Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэбаяр: Ховор бүлгийн цусыг -80 хэмд хөлдөөгөөд, 5-10 жилийн дараа хэрэглэх боломжтой

Б.Туул
2018 оны 2 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

- Цусны хэрэгцээ шаардлага сүүлийн жилүүдэд ихэссэн гэж байсан. Цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа шалтгаан нь юу байна вэ?

- Сүүлийн хэдэн жилийн хэрэглээнд анализ хийвэл 2006-2011 онд цус цуглуулалт жил бүр 4.5 хувь, хэрэглээ нь мөн адил 5 орчим хувийн өсөлттэй байсан. 2012-2016 оны тоогоор энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл цус цуглуулалт жил бүр 9.5 хувь, үйлдвэрлэл, захиалгын хэмжээ 10.0 хувь болсон.

Шалтгаан гэвэл олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, жилд 80 гаруй мянган эх төрж байна. Үүнээс үүдэлтэй төрөлтийн цус алдалтын хүндрэл өсөх хандлагатай. Мөн автын осол, гэмтлийн шалтгаантай цус цусан бүтээгдэхүүний захиалга өсөж байна. Халдварт бус өвчин ялангуяа зүрх судас, хавдрын өвчлөлүүд ихсэж, залуужих хандлагатай байна. Эдгээр нь хэрэгцээ нэмэгдэх гол хүчин зүйл болж байна.

-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хөгжиж байна. Энэ хэрээр бас цусны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа байх?

-Монгол Улсад 1990-ээд оны сүүл үеэс бөөр шилжүүлэн суулгаж эхэлсэн бол 2012 оноос эхлээд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Энэ мэс заслын үед авч, өгч байгаа хоёр хүнд хоёуланд нь цус зайлшгүй хэрэг болдог. Жирийн үед 14 хоног цуглуулах цусыг хоёр дахин нэмж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж байж элэг шилжүүлэн суулгах ажиллагааны бэлэн байдлыг хангах, яг тохирох бүтээгдэхүүнийг бэлтгэх шаардлага тулгардаг. 

Тухайн улсын эрүүл мэндийн салбарын түвшин, үзүүлж байгаа тусламж үйлчилгээтэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байдаг. Өмнө нь “зөвхөн О (I) бүлгийн цустай хүн л донор болдог” гэдэг ойлголттой байсан бол одоо өөрчлөгдөж, бидний ярьж хэвшсэнээр дөрвөн бүлгийн цус тухайн бүлэгтээ илүү тохирдог, эмчилгээний үр дүнтэй, хурдан илаарших тус дэмтэйг эрдэмтэн судлаачид тогтоон, дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөөд байна.

- Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж байхад шинэ тоног төхөөрөмж нэлээд харагдаж байна. Цусны  хадгалалт, хамгаалалт зэрэгт ахиц гарсан зүйл олон байгаа байх?

-Манай хамт олон өндөр хөгжилтэй орнуудын цусны албанд хэрэглэдэг орчин үеийн, шинэ технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, нутагшуулах ажлуудыг үр дүнтэй хийж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр V” төслийн хүрээнд ЦССҮТ болон орон нутгийн 26 салбар төвүүдийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангахаас гадна байрны засвар шинэчлэл, дотоод үйл ажиллагааны  урсгал зохион байгуулалтыг стандартын дагуу шинэчлээд байна. Манай төв нийтдээ 15-16 цоо шинэ технологийг нэвтрүүлсэн.  2017-2018 онд эдгээр технологийг нутагшуулах ажлыг хийж байна. Ингэснээр цус цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал олон улсын түвшинд хүрч чадлаа.

2013 оноос бид аппаратны тусламжтайгаар нэг хүнээс нэг удаад зургаан нэгж ялтаст эсийн бүтээгдэхүүн авах боломжтой болсон. Элэг шилжүүлэн суулгасан хүнд 10 нэгж ялтаст эсийн бүтээгдэхүүн авах захиалгыг өмнө нь 10 донороос бэлтгэдэг байсан бол одоо хоёр донороос л бэлтгэх боломжтой болсон. Энэ нь эмчилгээний үр дүнд ч сайн нөлөөтэй. Хүн бүрийн дархлааны тогтолцоо өөр. Гэтэл элэг шилжүүлэн суулгахын тулд тухайн хүний дархлааг дарангуйлах эмчилгээ хийдэг тул 10 өөр хүний бүтээгдэхүүн сэлбэснээс хоёр донороос бэлтгэсэн бүтээгдэхүүн илүү ач холбогдолтой байдаг. Мөн бид 2016 оноос эхлэн цус цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр олон удаа цус сэлбүүлэх шаардлагатай өвчтнүүдийн эмчилгээнд чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл олон хүний цус сэлбүүлснээр тухайн өвчтөнд эзэн биеийн эсрэг урвал үүсэх, үл тохироо үүсэхээс сэргийлдэг.

-Цус цусан бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломжгүй гэдэг. Үүнийг технологийн аргаар шийдсэн болов уу?

-Бидний бэлтгэж буй бүтээгдэхүүний хадгалалтын технологи ч мөн шинэчлэгдэж байна. Тухайлбал, улаан эсийн бүтээгдэхүүнийг өмнө нь 21-35 хүртэл хоногийн хугацаанд хадгалах боломжтой байсан бол даршлах уусмалыг сайжруулснаар одоо 42 хоног хүртэл хадгалж байгаа нь дэлхийн жишиг хугацаа юм. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг өмнө нь гурван сараас нэг жил хүртэлх хугацаанд хадгалдаг байсан бол одоо -80 хэмд хоёр жил хүртэл хадгалах боломжтой болсон.

Цаашид энэ хугацааг таван жил хүргэх боломжтой. Цус цусан бүтээгдэхүүний хадгалалтыг сайжруулах ялангуяа урт хугацаагаар хадгалах боломжгүй, нөөц үүсгэдэггүй ялтаст эсийн бүтээгдэхүүнийг үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон судалгаа хийгдэж байна. Энэ эс нь хүний цусанд 12 хоног тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд дунджаар тасалгааны температурт  тав хоног л хадгалах боломжтой. 

Сүүлийн жилүүдэд энэ бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалан эмчилгээний үйлчлэл үзүүлдэг био-идэвхт нэгдлийг ялган, эмчилгээнд хэрэглэх боломжийг судласан эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдээд байна.

-Манайд цусыг хөлдөөж хадгалах арга нэвтэрсэн үү. Ямар тохиолдолд энэ аргыг хэрэглэдэг юм бэ?

-Бидний хувьд улаан эсийг хөлдөөж хадгалах технологийг 2016 онд нэвтрүүлээд, нутагшуулж эхэлсэн. Ялангуяа ховор бүлгийн цусыг глицеринжүүлэн -80 хэмд хөлдөөгөөд, 5-10 жилийн дараа хэрэв тэр ховор бүлгийн цус яаралтай хэрэг болсон үед тусгай технологиор гэсгээн  хэрэглэх боломж бүрдээд байна. Мөн бас нэг чухал технологи нэвтрүүлсэн нь цус цусан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологи байна.

Энэ технологи 2003 оноос анх Францад нэвтэрсэн бөгөөд 2012 оноос АНУ, Канадад нэвтэрч, FDA-ийн зөвшөөрөл авсан байдаг. Харин Монгол Улсад 2016 онд нэвтэрсэн.

-Цусны төв шинэ байртай болоод удаагүй байна. Ер нь манайд цус цуглуулах төвүүд хангалттай байж чадаж байна уу?

- ДЭМБ-аас нэг саяас дээш хүн амтай томоохон хотуудад 6-8 цус цуглуулах төв байж шаардлагатай цусны нөөцөө бүрдүүлэх боломжтой гэж зөвлөдөг. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд ЦССҮТ, 26 цусны салбар төвүүдийг оролцуулан нийт 140 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Бид 2015 оныг хүртэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд  суурин  нэг төв, явуулын нэг багаар тус тус цус цуглуулдаг байсан бол одоо БГД, СБД (хуучин төв), БЗД-ийн шинэ төв гээд нийт гурван суурин төв болон шаардлагатай үед явуулын хоёр багаар цус цуглуулдаг болоод байна. Нэгж хугацаанд 30 гаруй донороос зэрэг цус цуглуулах боломжтой болсон. Мөн алслагдсан Багануур дүүрэгт нэг төв байгаа бөгөөд удахгүй Налайх дүүргийн цусны салбар төвийг дахин сэргээн шинэчлэн эхлүүлэхээр төлөвлөөд байна. 

Цаашид ХУД, СХД зэрэг олон хүн амтай газруудад шинэ төв байгуулах шаардлага байна. Тухайлбал СХД-ийн нэг иргэн цусаа өгөхийн тулд хотын түгжрэлээс шалтгаалаад цусны төв хүртэл явах, буцахад хамгийн багадаа хоёр цаг зарцуулна. Цусны төв дээр 30 орчим минутыг зарцуулдаг Үүнээс яг цус өгөхөд ердөө 6-8 минут л болно. Хэдийгээр тухайн хүн цусаа өгч, хэн нэгэнд амьдрал бэлэглэе гэсэн сэтгэл байвч түүнд хагас өдрийг зориулна гэдэг хүндрэлтэй. Энэ талаас нь аваад үзвэл зайлшгүй олон төв бий болгох шаардлагатай.

-Хөдөөгийн эмнэлгүүдэд хийгдэж буй мэс заслууд, орон нутагт гардаг зам тээврийн осол зэрэгт цусны хэрэгцээ их гардаг байх. Үүнд хэр бэлтгэлтэй байдаг вэ?

-Аймаг, сумдыг холбосон зам ихэнх нь хатуу хучилттай болсон ч үүнийг дагаад автомашины аваар ослын тоо нэмэгддэг. Цусны албанд ялангуяа орон нутгийн түвшинд удаан хадгалах бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх их чухал. Тайван үед зарцуулсан 1 төгрөг гамшиг онцгой байдлын үед зарцуулах 10 төгрөгтэй тэнцдэг гэж үздэг. Тиймээс цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бид мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн түшинд цус цуглуулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр үүрэг даалгавар өгөөд байгаа.

ЦССҮТ-ийн хувьд 2013 оноос Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж удаан хадгалах бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Ялангуяа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Иймд Засгийн газраас цусны хоёр төв байх шаардлагатай гэж үзсэн учраас шинэ төвийг барихаар шийдвэрлэсэн. Бид хуучин төвийн хоёрдугаар давхрыг ЭСҮТ-д балансаас балансад шилжүүлэн өгсөн бөгөөд нэгдүгээр давхартаа Цус цуглуулах төв болон Цусны нөөц төвийг шинэчлэн зохион байгуулаад байна.

Зураг