Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Ганзориг: Зээлийн хүү буурна. Гэхдээ социалист аргаар биш

Д.Мягмардорж
2018 оны 2 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Банкны холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа арилжааны банкууд дээр ажилласан гэж байна. Салбарын хүрээнд ямар ажил хийх шаардлагатай байна. Ерөнхийдөө банкны холбоог зээлийг хүүг бууруулахын эсрэг бүлэг хүмүүс мэтээр ойлгох боллоо?

-Битүүний урд өдөр Монголын банкны холбооны чуулга уулзалт болж, ерөнхийлөгчөөр миний бие сонгогдсон. Хоёр, сунгаад нэг гээд гурван жил ажиллах байх. Холбооны гол үндсэн зорилго бол Монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийг бататгах, банкуудын эдийн засагт оруулж буй үүргийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн банкны хууль тогтоомжид саналаа оруулж тусгуулах, салбарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо.

Салбарын эрх ашгийг хамгаална гэхээр иргэдэд ашиггүй, эдийн засагт хохиролтой үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш. Иргэд ашиг орлоготой, хөрөнгө чинээтэй байж банкны өөрийнх нь ашиг өсдөг учраас Монголын банкны холбоо нийт эдийн засгаа том утгаар нь харж ирсэн гэж бодож байна. Ажлаа авсан даруйдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын гүйцэтгэх захирлуудтай очиж уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Банкны захирлууд эдийн засгийн хөгжлийг яаж түргэтгэх вэ, төрөөс гарч буй хууль тогтоомжийг хэрхэн олон улсын эдийн засгийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, макро эдийн засгийн хуулиудтай нийцүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж байна. Мөн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийгдсэн активын чанарыг үнэлгээний дүн, зээлийн хүүг бууруулах асуудлаар хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.

-Банкны захирлууд зээлийн хүү бууруулах асуудалд ямар байр суурь илэрхийлж байх юм?

-Монголын банкууд дээр үеэс өндөр хүү зээлдэгч нарт муугаар нөлөөлж байгаа асуудлыг тогоон дотроо ярилцаж ирсэн. Банк бол 100 төгрөг зээлдүүлчхээд, 100 төгрөг дээрээ нэмж хүүгээ авдаг байгууллага. Мэдээж, өндөр хүүтэй зээл авсан хүн түүнийг дийлэхгүйд хүрч эрсдэл үүсэх нь ойлгомжтой. Банкны гүйцэтгэх захирлуудын хувьд зээлийн хүүг бага байлгах асуудалд санал нэгтэй байгаа.

Гагцхүү энэ асуудлыг холбоон дотроо түлхүү ярьдаг. Эдийн засгийн эрдэмтэн мэргэдтэй ярьдаг болохоос олон нийтэд хэлж таниулсан нь харьцангуй бага байсан байж магадгүй. Тэгэхээр банкны холбооны ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Энэ чиглэлээр тодор-хой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржтэйгээ хамтарч ажиллана.

Нөгөө талаар зээлийн хүү өндөр байснаар банкууд их ашиг хийгээд байгаа юм шиг ойлголт олон нийтийн дунд аль хэдийнээ тарчихсан. Гэтэл бодит амьдрал дээр эсрэгээрээ зээлийн хүү өндөр байх нь эхлээд зээлдэгчид, зээл нь муудаад ирэхээр банкинд хохирол учруулах сөрөг үр дагавартай.

-Зээлийн хүү өндөр байх харин ч банкинд ашиг болж байгаа юм биш үү?

-Энэ бол зүй ёсны асуулт. Үүнд тайлбар хэлье. Банкны ашиг хүүгийн зөрүү буюу олон улсад маржин гэж нэрлэгддэг зүйл дээр явдаг. Маржин гэдэг нь хадгаламжийн хүү зээлийн хүү хоорондын зөрүүг яриад байгаа юм.

