Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгостой эхлүүлэх яриа хэлэлцээрийн “босгоо намсгах”-ыг Сөүл АНУ-д уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгостой яриа хэлэлцээр эхлүүлэх “босгоо намсгах”-ыг АНУ-д өчигдөр уриалжээ.

Тэрээр өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг Вашингтон-Пёньяны харилцааг сайжруулахад ашиглахыг хичээж байгаа юм.

Хойд Солонгос энэхүү боломжийг ашиглан өөрийн тамирчид, урлагийнхан, дээд албаны хүмүүсээ Өмнөдөд илгээсэн. Нээлтийн ажиллагаанд Ким Жон Уны дүү тусгай элчээр ирсэн бол хаалтын ажиллагаанд нөлөө бүхий генералаа Пёньян илгээсэн юм.

Гэвч арга хэмжээнүүдийн үеэр Хойд Солонгос, АНУ-ын хооронд ямар нэг харилцаа үүсээгүй өнгөрсөн билээ. Харин Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “хамгийн хатуу” гэгдэж байгаа эдийн засгийн хоригийг зарласан юм.

Өчигдөр олимпийн хаалтын ажиллагаанд ирсэн Хятадын элч Лю Яндонтай уулзах үеэр Мүүн Жэ Ин “Миний бодлоор АНУ хэлэлцээр эхлүүлэхэд тавигдаж байгаа шаардлагаа зөөллөж, Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах хүсэл зоригоо харуулах хэрэгтэй байна” гэжээ.

“АНУ-Хойд Солонгосын талуудыг нэг ширээний ард яаралтай зэрэгцүүлэн суулгах хэрэгтэй байна” гэж хэлээд Мүүн Хятадын талд дэмжиж ажиллахыг хүссэн байна.

Тэрээр өнгөрсөн Ням гарагт Хойд Солонгосын төлөөлөгчдийн ахлагч, генерал Ким Ён Чолтой уулзсаныхаа дараа Пёньян Вашингтонтой хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг мэдэгдсэн юм.

Үүний хариуд Цагаан ордон “Пёньяны хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа тухай мэдээ нь үнэхээр цөмийн зэвсгээсээ татгалзах анхны алхам мөн эсэхийг харах хэрэгтэй байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл тэд энэ мэдээнд эргэлзэнгүй хандаж, Пёньяны дараагийн алхмыг хүлээж байгаа бололтой.

 

Эх сурвалж: AFP