Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Восточный" Монголын далайд гарах гарц уу

Д.Мягмардорж
2018 оны 2 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев түнш улс орнууд болон гуравдагч орны хооронд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх гэрээний төслийг баталсан талаар “Итартасс” агентлаг мэдээлжээ.

Энэ нь “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” бөгөөд есөн жил яригдаж ирсэн уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортод гарч буй бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй тарифаар ОХУ-ын далайн боомтуудын замаар гуравдагч зах зээлд хүрэх боломж бүрдэж байна.

Хэлэлцээрт хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах, ачааг хилээр нэвтрүүлэлтийг хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих зэрэг цогц асуудлуудыг хэлэлцээрт тусгасан байна.

Ийнхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм байна.

Дэлхийн хэмжээнд манайхтай адил далайд гарцгүй хөгжиж буй 32 орон байдаг. Энэ орнууд далайгаас дунджаар 1,370 км орчим алслагддаг байна. Энэ хэрээр далайд гарцтай орноос манай орны адил нийгэм, эдийн засгийн хөгжлөөр хоцорч ирснийг олон судалгааны дүн харуулдаг. Учир нь далайд гарцгүй орнууд нэг чингэлэг импортлоход зарцуулах хугацаа дунджаар 47 өдөр, экспортлоход 42 өдөр зарцуулаг талаар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн тайланд дурдсан байдаг. Харин далайд гарцтай орны хувьд 15-20 өдөр зарцуулдаг аж.

Энэ хэрээр гадаад худалдааны зардал нэмэгддэг бөгөөд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн талаарх судалгаанаас харахад далайд гарцгүй хөгжиж орнуудаас нэг чингэлэг бараа экспортлоход гарах дундаж зардал 3,200 ам.доллар орчим байдаг бол далайд гарцтай орны хувьд дунджаар 1,600 ам.доллар зарцуулдаг байна. Далайгаас хамгийн хол орших орнууд нь Казахстан 3,750 км, Кыргызстан 3,600 км.

Харин далайн эрэгт хамгийн ойр орших далайд гарцгүй хөгжиж буй орон нь Молдав (170 км), Свазиланд (193 км) юм. Монголын хувьд Замын-Үүдийн боомтоос Тьянжины боомт хүрэх зай 1,700 км, мөн “Восточный” боомт хүртэл 4,000 гаруй км-ыг туулах шаардлагатай. Тиймээс Европ руу нэг чингэлэг бараа хүргэхэд хамгийн багадаа 34 хоног явдаг гэнэ. Гэтэл Азийн далайд гарцтай орон Европ руу ачаагаа хүргэхэд 14 хоног зарцуулдаг аж.

Уул уурхайн асар их баялагтай манай улсын хувьд түүхий эдээ гуравдагч зах зээлд хүргэх арга замыг олон жилийн турш эрэлхийлсээр ирсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр “Тавантолгой"-н нүүрсийг ОХУ-ын зүүн эргийн “Восточный” боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яригдаж байлаа. Тухайн үед ОХУ-ын талаас “Монгол Улсад тус боомтоос газар өгье.

Жижиг хэмжээний боомт байгуулаад “Тавантолгой”-н нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. “Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерын хоолойд оршдог ОХУ-ын төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1” олон улсын төмөр замын чиглэлийн төгсгөлийн цэг юм. Тиймээс манай эрх баригчдын хувьд уг боомтыг Тьянжины дараах боломж гэж харж байгаа болов уу.

Зураг