Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн ерөнхийлөгч $735 саяын крипто валютын захиалга авснаа зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Венесуэль улс өчигдөр буюу Мягмар гарагт өөрийн шинээр гаргаж байгаа Петро крипто валютын урьдчилсан борлуулалтыг эхэлсэн юм.

Тэд эдийн засгийн хямралыг даван туулахын тулд анх удаа засгийн газрын крипто валют гаргаж байна. Өчигдөр эхний багц болох 38.4 сая ширхэг Петрог зарах ажиллагаа эхэлсэн юм.

Ирэх гуравдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх урьдчилсан захиалгын эхний 20 цагийн байдлаар $735 саяын худалдан авах хүсэлт хүлээж авснаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро зарлажээ.

Тэр “Петро бол манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлж, Венесуэлийн айл өрхүүдийг сөхрүүлж, газрын тосыг маань булаах зорилготой гадаадын гүрнүүдийн шахалт, дарамтыг давахад туслах юм” гэж энэ үеэр хэлсэн байна.

Каракасын засгийн газар нийтдээ 100 сая ширхэг Петрог зах зээлд гаргах юм. Анхны үнэ нь $60 байх бөгөөд энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын дундуурх Венесуэлийн нэг баррел түүхий газрын тосны ханш гэнэ. Цаашдаа Петрогийн үнэ зах зээлийнхээ хуулиар өөрчлөгдөнө гэж төлөвлөжээ.

Урьдчилсан захиалгын үе шат дуусаад гуравдугаар сарын 20-нд үлдсэн 44 сая Петрог зах зээлд гаргана. Засгийн газар өөрөө 17.6 саяыг нь нөөцөндөө үлдээх юм.

Венесуэль улс дэлхийд хамгийн том газрын тосны батлагдсан нөөцтэй. Гэвч эдийн засаг, улс төрийн хямралд гүнзгий нэрвэгдээд байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Мадуро АНУ, Европын Холбооны эдийн засгийн хоригийг крипто валют гаргаснаар даван туулна гэдгээ зарласан юм.

Зарим судлаачид тэдний энэ оролдлогыг богино хугацаандаа амжилттай болж магадгүй ч урт хугацаанд бүтэлгүйтнэ гэж үзэж байна.

Венесуэлийн нийт экспортын 96 хувийг газрын тос эзэлдэг. Тиймээс газрын тосны нөөцөөр баталгаажсан Петрогийн ханш газрын тосны үнийн уналтаас шууд хамаарах гэнэ. Мөн Каракасын дэглэмийн эдийн засгаа сэргээх чадварт итгэх итгэл чухал нөлөөтэй байх ажээ.

Одоогоор тус улсын гадаад өр $150 тэрбумд хүрснийг зарим судлаачид тооцоолж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP