Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Японд ирсэн Америк жуулчин танилцсан эмэгтэйгээ хөнөөж, биеийг нь тараан нуусан хэрэг гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Японд АНУ-аас ирсэн жуулчин эр танилцах үйлчилгээгээр уулзсан эмэгтэйгээ олон хэсэг мөчлөн хувааж, хотын гадна тараан нуусан хэрэг гарчээ.

Эмэгтэйг сураггүй алга болсны дараа өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын иргэн, 26 настай Евгений Васильевич Байрактар гэгчийг цагдаа нар баривчилсан байна. Дараа нь Бямба гарагт алга болсон эмэгтэйн толгойг Осака дахь Байрактарын түрээсийн байрнаас олжээ.

Үүний дараа тэр Хёго мужийн Санда хотын оршин суугч, 27 настай эмэгтэйн амийг хөнөөж, биеийг нь хэсэгчлэн хуваагаад Осака мужийн Шимамото, Киотогийн Ямашинагийн уулнуудад тараан нууснаа хүлээсэн байна.

Одоогоор амиа алдсан эмэгтэй хэн болохыг тогтоогоогүй байгаа гэнэ. Байрактар нь нэгдүгээр сарын сүүлээр Японд ирсэн ба алга болсон эмэгтэйтэй хамгийн сүүлд хамт явж байсан эрэгтэй болохыг баримтаар тогтоожээ.

Тэд Япон хүмүүс гадаадын иргэдтэй танилцдаг аппликэшн ашиглан танилцаж, уулзсан байна.

Гудамжны хяналтын камерт Байрактар алга болсон эмэгтэйтэй хамт Осака дахь түрээсийн байр руугаа орж яваа дүрс үлджээ. Харин үүнээс хойш эмэгтэйн гарч яваа дүрс бичигдээгүй ба Байрактар хэд хэдэн удаа аяны цүнхтэй гарч явсан нь бичигдсэн байна.

Уг байрыг хоёрдугаар сарын 12-ноос түрээсэлж, 15-ны өдөр хохирогч эмэгтэй ажлынхаа дараа энд хамт ирсэн байна. Байрактар нь хэд хэдэн эмэгтэйтэй танилцан уг байранд авчирч байсан бол алга болсон эмэгтэйгээс өөр хэнд ч хор хүргээгүйг цагдаа нар баталжээ.

 

Эх сурвалж: Associated Press, Kyodo