Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

А.Даваасүрэн: Төмөр зам барихад арав гаруй тэрбум ам.доллар шаардлагатай

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор, профессор А.Даваасүрэнтэй Гурван улсын эдийн засгийн коридорын талаар ярилцлаа. Тэрбээр Гурван улсын эдийн засгийн тээврийн коридорын үр ашгийг судлах багийн гишүүн юм.

-Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор барих асуудал хөндөгдөөд бараг гурван жил болж байна. Энэ хугацаанд манай зүгээс ямар ахиц дэвшил гаргав. Үүнийг судалж байгаа хүний хувьд тодорхой мэдээлэл өгөөч?

-Монгол, Орос, Хятад гурван улсын ерөнхийлөгч 2014 онд уулзаж, эдийн засгийн коридор байгуулах асуудлыг ярьсан. Үүнээс нэг жилийн өмнө БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсноо анх мэдэгдэж байсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байлаа. Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Өдгөө энэ хоёр улсын хоорондох худалдаа 100 тэрбум ам.долларт хүрсэн.

2020 онд гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй гэж үзвэл транзит худалдаа хийх бодит боломж өсөх юм. Тиймээс 2015 онд төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулсан.

Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгасан. Энэ 32 төслөөс 24 нь зам тээвэртэй холбоотой. Зам тээвэртэй холбоотой 24 хөтөлбөр, төслөөс долоо нь манай урд, хойд хилийг холбосон төмөр зам, авто замтай холбогдох юм. Коридорын асуудал яригдсантай холбоотой гурван улсын шинжлэх ухааны байгууллага хамтран эдийн засгийн үндэслэл, үр ашгийг нь судалж байна.

Эдийн засгийн коридор үнэхээр байгуулах шаардлага бий юу гэдэг дээр судалгаа хийж эхэлсэн. Тодруулбал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, "Улаанбаатар-Эрдэм” их сургуулийн эрдэмтдийн баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шинэтгэл судалгааны хороо, ОХУ-ын Эрхүү хотын “Байгалийн их сургууль”-тай хамтарсан гурван улсын хэмжээний судалгааны баг өнгөрсөн 2017 оны тавдугаар сард байгуулагдсан. Бид судалгааныхаа ажлыг хийгээд анхан шатныхаа тайланг гаргаж өгөөд байна.

-Тээврийн коридор байгуулах асуудал судалгааныхаа шатанд явж байна гэж ойлгож болох уу. Манай улс ямар нэгэн тууштай алхам хийж эхлээгүй байгаа юм байна. Тийм үү?

-Тийм. Одоогоор судалгааны шатанд явж байна. Цаашид тодорхой алхмууд хийгдэх байх.

-2017 оноос эхлэн судалгааны ажил хийгээд анхан шатныхаа тайлангаа өгсөн гэж байна. Судалгааны явцад ямар ололт амжилт гарав. Үр дүнг нь танилцуулахгүй юу?

-Манайд зам, тээврийн салбарыг хөгжүүлснээр бараа эргэлт хэрхэн нэмэгдэж болох талаар болон олон улсын зах зээлийг судалсан. Мөн ОХУ болон БНХАУ-ын хоорондох тээврийн зардлыг багасгах үүднээс Монголын газар нутгаар дайран өнгөрөх транзит тээврийг хөгжүүлэх шаардлага урган гарч ирсэн. Үүнтэй холбогдуулаад Сүх-баатар Наушикын хилийн боомт, Алтанбулаг Хиагтын автомашины хилийн боомт, Замын-Үүд, Эрээний хилийн боомтыг өргөтгөх, хүчин чадалд үнэлгээ өгөх, Улаанбаатар төмөр замын тээх болон дамжин өнгөрүүлэх чадварт үнэлгээ егөх, судлах шаардлага гарсан.

Өнөөдөр манай улсын нутгаар 5-6 сая тонн ачаа дамжин өнгөрч  байгаа. Үүнийг 20 сая тоннд хүргэх нь чухал. Гэвч техникийн болон бодлого зохицуулалтын асуудал ихээр тулгарч байна. Манай тээврийн болон төмөр замын дэд бүтцийг дагаад нүүрс, жонс, цайр, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, молибден, гянт болдыг агуулсан орд байршдаг. Төмөр замтайгаа ойролцоо гэсэн үг. БНХАУ түүхий эд импортлогч орон. Энэ улс жилд 51 тэрбум шоо метр байгалийн хий болон 118 сая тонн нүүрсийг импортоор авдаг.

Харин Монголоос авч байгаа нүүрсний хэмжээ Хятадын импортоор авч байгаа нүүрсний 15 хувийг л эзэлдэг шүү дээ. Үндсэндээ манайх жилдээ 18 сая тонныг Хятад руу гаргаж байгаа. Хятадын эдийн засгийн хөгжил хурдсах тусам түүхий эдийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Үүнийг ашиглан манай улсын төр засгаас байгалийн баялгаа Хятадын үйлдвэрлэгчдэд түргэн шуурхай хүргэх, цаашлаад Зүүн өмнөд Азид гаргах бодлогыг хөгжүүлэхээр зорьж байгаа. Ингэхийн тулд төмөр замаа барих хэрэгтэй.

-Манайд төмөр зам барих эхлэл тавигдаж байгаа юу. Ямартай ч “Улаанбаатар төмөр замыг 2,030 хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулсан байдаг. Энэ төлөвлөгөөнд хэд, хэдэн төмөр зам барих зорилт тусгасан байсан. Хэчнээн төрлийн төмөр замыг ямар өртөгтэйгөөр барихаар төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд техникийн болон дэд бүтцийн чадвар, логистикийн асуудлыг тусгасан. Мөн 32-73 сая тонн барааг тээвэрлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Ингэхийн тулд эхний ээлжинд Замын-Үудийн дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банкнаас судалгааны төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл тодорхой үр дүнд хүрэх байх.

Манай улс 1,815 километр урт төмөр замтай. Үүний 1,105 километр нь урд, хойд хилийг холбосон байдаг. Төмөр замын тээвэр бол манай улсын тээврийн 75 хувийг, зорчигч тээврийн 25 хувийг гүйцэтгэдэг. Замын тээвэр глобалчлал, урд хөршийн хүчтэй эдийн засгийн тэлэлт, аж үйлдвэрийн хөгжлийн хэрэгцээг дагаад төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Үүний тулд манай улс долоон төрлийн төмөр зам тавих зорилт тавьсан. Тавантолгой-Гашуунсухайтын 276 километр төмөр замыг 1,031 тэрбум ам.долларын өртөгтэй барихаар төлөвлөсөн.

Харин Бичигт-Хөөтийн 228 километр төмөр замыг 1.065 тэрбум ам.доллараар, Нарийн-Сухайт, Шивээ-Хүрэнгийн 45.5 километр төмөр замыг 0.111 тэрбум ам.доллараар, Зүүн Баянгийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, урагшаа Ханги боомт руу татаад Хятадын Мандал Ван боомт руу гаргах 281 километр төмөр замыг 1.5 тэрбум ам.доллараар барина гэж зорьж байгаа.

Мөн 150 километр Богд хаан төмөр замыг 0.5 тэрбум ам.доллараар, Эрдэнэт-Овоотын 560 километр төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар, Тавантолгой, Сайншанд, Хөөт, Чойбалсан гэсэн 1,080 километр төмөр замыг нийтдээ тав гаруй тэрбум ам.доллараар барина гэж зорьсон. Нийтдээ 2611 километр төмөр замыг арав гаруй тэрбум ам.доллараар барина гэж төсөөлж байгаа. Гэвч мөнгө санхүүгийн асуудал хүнд байна. Үүнийг шийдэхийн тулд янз бүрийн арга хайж байгаа.

Хятадын санаачилсан “Нэг бүс, нэг зам" хөтөлбөрийн хүрээнд Азийн дэд бүтцийн хөгжлийн банк байгуулагдсан. Энэ банкнаас болон бусад орнуудаас санхүүжилт авах зорилгоор судалгаа хийж байгаа. Ер нь Монгол Улсын төмөр зам барих өртөг бусад улстай харьцуулахад харьцангуй хямд байдаг.

Учир нь манай улсын нутаг тал хээр тэгшхэн байдаг учраас уул сэтлэх, гол мөрөн гатлах нь бага байдаг юм. Нэг километр төмөр замыг 2.5-2.8 сая ам.доллараар барина гэж үздэг. Тэгээд бодохоор төмөр зам барихад арав гаруй тэрбум ам.долларын хэрэгцээ бий. Уг нь тийм ч их мөнгө биш шүү дээ.

-Төмөр зам барихад эхний ээлжинд санхүүжилт шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь зохион байгуулалтын асуудал, улс төрийн нөлөө гээд л олон зүйл яригдах байх. Тийм үү?

-Тийм. Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газарт өгчихсөн. Тус орны Хөгжил судалгааны төвийн дэргэд гурван улсын дэд бүтцийн коридорын Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ байгууллага судалгаагаа хийгээд дараа нь зохицуулалтаа хийх эрхтэй төрийн байгууллага юм.

Харин манайд зохицуулалтыг нь гардан зохион байгуулах төрийн нэг ч бүтэц алга. Судалгаа, шинжилгээний төвшинд явж байна. Бас ОХУ-д байгуулагдаагүй, зөвхөн яриа төдий л байгаа.

-Гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажилд оросууд жаахан идэвхгүй байгаад байна уу?

-Оросын гол зорилго бол дотоодын төсөл хөтөлбөрүүдээ эхний ээлжинд санхүүжүүлж дуусгахад анхаарч байна. Ялангуяа Зүүн Сибирийн бүс нутагт эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөхөөр зорьж байгаа. Цаашдаа тэрийгээ далай руу гаргах, Япон, Солонгосын зах зээлтэй холбохоор төлөвлөж байх шиг байна. Орос асар их эрчим хүчний нөөцтэй улс учраас дотоодын зах зээлээ гадаад зах зээл рүү холбох, дамжуулах хоолойн том төслүүдээ санхүүжүүлэх нь асуудал болоод байгаа.

