Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан: Соён гэгээрүүлэх ажлаа чадлынхаа хэрээр хийж байна

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган завсарлачихлаа. Та чуулганы үр дүнг юу гэж тодорхойлох вэ?

-Бодит амьдрал, хөрсөнд буусан, хүн зоноо бодсон шийдвэр огт гарсангүй. Эргэж буцсан, бантсан, хөл топгойгүй, эмх цэгцгүй, маш муу гэж дүгнэж байна.

-Таны бодлоор амьдралд буусан, хүн зоноо бодсон ямар шиидвэрүүд гарах нь зөв байв?

-Засгийн газар 100 хоногийнхоо хугацаанд 30 зөв зүйтэй ажил хийлээ. Үүнд, Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гээд сүрхий мэдэгдэл хийж байсан. Гэтэл шатахууны үнэ 50-290 төгрөгөөр нэмэгдчихлээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 100-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бүх юмны үнийг нэмчихээд "Та нарын цалинг нэмлээ. Одоо бидэнд баярлаарай" гэж иргэдийг хуурч байна.

Гэхдээ зөв зүйтэй ажил хийсэн гэж ярихынхаа хажуугаар өнгөрсөн 100 хоногт хэрэггүй буруу шийдвэр, буруу хийсэн ажлаа бас зарлаж ярих л ёстой. Ер нь зөв ажлаа ярих гэж байгаа бол буруугаа ч хүлээж, тайлагнадаг байх хэрэгтэй. Энэ 100 хоногт хичнээн олон хүн энэ худал амлалтуудаас нь болж хохирсон бол. Өргөн хэрэглээний барааны үнийг нэмчихээд инээгээд сууж байна. Ингэж хүмүүсийг хуураад сурчихжээ.

ОУВС гэж гадаад эзэн байна. Тэд “Чамд мөнгө өгнө өө" л гэдэг. Түүнийг нь олон нийтэд зарлачихаад ирэхээр “Мөнгө өгөхгүй ээ. Чи буруу ярьсан учир болилоо. Одоо харин ингэж хэл" гэх мэтээр тоглодог. Өөрөөр хэлбэл, цаадуул нь утсан хүүхэлдэй шиг тоглож байна. Айлын аав, эцэг хүн эхнэр хүүхдээ тэжээж дийлэхээ болихоороо шар толгой, ногоон нүдтэй гадаад аавтай айлаас очиж бадар барьж гуйлгачилж байгаатай адил байна. Хүүхдүүд нь гомдож өөр айлд зарагдахаар дүрвэж байна шүү дээ. Иймээс цаашдаа ямар ч зөв шийдэл гарахгүй болов уу.

-Сонгогчид танд итгэл хүлээлгэсэн шүү дээ. Та яагаад чуулганы хуралдаандаа суудаггүй юм бэ?

-Чуулгандаа хамгийн их сууж, үг, санал хэлдэг хүний тоонд Жавхлан орно. Бараг нэг ч үг хэлээгүй 40-50 гишүүн байгаа шүү. Үүнийг яагаад ярихгүй байна. Ихэвчлэн 10-20 гишүүн суучихсан нэгнийхээ товчлуурыг дараад байж байдаг шүү дээ. Энэ бол бодит үнэн. Бүгд чөлөө, томилолт өвчтэй гэж бичүүлж эсвэл бусдадаа картаа өгч бүртгүүлдэг юм байна лээ. Өнгөрсөн хавар, намрын чуулганаар харагдаагүй гишүүд маш олон байгаа.

-Хамгийн их тасалсан гишүүний хоёрдугаарт таныг оруулсан байсан?

-Энэ бол гүтгэлэг. Хэлж ярьж байгаа үгсийг маань зурагтаар гаргахгүйгээс эхлээд маш их хавчиж байна. Ордонд танхим, өрөө хүртэл олгохгүй бүрэн эрхэнд халдлаа. Уриалж, санаачилсан төсөл зөв гарцыг дэмжих нь бүү хэл ойлгох толгойгүй ийм л улс байна.

-Ямар төсөл билээ?

