Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп “худалдааны дайн” эхлүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр тус улсад импортлох ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд гаалийн шинэ татвар ноогдуулах шийдвэрийг ирэх долоо хоногт зарлах гэж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал импортын гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар оноох гэнэ. Одоогоор дэлхийн ямар улс орнууд энэ татвараас хөнгөлөгдөх тухай мэдээлээгүй байна. Гэхдээ маш олон улс орны экпортод нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

АНУ-ын худалдааны департмент өнгөрсөн хугацаанд тус улсын үйлдвэрлэгчид импортын ган, хөнгөн цагаанаас хэт хамааралтай болж, улмаар үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирч байгаа эсэхийг шалгажээ.

Трампын мэдэгдэлтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн байна.

Европын Коммиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер Европын Холбоо “өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хатуу хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм.

“Үндэсний аюулгүй байдал нэрийн дор АНУ дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах жигшмээр арга хэмжээ авч байгаад бид гүнээ харамсаж байна” гэж Юнкер мэдэгдэлдээ өгүүлжээ.

АНУ-ын татварын шинэ бодлогын хариуд Европчууд тус улсаас импортлодог бурбон дарс, жимсний шүүс, мотоцикль, бусад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулахаар судалж байгааг өмнө мэдээлж байв.

АНУ-д ган нийлүүлэлтээр тэргүүлдэг Канадчууд мөн эсэргүүцлээ илэрхийлжээ. “Канадтай хийдэг худалдаагаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эрсдэл гэж үзэх нь зохимжгүй хэрэг” гэж Канадын гадаад хэргийн сайд Кристина Фрилэнд мэдэгдсэн байна.

“Бид үргэлж Канадын компаниуд, Канадын ажилчдын талд зогсоно. Хэрвээ манай ган, хөнгөн цагаанд татвар оногдуулбал Канад улс хариу арга хэмжээ авч, эрх ашгаа хамгаална” гэж тэр хэлжээ.

Их Британий гадаад хэргийн яам мөн Трампын мэдэгдэлд санаа зовж байгаагаа илэрхийлээд “бүх талын ашиг сонирхлыг бодолцсон зөвшилцөл” чухал болохыг мэдэгдсэн байна.

Вашингтоны холбоотнуудаас гадна Хятад улс мөн хариу арга хэмжээ авч, АНУ-ын шар буурцагны импортод нэмэлт татвар оноохоо мэдэгджээ. Өнгөрсөн онд тэд $12.4 тэрбумын шар буурцаг Нэгдсэн Улсаас импортлосон юм.

Мексик улс бас хариу арга хэмжээ авахаар бэлдэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Трампын хийсэн мэдэгдэл дэлхий дахинд гинжилсэн “худалдааны дайн” дэгдэх эрсдлийг бий болголоо гэж шинжээчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Business Insider