Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын хүргэний улсын маш нууц материалд нэвтрэх эрхийг хасжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, ахлах зөвлөгч Жаред Кушнерийн улсын маш нууц мэдээлэлд хандах эрхийг хассан болохыг өчигдөр мэдээлжээ.

Түүний хандах эрхтэй байсан мэдээллүүд дотор тагнуулын албаны бичиг баримтууд, ерөнхийлөгчийн өдөр тутмын шуурхай хурлын материалууд багтаж байсан юм.

Кушнерт уг шийдвэрийг өнгөрсөн Баасан гарагт танилцуулжээ. Гэхдээ тэр нэвтрэх эрхгүй болсон ч АНУ-ын ерөнхийлөгчид хэрэгтэй гэж үзсэн хүнтэйгээ нууц мэдээллийг хуваалцах эрх мэдэл байдаг юм. Өөрөөр хэлбэл Трамп хүргэндээ нууц мэдээлэл дамжуулах боломжтой.

Кушнерийн эрхийг хасах болсон шалтгаан нь түүний гадаадын улс орнуудтай үүсгэсэн ойрын хэлхээ холбоо гэж Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ. Тухайлбал Кушнерийн хувийн бизнесийн өр, гадаад харилцааны туршлагагүй байдлыг ашиглах гэж АНЭУ, Хятад, Израйль, Мексик улсуудын албаныхан оролдож байсан гэх баримтыг тагнуулынхан илрүүлсэн гэнэ.

Үүнээс гадна түүний АНУ дахь ОХУ-ын элчин сайд асан Сергей Кисляктай 2016 оны арванхоёрдугаар сард уулзаж байсан, АНУ-ын хоригт багтсан Оросын төрийн өмчийн банкны захиралтай уулзаж байсан зэрэг баримтууд байдаг.

Кушнерийн нууц мэдээлэлд хандах эрхийн талаар маргаан удаан хугацаанд яригдаж байсан юм. Цагаан ордны тамгын газрын дарга, генерал асан Жон Кэлли уг шийдвэрийг гаргасан гэнэ. Ерөнхийлөгч Трамп генералын шийдвэрийг дэмжиж “Кэлли хийх ёстой зүйлээ хийсэн” гэж ярьсан тухай Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian