Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс тэрбумтан болсныхоо дараа худалдаж авсан хамгийн “тэнэг” хоёр зүйлийг нэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт тэрбумтан Билл Гэйтс анх удаагаа Эллен Деженересийн ярилцлагын шоунд уригдаж оролцжээ.

Гэйтс бол Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, Bill & Melinda Gates Foundation буяны байгууллагыг үүсгэгчдийн нэг, өнөөдрийн байдлаар $91.8 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн хоёр дахь баянд тооцогддог юм.

Тэр 31 насандаа тэрбумтны эгнээнд орж, албан ёсоор хамгийн залуу тэрбумтан болж байжээ.

Харин тухайн үед Гэйтс мөнгөө төдийлөн үрдэггүй байснаа Деженерестэй ярихдаа дэлгэсэн байна. Гэйтс “Надад тансаг эд зүйлийн сонирхол төдийлөн их байгаагүй тул тэрбумтан болоод бараг өөрчлөгдөөгүй” гэж ярьжээ.

Тэр тухайн үед ажилтнуудынхаа баталгаат цалин хангамжинд илүү анхаарал тавьж байсан гэнэ. Хөтлөгч түүнээс тэрбумтан болоод “үнэхээр Порше машин худалдаж авах бодол төрж байгаагүй гэж үү?” хэмээн асуухад Гэйтс “Тэгсэн. Энэ бол миний нэг тэнэглэл байсан. Дараа нь өөртөө зориулж хувийн онгоц авсан нь бас нэг тэнэглэл байв. Ийм л хоёр тэнэг зүйлд мөнгө үрж байв” гэжээ.

Гэйтс үүнээс өмнө хувийн онгоц худалдан авснаа “ухаангүй тансаглал”, “том сагсуурал” гэх зэргээр нэрлэж байсан удаатай. Түүнд Bombardier BD-700 Global Express загварын 19 хүний суудалтай онгоц байдаг ба үнэ нь $40 саяд хүрдэг юм.

Нэгэн үе бизнесмэн байсан Гэйтс сүүлийн жилүүдэд эхнэр Мелиндагийн хамт зөвхөн сайн үйлсэд анхаарал хандуулж, хүн төрөлхтний эрүүл мэнд, хөгжил, боловсролд зориулан их хэмжээний хөрөнгөө зарцуулаад байгаа юм. Тэр бас бусад тэрбумтнуудыг ч хөрөнгийнхөө ихэнхийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулахыг уриалдаг.

 

Эх сурвалж: Business Insider