Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчид 30 жилийн хорих ял оноохыг хүслээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэргийг шалгаж байгаа прокурорууд өнөөдөр түүнд 30 жил шоронд хорих ял, 118.5 тэрбум воны торгууль оноохыг шүүхээс хүслээ.

Одоо 66 настай Пак Гын Хэг өнгөрсөн оны гуравдугаар сард албан тушаалаас нь огцруулж, улмаар сарын дараа баривчилж, авлига, төрийн нууц задалсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг нийт 18 төрлийн хэрэгт буруутгажээ.

Тухайлбал Самсунг, Лотте зэрэг томоохон компаниудаас дотны найз Чой Сүүн Силийн оролцоотойгоор 59.2 тэрбум воны авлига авч, хариуд нь төрөөс дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна. Мөн тодорхой албан тушаалгүй найзыгаа төрийн хэрэгт оролцуулж байсан гэгдэж байгаа.

Өнөөдрийн шүүх хуралд экс ерөнхийлөгч биеэр оролцоогүй байна. Хорих хугацааг нь аравдугаар сард сунгасны дараа тэр шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэн хурлуудад оролцохоос татгалзах болжээ.

Түүний найз Чой Сүүн Силд хоёр долоо хоногийн өмнө 20 жил хорих ял оноосон боловч тэр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times