Түүнээс зээлийн хүү өндөр байх огт хамаагүй. Өнөөдөр манай банкны салбарын хадгаламжийн хүү дунджаар 15 хувь, зээлийн хүү 18 хувь байна гэж үзвэл, энэ хоёрын зөрүүнээс гурван хувийн ашиг гарч байна. 2017 онд Монголын банкны маржиныг Америкийнхтай харьцуулж судалсан. Монголын банкууд гурван хувийн ашигтай ажилладаг бол Америкийнх ч ялгаагүй гурван хувьтай гарсан.

Мэдээж, Америк бол өндөр өрсөлдөөнтэй, 2,000 гаруй банктай улс. Энэ утгаараа манай банкуудын өрсөлдөөн харьцангуй эрүүл байгаа гэдэг дүгнэлтийг би хувьдаа хийсэн. Тиймээс Монголын банкны холбооны ирэх жилүүдэд гол анхаарах ажлын нэг бол зээлийн хүүг зохистой байдлаар бууруулах асуудал байна. Гэтэл одоо зохисгүй буюу олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, макро эдийн засгийн хуулийн эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах тухай яриа гадуур газар авах боллоо. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үг байдаг.

Монгол Улс 70 жил социалист, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг бодлогыг баримталж ирсэн. 1990 онд энэ нь буруу юм байна гэдгийг ойлгоод социалист эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ нуран унасныг та бүхэн санаж байгаа. Тэгвэл XVI зуунаас чөлөөт зах зээлийн зарчим тогтолцоогоор явсан Англи, Норвеги, Финланд ямар төвшинд өндөр хөгжиж буйг бид харж байна. 1960 оноос чөлөөт зах зээлийн тогтолцоонд орсон Сингапур, Өмнөд Солонгос яаж хөгжиж байгаа билээ, Зээлийн хүүг бууруулах ёстой юу гэвэл, ёстой. Бид бууруулах болно.

Үүнийг улстөрчид, банкирууд, эдийн засагчид, даатгалынхан, брокерууд, эрдэмтэдтэйгээ хамтарч хийх ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой шүү. Үүнийг эдийн засагч, банкирын хувьд онцгой анхаарууЛж хэлмээр байна. Бидний сонгосон ардчилсан үнэт зүйлээ баримтлаад явахын оронд нөгөө л 1940 онд малыг хүчээр нийгэмшүүлсэн шиг юм хийх гэж оролдвол, эргээд маш том хохирлыг бидэнд авчирна.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бидний гаргасан хамгийн том алдаа бол хүн төрөлхтний 600 жил явсан ардчилсан чөлөөт зах зээлийн ололт амжилт, оюун ухаан, эрдэм мэдлэгийг авч ашиглахын оронд, социалист аргаар хүчээр шийдэж ирсэн явдал. Одоо сургамж авъя, чөлөөт зах зээлийнх нь дагуу эдийн засгаа удирдъя. Аргыг нь “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги’’-д гэж гарчиглаад, зээлийн хүү өндөр байгаагийн учир шалтгааныг оношилж, бууруулах аргачлалуудыг бэлэн биччихсэн байна. Хэн ч аваад уншихад нээлттэй.

-С.Эрдэнэ гишүүний санаачлаад буй хуулийн төслийн танилцуулгад Монголын банкуудын маржин 13 байгааг олон улсын судалгааны байгууллагаас эш татан дурдсан. Мөн зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр ч эдийн засагчийн нийтлэлд банкуудын маржин 13 хувь байгааг онцолсон байна лээ. Та хаанаас гурван хувь гэдэг тоог гаргаад ирэв?

-Тэд нар хаанаас 13 гэдэг тоог гаргаж ирсэн юм бол. Банкны салбарын зээлийн хүүг Монголбанкны цахим хуудас руу ороод харж болно. Тэгвэл 18 хувь гэдэг тоо бий. Харин арилжааны банкны аль ч салбарт ороод харахад, жилийн хугацаатай хадгаламжийн хүү 15.5 хувьтай байгаа.

