Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Романтик” байдлаараа анхаарал татдаг Канадын уран гулгалтын хос Олимпийн аварга боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Канадын мөсөн дээр бүжиглэгчид болох Тесса Виртью, Скотт Муар нар өнөөдөр урт үзүүлбэрийн өрсөлдөөний дараа Пёнчаны олимпийн алтан медалийг зүүлээ.

Тэдний өмнө Францын Габриелла Пападакис, Гуилльом Цизерон нар өчигдрийн “шархаа нөхөж” 205.28 оноо аваад байсан юм. Тэд өчигдөр хувцасны асуудлаас болоод хангалттай оноо авч чадаагүй байв.

Тэгвэл Канадчууд энэхүү өндөр оноог давуулан 206.07 оноо авснаар алтан медалийн болзол хангалаа.

Виртью, Муар нарын мөсөн талбай дээр үзүүлдэг онцгой дотно байдал энэ жилийн олимпийн гол халуун сэдвүүдийн нэг байж, олон янзын цуу яриа гарахад хүргэсэн юм. Тэднийг амьдрал дээрээ дотно харилцаатай гэсэн яриа хүртэл гарсан байна.

 

Өнгөрсөн сард Канадын аварга шалгаруулах тэмцээн дээр үзүүлсэн үзүүлбэрийг нь Пёнчаны олимпийн зохион байгуулагчид хэт задгай гэсэн шалтгаанаар өөрчлөх шаардлага тавьж байсан юм.

Зохион байгуулагчдын хориг тавьсан үзүүлбэрийн хэсэг:

Үнэндээ тэдэнд ямар ч романтик харилцаа байхгүй гэнэ. Муарын авга ах, уран гулгалтын дасгалжуулагч тэднийг 9 ба 7 настай байхад нь хичээллүүлж эхэлсэн байна.

Тэд энэ үед хүүхэд насны шохоорхлоор бие биедээ татагдаж байгаад найзууд нь шоолох болсноос найман сар орчмын дараа харилцаагаа зогсоосон тухай Муар 2010 онд ярьж байжээ. Энэ үеэс хойш тэд зөвхөн мөсөн талбайн сайн хамтрагчид байж 2010 оны Ванкуверын олимпоос чөлөөт бүжгийн төрлөөр анхны алтан медалиа зүүж байв.

2014 оны Сочигийн олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа хоёр жил нам гүм байсан. Гэвч Пёнчаны олимпийн наадамд эргэн ирж, дутуугаа гүйцээхээр шийдсэнээр сүүлчийн удаа өрсөлдсөн нь энэ юм.

Тэд нийтдээ гурван олимпийн наадамд оролцож, нийт таван медаль зүүсний гурав нь алт. Энэ амжилтаараа тэд хамгийн олон медальтай уран гулгалтын баг болж байгааг NBC мэдээлжээ. Одоо Виртью 28, Муар 30 настай. Тэднийг дараагийн олимпийн наадамд оролцоосой гэж олон хүн хүсэж байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com