Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цэвэрлэхийн үнэр нийслэлийг "утахтай" зэрэгцэн шинэ байгууламжийн ажил эхлэх үү

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэд хүйтэн дулааны аль ч улиралд “толгойны өвчинтэй” болсон. Өвөлд агаарын бохирдол гэж амтай болгон нь ярьж, түүнээс салах арга замыг хайна. Дулаарахаар Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг жигшинэ. Ингээд нийслэлийн иргэд өвөл утаанаас, зун өмхийнөөс халширч чанартай амны хаалтын эрэлд морддог боллоо.

Саяхан Cap шинийн өдрүүдэд цаг агаар дулаарахад лагийн үнэр үнэртэж эхэллээ. Ингэхдээ бүр хүрээгээ тэлж хороолол хүртэл тархав. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас 2015 онд 450 тоот тогтоол гаргаж шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан юм. Энэ дагуу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед сонгон шалгаруулалт зарлаж, эхний шатанд таван аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд хоёр материал ирүүлсэн байдаг. 

Энэ нь Японы "JICA" олон улсын байгууллага болон "Артелиа Вилл энд транспорт" ХХК юм. Одоогоор тус цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх буюу одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх гэнэ.

Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн “Шинэ цэвэрлэх байгууламжийн санхүүгийн асуудал шийдэгдвэл барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэхүү ажлыг эхлүүлэхээр тохиролцсон. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлнэ. Уг нь ТЭЗҮ-д барилгын ажил дөрвөн жилийн хугацаанд дуусахаар тусгасан байгаа. Гэхдээ ажлын хэсгээс барилгын ажлыг яаравчилж хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэв.

“Шинэ цэвэрлэх байгууламжийн санхүүгийн асуудал шийдэгдвэл барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэхүү ажлыг эхлүүлэхээр тохиролцсон. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлнэ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинэ цэвэрлэх байгууламж 2021 ашиглалтад оруулахаар зорьж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр энэ тухай ярихдаа “Энэ Засгийн газар хэд хэдэн ажлыг хийхээр зорьж байгаагийн нэг нь шинэ цэвэрлэх байгууламж барих асуудал юм. “Мянганы сорилтын сан"-гаас 350 сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч дахин 350 сая ам.долларын шаардлага байна. Гэхдээ хэдий болтол санхүүгийн боломжоо хараад суух билээ. Хөрөнгө босгоно, барина. Барилгын ажлыг энэ хавар гуравдугаар сард багтаан эхлүүлж чадвал 2.5 жилийн хугацаанд баригдаж дуусна” гэсэн юм.

Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Цэвэрлэх байгууламж тогтсон хугацаандаа ашиглалтад орж чадвал ойролцоогоор 2030 оноос эхлэн өргөтгөлийн ажлыг эхлүүлж болох аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинэ цэвэрлэх байгууламж 2021 ашиглалтад оруулахаар зорьж буйгаа илэрхийлсэн.

Манай улсын Төв цэвэрлэх байгууламж байгуулагдаад хагас зуун жилийн нүүрийг үзжээ. Сүүлийн жилүүдэд хотын төвлөрөл нэмэгдсээр уг байгууламж нь ачааллаа дийлэхээ байж, тоног төхөөрөмж нь ч муудаж буй. Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ.

Анх байгуулахдаа хоногт 4,500 шоо метр бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онд өргөтгөл хийн хоногт 20 мянган шоо метр ахуйн бохир ус хүлээн авч 90-92 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна.

Гэвч үйлдвэрлэл хөгжихийн хэрээр ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн аж. Мөн цэвэрлэх байгууламж нь хаягдал лагаа ил задгай хатаадаг бөгөөд үйлдвэрийн бохир уснаас эвгүй үнэр бүхий лаг ялгарч тус үнэр нийслэлийн хэмжээнд тархах болсон талаар мэргэжилтнүүд ярьдаг.

Анх нийслэлийн 500 гаруй иргэнд зориулж барьсан төв цэвэрлэх байгууламж өдгөө нийслэлийн 2,000 шахам иргэн, олон мянган үйлдвэрийн бохирыг цэвэрлэж байна. Одоогийн байдлаар 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолттой усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Байгууламжийн цэвэрлэсэн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.9-12.4 дахин их байгаа нь хотын ундны усны эх үүсвэр болох Туул голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа гэдгийг ч тэд анхааруулдаг.

Цэвэрлэх байгууламжийг, шинэчлэх барих асуудал чихэнд хоногштол яригддаг. Гэвч Таван шар, Нисэх, Яармаг гэх мэт гэр хорооллын айлууд дулааны улиралд цэвэрлэх байгууламжийн үнэрт “мансуурсаар” байдаг. Гэтэл энэ байдал хотын төв рүү хүртэл хүрээгээ тэлсээр байна.

Харин Засгийн газрын гол анхаарлаа хандуулж, ирэх гуравдугаар сард барилгын ажлыг нь эхлүүлнэ хэмээн яриад буй шинэ цэвэрлэх байгууламжийн хөрөнгийн асуудал нь гүйцэт шийдэгдээгүй байгаа юм. Тэгэхээр цэвэрлэхийн үнэр нийслэлийг “утахтай” зэрэгцэн шинэ Засгийн газар цэвэрлэх байгууламжийн ажлаа эхэлж чадах нь эргэлзээтэй юм.

Зураг