-Монголбанкны цахимд хуудсанд 18 хувь гэж байна лээ. Гэхдээ таны хэлснээр аль ч банкны салбарт ороод зээлийн хүүтэй нь танилцахад багадаа 24 хувийн хүү санал болгож байна лээ?

-Би “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт 18 хувийн хүүтэй зээл шийдэж өгөөд явуулсан байх жишээтэй. Банкуудад олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн байдаг. Эрсдэл багатай, сайн барьцаа хөрөнгөтэй зээлийн хүү 16, 17 хувьтай байгаа.

Хадгаламжийн хүү 15 байхад, 16 хувийн хүүтэй зээл гаргах тохиолдол ч байгаа гэдгийг хэлэх гээд байна. Эрсдэл өндөртэй, хугацаа богино, барьцаагүй шахам зээл дээр зарим банкууд 24-25 хувийн хүүтэй зээл санал болгодог.

-Банкны холбоо өнгөрсөн хугацаанд гаднын банк оруулж ирэхийн эсрэг байр суурийг илэрхийлж ирсэн. Таны хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Би хувь хүний байр сууриа өмнө нь олон удаа илэрхийлсэн. Гадаадын банк орж ирэхийг хоёр гараа ергөж дэмжинэ гэж. Монголын банкууд гаднын банк орж ирэхэд өрсөлдөөн үүснэ гэдэг утгаар нь эсэргүүцсэн зүйл байхгүй. Харин үндэсний аюулгүй байдлын төвшинд энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг байр суурийг Монголын банкны холбооноос илэрхийлдэг. Өнөөдөр ч гэсэн би болоод манай холбооны удирдах зөвлөл санал нэгтэй байна гэдэгт итгэж байна.

Гадаадын банк орж ирээд өрсөлдөөн бий болгохыг бид 100 хувь дэмжинэ. Үндэсний эрх ашгийн хувьд болгоомжтой хандах ёстой. Тодорхой зохицуулалтуудыг хийх ёстой. Ер нь Монголд гадаадын банкууд ороод ирчихсэн шүү дээ. Монгол Улсын топ таван банкны хоёрын 51-ээс дээш хувийг гаднынхан эзэмшдэг. Тэгвэл топ таван банк нийт системийн 90 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаадын банкны салбарыг оруулж ирэх асуудлыг ярьж байгаа.

Өнгөрсөн хугацаанд хэн ч гадаадын банкны салбар, Монгол Улсад бүртгэл гаднын банк хоёрын ялгааг ярьсангүй. Монгол Улсын банкны үйлчилгээний дийлэнх хэсгийг Монголд бүртгэлтэй, Монголд гүйцэтгэх захирал нь суудаг банк үзүүлэх ёстой. Учир нь, банкны аливаа шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргадаг. Аль нэг салбарын захирал ямар нэгэн хэлцэл хийх эрхгүй.

Лондонд төвтэй банкны салбарын захирал Монгол Улсын эдийн засгийн сайн сайхны төлөө шийдвэр гаргаж чадахгүй. Зөвхөн төвөөс өгсөн бодлогын шийдвэрийг биелүүлнэ. Нэг салбар орж ирээд өрсөлдөөнийг нь Монголын банкны салбар дийлэхгүй уналаа гэж бодъё. Ирээдүйд Монголын банкны салбарыг хэн удирдах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Монгол Улс стратегийн, геополитикийн төвшинд шийдвэр гаргах гэж байгаа дотоодын секторын дийлэнхийг энд төвтэй, тархи нь эндээ байдаг банкууд удирдах шалгуур тавих ёстой. Энэ бол миний мэргэжлийн хүний үүднээс хэлэх байр суурь.

