Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Бадрал: Бүргэдийн баярт оролцогчдыг энэ жил онгоцоор авчирч байна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ.

гурван өдөр явдаг байсан газрыг гурван цагийн дотор туулж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны /УБАЖХ/ тэргүүн Ё.Бадрал "Нийслэл Улаанбаатар хотод “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ 11 дэхь удаагаа болох гэж байна. Монголын бүргэдчид холбоо ТББ, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулах юм.

Энэ жил анх удаагаа бүргэдчидээ онгоцоор авчирч байна. Энэ ажилд Нийслэл том дэмжлэг үзүүлсэн. Өмнө нь гурван өдөр машинаар явж хүрдэг байсан газрыг энэ удаа гурван цагийн дотор туулж байгаад сэтгэл хангалуун байна. 

УБАЖХ 2010 оноос Баян-Өлгийд болдог бүргэдийн баярыг зохион байгуулж ирсэн. Бүргэдийн баяр ирэх Ням, Даваа гарагт буюу энэ сарын 4, 5-ны өдөр Чингисийн хүрээ, Жаргалантын аманд болно. Үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна" гэлээ.

Бид улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

Бүргэдчин Р.Нургайв "Манай аймагт 18 удаа бүргэдийн баярыг зохион байгуулсан. Энэ хугацаанд би тасралтгүй оролцсон. Харин Улаанбаатар хотод 11 дэхь удаагаа оролцож байна. Бид улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадсан. Би Монголоор бахархдаг. 

Учир нь манай Казах үндэстний 20 гаруй жилийн уламжлалыг дэмжиж байгаад туйлын баяртай байна" гэсэн юм. 

Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Бүргэдчин Н.Айшолпан "Би бүргэдийн баярт гурав дахь удаагаа оролцох гэж байна. 2014-2016 оны хооронд кинонд тоглосон. Өнгөрсөн хугацаанд олон газраар киноны нээлтэд оролцлоо.

Сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-д зочлоод шагнал аваад ирсэн. Энэ удаагийн бүргэдийн баярт оролцож байгаадаа баяртай байна "гэлээ.