гэв.

АТГ-ын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар 2018 оны гуравдугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллах юм байна. Энэхүү шалгалтын удирдамжийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулж танилцууллаа.

АТГ-ын зүгээс өнгөрсөн онд 13 яам, 26 агентлаг, 21 аймаг, 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллах үеэрээ “Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна" гэж дүгнэсэн байна. АТГ-ын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын авлигын төсөөллийн индексийн дүн баталж байгаа юм.