-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Олон улсын аудитын байгууллагаас манай банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай, салбарын хүрээнд эрүүлжих ёстой гэдгийг зөвлөсөн байна лээ. Энэ талаар Банкны холбооноос ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ асуудлыг бүх банкны гүйцэтгэх захирлуудтай уулзах үеэр ярилцсан. Банкны захирлууд Олон улсын аудитын байгууллагаас гаргасан дүнд сэтгэл хангалуун байгаа. Шалгалт хийхийн өмнө банкуудыг харлуулах, өнгөрсөн 28 жилийн турш нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь үгүйсгэх үзэгдэл битүү явлаа. Олон улсын төвшинд ч Монголын банкууд өвчтэй байгаа гэдэг ойлголтуудыг төрүүлэх яриануудыг хийж ирлээ.

Миний хувьд энэ үйл ажиллагаанд их харамсаж байсан. Гэвч үнэн юм болдгоороо болж шалгалтын үр дүн маш сайн гарлаа. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгөд дутагдаж буй хөрөнгийн хэмжээг ДНБ-ий 1.9 хувь гэж зарласан. Энэ бол 28-хан жилийн түүхтэй, улс төрийн байдал нь ороо бусгаа банкны секторыг Европын төв банкны стандартаар шалгасан гэхэд үнэхээр сайн үзүүлэлт.

Сүүлийн хэдэн жил эдийн засгийн хүнд үеийг туулсан банкууд энэ дүнг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн эдийн засгийн өсөлт энэ дутагдлыг нөхчих болов уу гэж харж байна. Хангалттай ч хугацаа өгөгдсөн. Гэхдээ энэ бол Монголын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг банкуудыг Европын стандартаар шалгасны үр дүн шүү.

-УИХ-аас банкны салбарын хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт орууллаа. Цаашид хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах санаачилга гарч байна. Банкны холбооны зүгээс ямар үүрэг оролцоотой байх вэ. Саналаа хүргүүлсэн үү?

-Олон улсын валютын сангийн зүгээс Евро стандарт руу шахаж байгаа. Үүнийг Монголын банкууд найрсгаар хүлээн -авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцүүлэхийг дэмжинэ. Гэхдээ зайлшгүй хэлэх хэрэгтэй хэдэн зүйл байна. Нэгд, бид Европ биш. Энэ банкны систем чинь 28-хан жилийн түүхтэй. 500 жилийн түүх хөгжлийн үндсэн тогтсон стандартыг Монголд шууд наах нь эдийн засагтаа хохирол дагуулж болзошгүй.

Хөгжиж буй улсын өөрийн онцлог гэж байна. Улс төрийн хувьд бие биеэ үгүйсгэдэг. Дээрээс нь, гадаад худалдааны хувьд урд хөршөөсөө, хойд хөршөөсөө нефтийн хамааралтай, олон улсын таваарын зах зээлээс мэдрэмтгий ийм улсад ажиллаж буй банкны сектор маш уян хатан байх ёстой. Тэгж ч явж ирсэн. Ингэж явсныхаа хүчинд Европын Төв банкны том стандартыг давж чадлаа.

Гэтэл Казахстаны, Кыргызстаны банкны сектор яасан билээ. Тэгэхээр Монголын банкны сектор бизнесийн салбарууд дундаа манлайлагч болж, олон улсын стандартыг шингээж чадаж байгаа юм байна гэх бахархах сэтгэгдлийг төрүүлж байна. Олон улсын стандартыг Монголд нутагшуулах хэрэгтэй бол дээрх асуудлыг анхаарах ёстой.

-Арилжааны банкуудыг муулах шалтгаан нь бараг л бизнесийн бүх салбарт оролцож байгаа явдал юм болов уу. Уул уурхайн томоохон орд газар, газар тариалан, барилга хүртэл арилжааны банкуудтай нэр холбогддог боллоо.

-Миний ойлгож байгаагаар арилжааны банк ямар ч салбар руу ороогүй шүү дээ. Хуулиараа болохгүй. Банк тухай хуулиар банк бол зөвхөн зээл өгөх эрхтэй болохоос хувьцаа худалдаж авах эрхгүй. Зээлийн барьцаа хөрөнгө гэдэг шалтгаанаар компанийн 10 хүртэл эзэмших боломжтой.