-Чамд хүртэл энэ мэдээлэл очоогүй байна шүү дээ. “Манай Монгол мандана" гэдэг төсөл. Гэвч Жавхлан шантарна гэвэл санасных нь гарз. Өшөө цааш нь лавшруулаад л явна.

-Таныг үнэхээр ганцаардуулаад байгаа юм уу?

-Нэг талдаа тийм боловч нөгөө талаасаа миний хэлж ярьж буй санаа, зөв гарцыг олон түмэн олж харж, сэтгэл оюунаараа нэгдэж, олуулаа болж байгаад сэтгэл хангалуун байна. Нам, бүлэглэл шунаг сэтгэлийн завин дээрээсээ бууж, хорон сэтгэлтэйгээ нэгнээ хэмлээд ёрдойгоод үлдэх цаг тун удахгүй ирнэ.

-Та хэлэлцүүлэг зохион байгуулна гэж байсан. Тэр юу болсон бэ?

-Ордонд танхим өгсөнгүй.

-Заавал Төрийн ордонд зохион байгуулах шаардлага байсан юм уу?

-Нэгдүгээрт, энэ миний ажлын байр, хоёрдугаарт, бүрэн эрх нь бий. Бандааш, дотоожны асуудал ярихаараа танхимыг нь цэлийтэл нь өгдөг юм байна лээ. Харин би энэ хорт хавдар идээ бээрүүдийг Монголын төрөөс цэвэрлэнэ. Хааж боох тусмаа бүр сайн гэж харж байна. Надад илүү их хүч өгч, миний мэдээллийг өргөн тархах боломж, хугацааг олгож байгаагаа энэ нөхдүүд харахгүй байна.

-Нэг ёсондоо цэвэрлэгээний ажил хийнэ гэсэн үг үү. Ажил нь хэр явцтай байна вэ?

-Эргээд харъя. 10 орчим жилийн өмнө гэхэд Жавхлан Монгол дээлээ өмсөж, ёсоо дээдлэх тухай ярьж байхад галзуу, солиотой гэж байлаа. Таван жилийн өмнө “Энэ С.Жавхлан чинь юу яриад байгаа юм бол” гээд хүмүүс эргэлзэж эхэлсэн. Харин одоо бүх зүйлийг Монгол гэдэг сэтгэлгээ рүү эргүүлж чадлаа шүү дээ. Үүнийг чинь л Монгол сэрж байна гэж хэлж болно. Үүнээс харин битгий хоцроорой. Хүн бүр дор бүрнээ өөрчлөгдөж байж л Монголоо цэвэрлэнэ. Тэгэхээр Монгол сайхан ах дүүсээ соён гэгээрүүлэх буюу сэтгэл зүй, оюунаар нь сэрээх үйл ажиллагааг чадлынхаа хэрээр яарч тэвдэхгүй, алгуур нухацтай хийж байна.

-Саяхан Агаарын тухай хуулийг чуулганаар хэлэлцлээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй төрөл бүрийн өвчин, эмгэг үүсч байна гэж байна. Таны бодлоор агаарын бохирдолтой яаж тэмцье гэж бодож байна вэ?

-Монголчууд “ус, агаар” мэт хэрэгтэй гэж ярьдаг болохоос “гурил, мах" мэт хэрэгтэй гэж ярьдаггүй тийм үү. Харин ус, агаар бохирдчихоод байгаа учраас энэ их өвчлөл үүсч байна. Нөгөө талаасаа бид сэтгэлээ харлуулж муу бодлоор дүүргэвэл мөн л өвдөнө, өвчилнө өөрөө л зовдог. Хаан тархи, хатан зүрх гэж ярьдаг.

