2018/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.84₮
B32
УЛААНБААТАР
15°
|
-1°
B32
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-4°
05:00
S32
-4°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мандхай: Өвсөр насныхны 14.3 хувь нь ямар нэгэн хэмжээгээр тамхи, согтууруулах ундаа хэрэглэж байна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN

 Өсвөр үе залуучуудын хорт зуршлын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй /СЭМҮТ/ хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай "21-р зууны анагаах ухааны салбар эмчилгээнээс урьтаж урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд хийх бодлого барьж байгаа. Үүнтэй холбогдуулан манай СЭМҮТ өсвөр насныхны согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, донтолтоос сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад өвсөр насныхны 14.3 хувь нь ямар нэгэн хэмжээгээр тамхи, согтууруулах ундаа хэрэглэж байна. Энэ нь маш том асуудал.

Мөн СЭМҮТ-ийн сүүлийн 5-10 жилийн статистикаас харахад хүүхдийн дэлгэцийн донтолт гурав дахин ихэссэн. Тиймээс энэ асуудалд анхааран, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийх нь зөв" гэлээ.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зайлшгүй шаардлагатай

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “2017 онд бид СЭМҮТ-тэй хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.

Цуврал сургалт, нөлөөллийн ажлыг 30 удаа хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн удирдлага болон сургагч багш, хамт олонд талархал илэрхийлье. Жилийн эцсийн байдлаар бид тус үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3,019 сурагч, оюутан, залуучуудыг хамрууллаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байна. Тухайлбал 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэсэн байдаг.

Судалгаанд хамрагдсан 7,000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна.

Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Энэ жил нийслэлийн дүүрэг тус бүрт багадаа гурван удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөн СЭМҮТ-тэй хамтын ажиллахаар боллоо” гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн тамхидалт нэмэгдэх хандлагатай байна

 

СЭМҮТ-ийн Их эмч Ж.Гантулга "Донтох эмгэгийн чиглэлээр өсвөр насны хүүхдүүд оношлогдон, хэвтэн эмчлүүлнэ гэж байдаггүй. Харин энэ насандаа эмгэг эхлэх суурь нь тавигдаж байдаг. Архи, тамхи гэсэн зуршлууд хүний аль ч насанд байж болохгүй. Насанд хүрсэн ч хүн эдгээрээс хол байх нь зүйтэй.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жилд долоон сая гаруй хүн тамхины шууд нөлөөнд автаж байна гэсэн судалгаа гаргасан. Үүнээс 890 мянга орчим нь тамхи татдаггүй хэрнээ бусдын дам тамхидалтанд өртөн нас барж байна. 

Мөн сүүлийн үеийн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн тамхидалт нэмэгдэх хандлагатай байгаа. СЭМҮТ-д өсвөр насны хүүхдүүд олон асуудлаар ханддаг. Сүүлийн үед цахим, дэлгэцийн донтолт ихэсч байгаа учир хүн бүр анхаарах нь зүйтэй. 

Түүнчлэн мансууруулах бодистой холбоотой асуудлууд анхаарал татаж байгаа. Үүнд чиглэсэн ажлыг СЭМҮТ бусад байгууллагатай хамтран хийж байна" гэлээ.

x