Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

65 хүнтэй осолдсон Ираны нисэх онгоцны үлдэгдлийг олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт осолдсон Ираны иргэний агаарын тээврийн онгоцны үлдэгдлийг өчигдөр олж, ослын газарт аврах албаныхан хүрсэн байна.

Онгоцонд явсан 65 зорчигч, түүний дотор нисэх багийн 6 хүн бүгд амиа алдсан юм.

Aseman Airlines компанийн ATR-72 нисэх онгоц өмнөд Ираны Дена уулын бүсэд манангийн улмаас чигээ алдаж, осолдсон гэж үзэж байна. Тус онгоцыг долоон жил сул зогсоосны эцэст сарын өмнө засварлаад дахин ашиглаж эхэлжээ. Өрнөдийн орнуудын эдийн засгийн хоригийн улмаас Иран улс нисэх онгоцнуудаа солих, сэлбэх боломжгүй байгаагаас ийм ослууд гарсаар байгаа юм.

Онгоцны ослын газрыг илрүүлэхэд Оросын мэргэжилтнүүд тусалсан байна. Осол болсон газар нь далайн түвшнээс дээш 3,500 метрийн өндөрт байгаа ажээ. Онгоцыг үйлдвэрлэсэн Франц-Италийн ATR компанийн төлөөлөгчид ослын шалтгааныг тодорхойлохоор Иранд ирсэн байна.

2015 онд Өрнөдийн орнуудтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсний дараа зарим хориг цуцлагдаж, Иран улс нисэх онгоц, сэлбэг зэргийг авах боломжтой болсон юм.

Тегераны эрх баригчид олон тэрбумын нисэх онгоц худалдаж авах гэрээг Боинг компанитай байгуулсан боловч ерөнхийлөгч Дональд Трамп гэрээг зөвшөөрөхгүй байгаагаас хойшилсоор байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press