Хүний бие бол өөрөө хаант улс юм. Хаан тархи хатан зүрх хоёр сайн зөв үнэн байвал энэ биеэ эрүүл залж авч явна. Зүрх зүсэгдлээ гэдэг, зүрх бол хэт их бодолд дарагдахаар өвчилдөг. Өнөөдөр Монголчууд муу хүмүүсээс болоод бодолд дарагдаж шаналж зүрх нь шигдэж байна. Уушги сагсаалай гэдэг, уушиг бол уур бухимдлын эрхтэн. Өнөөдөр монголчууд ууртай, утаатай байгаа учраас уушиг нь өвдөж байна. Элэг эмтэрлээ гэдэг, элэг бол гомдлын эрхтэн. Монголчууд өнөөдөр энэ ямбатангуудад гомдсон, элэг бүтэн бус гадаадад гэр бүл, үр хүүхдээсээ хол хоёр талдаа элэг нь бэтгэрч байгаа учраас өвдөж байна. Бөөр бол айдсын эрхтэн. Хүн айх үед нуруугаар нь татдаг. Хэт их юмнаас айж, даарч явахад бөөр гэмтдэг.

Өнөөдөр монголчууд айдас хүйдэс дор амьдарч байна. Цөс нь шовойчихож, гозойчихож гэж хэлдэг, цөс өөрөө омогшилын эрхтэн. Өнөөдөр ямар их хүн цөсөө авхуулж байна. Бас л цөсийг нь бадраагаад байгаа учраас тэр юм. Би нийгэм, нийтээрээ бид гэмтэй амьдраад байна гэж хэлдэг. Уг нь ний-хэм буюу нийтээрээ хэм хэмнэлтэй зөв цагаан амьдрах ёстой. Жавхлан Монголоо жинхэнэ Монголоор нь буй болгож бүтээхээр зорьж халж байгаа нь энэ юм. Тэгэхээр хүн хэт гомдоод байвап элэг, өөрийгөө бодлоор дарлавал зүрх, айж бөөрөө өвчлүүлнэ гэх мэтээр өөрөө өөрөесөө эхэлж хэмээ олж тогтоосноор бид эдгээр өвчлөлөөс сална.

-Сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа юу. Иргэдтэй их уулзаж байна уу?

-Миний ганц амлалт бол Монголоо боддоггүй, эх оронч бус, муухай хүмүүсийг цэвэрлэх. Ер нь миний өрөө байнга хүнээр бялхаж байдаг. Ордны хоёрдугаар давхарт монгол дээлтэй л хүн байвал надтай уулзах гэж байна аа л гэсэн үг. Заримдаа 20-30 хүн өрөөний гадна уулзах гээд хүлээж байдаг. Энэ хүмүүстэй заримдаа амаа өвдтөл ярина шүү. Ингэж л сонсож, сэрж байгаа хүмүүстэйгээ илүү тулж ажиллаж байна.

-Намрын чуулганаар улс төржилт, төр засаг тогтворгүй байлаа. Дахиад Засгийн газраа огцруулах сураг гарсан. Танд мэдэж, дуулсан зүйл байна уу?

-Хагарал нь эвлэрэхээсээ өнгөрсөн. Хэн нь засаг барих, барихгүй нь огт сонин биш. Энэ хүмүүсийн сэтгэл чадамж тавилан нь хүрэхгүй гэдгийг мэдэж байна.

-Таны бичлэгийг үзэхэд хоёр нохой загнаад байсан. Зарим хүн таныг эрүүл ухаантай байгаад тань эргэлзэх шиг болсон. Нохойг AH, МАН хоёроор егөөдөж хэлсэн үү?

-Цаана нь утга оршиж байгаа гэдгийг мэдэрдэг хэнд ч ойлгомжтой. “Тахиа жилд түмэн олон хөдөлнө. Нохой жилд ноёд сандарна” гэдэг Монгол үг бий. Энэ жишгээр л явж байна. Энэ нам гээч хоёр нохой хоорондоо хэмхэлдэж, зодолдох тусам иргэд түмэнд ашиггай.

-Зохиолын дууны ханхүү гэгдэж явсан таныг улс төр рүү ороход олон хүн харамссан байх. Ер нь танд улс төр рүү орсондоо харамсах, эргэлзэх үе байдаг уу?

-Эргэлзэх байсан бол ингэж явахгүй. Урлагаа өндөрт өргөөд явж байсан. Одоо уначихсан, харалчихсан улс төрийг буцааж өндөрт өргөхөөр орж ирсэн. Ёсоо сэргээж, төрөө аврах гэж л би энд орж ирсэн.