Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын эсрэг хамгийн том хоригийг АНУ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэмийн цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ өчигдөр ээлжит эдийн засгийн хоригоо зарлалаа. Энэ нь урьд өмнө хэрэгжиж байсан бүх хориг арга хэмжээнүүдээс хамгийн томд тооцогдож байна.

Хоригт нэг хувь хүн, 27 байгууллага, 28 далайн тээврийн хөлөг багтжээ.

Хөлгүүд нь Хойд Солонгос, Хятад, Сингапур, Тайвань, Хонг Конг, Маршаллын арлууд, Танзани, Панам, Коморын арлуудад бүртгэлтэй, эсвэл далбааг нь ашигладаг байгаа юм.

Өмнө тавигдсан эдийн засгийн хоригуудыг зөрчиж, Хойд Солонгосын гадаад худалдааг дэмжин ажиллаж байсныхаа төлөө тэд хоригт багтаж байна.

Хоригт хамрагдсан нэг хувь хүн нь Тайваний иргэн Цан Юн Юань юм. Түүний эзэмшдэг хоёр компани мөн хоригт багтжээ.

Түүнийг Оросоор дамжуулан Хойд Солонгосын нүүрсийг гадаад зах зээлд гаргаж байсан, Хойд Солонгостой наймаа хийдэг Оросын компаниас $1 саяын газрын тос худалдаж авсан гэж буруутгасан байна. Хоригт багтсан хувь хүн, байгууллагуудын бүх данс, санхүүгийн гүйлгээ зэргийг АНУ-ын талд зогсоох ажээ.

Дональд Трампын ээлжит хориг Пёнчаны Өвлийн Олимпийн наадам өндөрлөх цаг үед тохиож байгаа юм. Тэрээр олимпийн үеэр хоёр Солонгосын хооронд бий болсон харилцааны дулаарлыг үл харгалзан Пёньянд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхээ амлаж байв.

 

Өчигдөр Трампын охин Иванка олимпийн хаалтын ажиллагаанд оролцох АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэн Өмнөд Солонгост ирсэн. Тэр аавынхаа бодлогыг Өмнөдийн ерөнхийлөгч Мүүн Жэ Инд дамжуулах нь тодорхой.

Өөр нэг сонирхолтой мэдэгдлийг Трамп өчигдөр хийсэн байна.

Хориг зарласныхаа дараахан Трамп Вашингтонд айлчилж байгаа Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбуллтай хамтарсан мэдэгдэл хийхдээ “Хэрвээ энэ хориг үйлчлэхгүй бол бид хоёрдугаар шатанд шилжинэ. Хоёрдугаар шат бол маш хатуу, магадгүй дэлхий дахинд таагүй алхам байх болно” гэжээ.

Гэхдээ тэр “хоёрдугаар шат” гэдэгт юуг өгүүлж байгаагаа хэлээгүй байна.

 

Эх сурвалж: Russia Today, South China Morning Post