Тиймээс манайхаар дамжин өнгөрөх Хятадын санал болгоод байгаа Цайны зам төслийг санхүүжүүлэх, гурван улсын эдийн засгийн коридорын ажилд орох асуудалд Орос төрийн хувьд дэмжиж байгаа ч бүтээн байгуулалт, эдийн засгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах, санхүүжүүлэх, идэвхтэй оролцох сонирхол бол байхгүй. Оросууд Евразийн эдийн засгийн холбоонд илүү их ач холбогдол өгч байна.

Хуучин социалист системийн үед Оростой холбоотой байсан улсууд үүнд нэгдэж байгаа. Тэгж байж энэ хавийнхаа улс орнуудыг хамгаалах зорилготой. Төв Азийн улс орнуудад Хятадын хөрөнгө оруулалт их байгаа шүү дээ. Тиймээс Орос, Хятад хоёрын харилцаа Төв Азийн бүс нутагт алсдаа зөрчилдөх магадлалтай. Хоёр хөрш хоёулаа манайхыг Шанхайн хамтын ажиллагаанд нэгдэхийг уриалдаг. Харин манайх цааргалсаар ирсэн.

Улс төрийн нэгдэл учраас зайлсхийгээд байгаа юм. Евразийн эдийн засгийн холбоо бол зүгээр эдийн засгийн нэгдэл учраас оролцох бололцоогоо судлаад л байна. Манай улсын эдийн засгийн гадаад нөхцөл бодлого хоёр хөрш зөрчилдөхгүй байх, тэнцвэртэй байхыг чухалчлах. Тиймээс сайн судалж зөв оролцох хэрэгтэй байгаа юм. Ер нь сүүлийн үед энэ асуудал намжмал байдалд орчихлоо. Нэг хэсэг хүчтэй байсан одоо суларчихлаа. Шүүмжлэлд өртөж байх шиг байна.

-Уг нь манай газар нутгаар дамжсан төмөр зам барихад Орос, Хятадын хоорондох тээврийн зардал буурна биз дээ?

-Орос, Хятадын худалдааны эргэлтийн 80 хувь нь Манжуур, Байкаскийг дамжиж байгаа. 3,600 километр замыг туулж байж Бээжинд очиж байгаа шүү дээ. Маш урт зам тойрч байна гэсэн үг. Хэрэв манайхаар дайрвал 2,400 километр замыг туулна. 1,200 километрийг хэмнэх боломж байгаа юм. Үүнийг Орос, Хятад хоёулаа хүсдэг. Хоёрдугаарт, Оросын төмөр замын тээврийн зардал өндөр байдаг.

Ер нь тээврийн асуудалд стратегийн том бодлого явдаг учраас улс төрийн нөлөө байдаг. Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг санаж байгаа биз дээ. Энд эдийн засгийн гэхээсээ улс төрийн нөлөө байсан. Мөн Хятадын Эрээн хотоор дамжин өнгөрч байгаа экспорт, импортын бараанаас 1.5 хувийг орон нутгийн татварт өгдөг. Нийт барааны 1.5 гэдэг бол асар их дүн. Энэ нь манай газар нутгаар дамжин өнгөрөх ачаа, тээвэрт маш хүндээр нөлөөлдөг. Тиймээс төмөр зам барих нь маш чухал.

-Ер нь бид уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ. Судлаач хүний хувьд та хэрхэн хардаг вэ?

-Шулуухан хэлэхэд манай бодлого буруу байна. Баялгаа маш хурдан хугацаанд, хямд өртгөөр гаргаж байгаа нь буруу. Түүхий эдээ нэн тэргүүнд боловсруулах хэрэгтэй байна. Төмөр замын дэд бүтцээ дагасан аж үйлдвэрийн паркууд байгуулах зайлшгүй шаардлагатай. Усны нөөц болон төмөр замын дэд бүтэц дагасан аж үйлдвэрийн хотхонууд байгуулж, тэндээ эцсийн бөгөөд хоёрдогч, гуравдагч шатны боловсруулалтуудыг хийж, экспортлох боломж байна шүү дээ.

Тиймээс зайлшгүй үүнийг хийх шаардлагатай. 2030 он гэхэд төлөвлөсөн төмөр замуудаа барих л хэрэгтэй. Байгалийн баялгаа маш хурдан хугацаанд, хямдханаар борлуулаад хөгжих ч үгүй, ядуурсан хэвээр үлдэх магадлалтай байна. Тиймээс төр засгийн хүрээнд энэ асуудалд анхаарлаа хандуулж, томоохон институци байгуулах хэрэгтэй. Гаднынхантай маш сайн харилцаатай байх хэрэгтэй байна.

Зураг