-Дэргэдээ охин компани байгуулах замаар оролцох болсон шүү дээ.

-Энэ банк тэр бизнес рүү орсон гэдэг асуудлыг баримттай ярих ёстой болохоос биш УИХ-ын чуулган дээр арилжааны банкууд бизнес худалдаж авлаа гэж ярьж болохгүй. “Голомт”, “Хас”, Төрийн банк гэх мэтчилэн нэг нэгээр нь ямар бизнест орсныг нь тогтоох хэрэгтэй. Банкууд доороо охин компани байгуулж, өөр салбарын бизнес рүү орсон нэг ч тохиолдол байхгүй гэдэгт би итгэж байна. Тийм сонирхол, зав байхгүй. Үүнд, Монголбанкны ерөнхийлөгч илүү сайн хариулах байх.

-Банкуудыг дагасан бас нэг шүүмжлэл байдаг нь бизнесийн зээлийн барьцаа өндөр байгаа явдал. Зээлийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр Банкны холбоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-“Голомт" банкнаас гаргасан зээлийн карт 45 хоног хүүгүй. Бусад банкнаас гаргаж буй ямар ч барьцаагүй 3-4 жилээр олгодог цалингийн зээлийг миний хувьд хэтэрч байгаа гэж боддог. Үүнээс эрсдэл харагдаад байгаа юм. Бизнес эрхлэгчдийн хувьд банкууд барьцаа шаарддаг. Цаашид барьцаанаас илүү бизнес төлөвлөгөөнд нь үндэслэн зээл өгдөг систем рүү явна.

Мөн өнөөдөр эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа банк бус санхүүгийн байгууллагууд болон ломбардуудыг доош нь хийж болохгүй. Барууны мафижсан мөнгө хүлээлтийг үүнтэй хутгаж болохгүй. Шударгаар харилцагч нартаа хэрэгтэй бизнес хийж байгаа банк бус санхүүгийн байгууллагууд, ломбардууд олон бий. Мөнгө хүүлэлт гэж хүнийг айлган сүрдүүлэлт нэмэгдэж орсон, төлж чадахгүйг нь мэдсээр байж утга учиргүй өндөр хүүтэй өгдөг аргуудыг хэлдэг. Үүнийг хуулиар хүүгийн дээд хэмжээ зааж өгч, хязгаарладаг.

-Ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгох ямар боломжууд байгаа вэ?

-Чех Улсад ипотекийн зээлийн жилийн хүү хоёр хувь байна. Найман хувийн хүүтэй орон сууцын зээлэнд сард 400-500 мянган төгрөг төлдөг бол хоёр хувийн хүү болж буурснаар сарын төлбөр 200 мянга руу орж бууна. Чех манайхтай л адил социалист улс байсан. Адилхан 1990 онд чөлөөт зах зээлийн системд шилжсэн.

Чехүүд яаж ипотекийн зээлийн хүүг хоёр хувь хүртэл буулгаж чадав. Даатгалын систем, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадсан. Энэ мэт зээлийн хүүг бууруулах бодит жишээ нь бэлэн байна. Бид шинэ зүйл сэтгэх шаардлагагүй. Ипотекийн зээлийн буух ёстой. Хүү бага байж хүртээмж нь нэмэгдэнэ.

-Зээлийн хүүг зохистой аргаар буурууллаа гэж үзэхэд хэдэн хувь хүртэл буурах боломжтой бол?

-“Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги’’-д 2020 он гэхэд нэг оронтой тоонд оруулна гэж тусгасан. 2017 онд “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”-ийг гаргасан гэж үзэхээр одоо 2018 оны эхний улирал дуусах гэж байна. Бид буруу газраасаа буруу зүйлээ хайгаад л байна гэсэн үг. Энэ хугацаанд УИХ-ын төвшинд ажлын хэсэг байгуулаад явж байна.

Зураг