Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татан шалгаж байгаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлыг АТГ-т шилжүүлсэн гэж байсан. Энэ талаар тодруулбал?

Т.Баярхүү: "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал шалгагдаж байгаа гэсэн үг.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа төрийн тамга хуурамчаар үйлдсэн гэх хэрэг ямар шатандаа явж байна вэ?

Т.Мөнхтунгалаг: БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдлыг нийт 5 удаа ирүүлсэн. Тамга, тэмдгийн холбогдох тогтоол зааврыг зөрчиж шинээр хийсэн байж болзошгүй энэхүү асуудлыг АТГ харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Одоогоор хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

Т.Баярхүү: УИХ-ын гишүүн Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авч, шинжилгээний хариу гарсан байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

-УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгахгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

Т.Мөнхтунгалаг: УИХ-ын гишүүний ХОМ-ийн хуулгыг Авлигын эсрэг хуулийн 13-дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгадаг. Тиймээс энэ тухай гомдлыг АТГ УИХ руу шилжүүлсэн. Бид УИХ-ын гишүүдийн мэдүүлгийг бүртгэж хураангуй хэлбэрээр мэдээлдэг хуулийн зохицуулалттай.

-УИХ-ын гишүүн асан Д.Арвинд холбогдох асуудал ямар шатандаа байна вэ? Шүүхэд шилжсэн үү?

Т.Мөнхтунгалаг: Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ахуйн үйлчилгээний цэг байгуулах 1.3 тэрбум, сургалтын төв байгуулах 150 сая буюу нийт 1.5 тэрбум төгрөгийн зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүй эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлж, хууль тогтоомж зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.