Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Мьянмарт үйлдвэр байгуулахаас татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мьянмар улсад гар утас, гэр ахуйн электроникийн үйлдвэр байгуулах санаагаа орхихоор шийдсэнийг Самсунг Электрониксийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Шалтгааныг улс төрийн тодорхойгүй байдал, засаг захиргааны тааламжгүй хандлагаас болсон гэжээ. Самсунг одоогоор Вьетнамд гурван үйлдвэртэй бөгөөд хямд ажиллах хүч, Өмнөд Азийн шинэ зах зээлийн боломжийг харгалзан Мьянмарт үйлдвэр байгуулахаар судалж байсан юм.

Тэгвэл саяхан тус компанийн удирдлагууд Мьянмарт зочилж, албаны хүмүүстэй уулзсаны дараа эцсийн шийдвэрээ гаргажээ.

Мьянмарын засгийн газар үйлдвэр байгуулах газарт цахилгаан станц, авто зам байгуулахыг Самсунгийн талд шаардсан байна. Үйлдвэр байгуулахаар олгох газарт нь дэд бүтэц муу учраас ингэх шаардлагатай гэжээ.

Үүнээс гадна Самсунг үйлдвэр байгуулах зөвшөөрөл авч байсан 2013 онд Мьянмарын ардчилсан хөдөлгөөний лидер Аунг Сан Су Чи төрийн эрхийг авснаар бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байсан нь өнөөдөр талаар болсонтой холбоотой гэнэ.

Сүүлд тус улсад дэгдсэн үндэстэн хоорондын зөрчил бизнесийн орчны ирээдүйг тодорхойгүй болгож байгаа ажээ. Хятад, Вьетнамд ажиллах хүчний зардал нэмэгдэж байгаа тул Самсунг зүүн өмнөд Азид үйлдвэрлэл явуулахаар эрчимтэй судалж байгаа. Одоогоор тэд Вьетнамын Ханой орчимд хоё гар утасны үйлдвэр, Хо Ши Мин орчимд телевиз, гэр ахуйн электроникийн нэг үйлдвэртэй юм.

53 сая хүн амтай Мьянмар улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байгаа. 2017 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7 хувиар өссөн нь АСЕАН-ы гишүүн 10 орны дотор хамгийн өндөр нь болж байна.

 

Эх сурвалж: Korea Times