Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 27: Бизнесийн зорилт болон эрхэм зорилгыг тодорхойлох нь

ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
 

-Бид ямар бизнес эрхэлдэг вэ?-

Компани ямар бизнес эрхэлдгийг мэдэх нь маш энгийн, тодорхой зүйл юм. Төмөрлөгийн үйлдвэр төмөр хийж, төмөр зам ачаа бараа, хүмүүсийг зөөж, даатгалын компани галын эрсдэлээс сэргийлэн даатгаж, банк мөнгө зээлүүлдэг.

Гэвч үнэндээ "Бид ямар бизнес эрхэлдэг вэ?" гэсэн асуулт тийм ч амар асуулт биш бөгөөд хариулт нь төдий л тодорхой биш билээ.

Бизнесийг тухайн компанийн нэр, дүрэм, хуулийн этгээдээр батлуулсан журам гэх мэт зүйлс тодорхойлдоггүй. Харин хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ худалдан авахдаа сэтгэлээ хангах хүсэл эрмэлзлээр тодорхойлогдоно. 

Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах нь бүх бизнесийн эрхэм зорилго мөн зорилт юм. Тэгэхээр "Бид ямар бизнес эрхэлдэг вэ?" гэсэн асуултын хариултыг байгууллагын гаднаас, хэрэглэгчийн болон зах зээлийн өнцгөөс харж байж болно. 

Хэрэглэгчийн ямар ч үед харж, бодож, итгэж, хүсэж байгаа зүйл нь менежментийн бодит баримт болж, худалдааны төлөөлөгчийн тайлан, инженерийн туршилт, нягтлангийн тоо баримт шиг чухал зүйл байх ёстой. 

Мөн удирдлагууд нь хэрэглэгчийн бодлыг таах гэж оролдохоос илүүтэйгээр шууд саналыг нь сонсох нь чухал.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Энэ долоо хоногийн туршид өдөр бүр нэг шинэ хэрэглэгчтэй ярилц. Тэднээс компанийг тань юу гэж хардгийг, юу гэж боддогийг, ямаршуу компани гэж итгэдгийг, юу хүсэж хүлээдгийг мэдэж ав. Энэхүү мэдээллээ компанийнхаа эрхэм зорилгыг тодорхойлохдоо ашигла.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.