Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойд баригдах цахилгаан станцын гол хэрэглэгч тоглоомоос гарлаа

А.Алиман
2018 оны 2 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай 2014 онд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан хэмээн POWERLINKS.NEWS мэдээлсэн байна. Энэхүү мэдээллээс үүдээд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Рио тинто-гийн хувьцаа 1.8, “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа гурван хувиар унажээ. Учир нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны 51 хувийг Рио Тинто компани эзэмшдэг юм. Харин “Оюутолгой" компанийн www.ot.mn сайтад энэ талаар мэдээлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар..." хэмээн онцлоод цааш мэдэгдэхдээ “Оюутолгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно" гэжээ.

Юу болоод өнгөрснийг эх сурвалжуудын мэдээллээс нягталж үзвэл Монголын Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд шууд асуудал үүссэн гэхээс илүүтэй Тавантолгойн цахилгаан станцын төслийг Засгийн газар зогсоосноос дээрх нөхцөл байдал үүдсэн гэж ойлгогдохоор байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газар төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих тухай тогтоол шийдвэрүүдийг 2013 онд батлан гаргаж, улмаар Эрчим хүчний сайдын 2013 оны гуравдугаар сарын 19-ний 36 дугаар тушаалаар Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

“Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулах нь өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсгүүрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрсний тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, тус бүс нутгийн эрчим хүчний системийн горимыг тогтворжуулж, найдвартай ажиллагааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм” гэж тухайн үед Засгийн газар үзэж байв.

Тэр үеийн буюу 2013 оны судалгаагаар “Оюутолгой төсөл нь эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-аас импортлоход жил бүр 160-200 тэрбум төгрөгийг зарцуулж" байсан бөгөөд Тавантолгой цахилгаан станц төсөл ашиглалтад орсноор энэ хэмжээний мөнгөн урсгал дотооддоо үлдэх боломжтой болно” гэж тооцож байжээ.

Тавантолгой нүүрсний орд газар нь коксжсон болон эрчим хүчний нүүрсний арвин их нөөцтэй. Эдийн засгийн хувьд үр ашигтай коксжсон нүүрс нь экспортлогдож, харин эрчим хүчний нүүрс ашиглагдахгүй хаягдах учраас үүнийг түшиглэн цахилгаан станц байгуулах нь хамгийн зөв хувилбар гэж үздэг.

Тэгвэл Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын төслөө зогсоосон уу, хэрэв тийм бол яагаад ийм шийдвэрт хүрэв? Энэ талаар Засгийн газар хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа бол Оюутолгойн төслийн 66 хувийг эзэмшигч, хөрөнгө оруулагч тал түрүүлээд мэдээлэл хийчихсэн нь ямар учиртай вэ гэх зэрэг асуултууд үүсч байна. Уг нь Засгийн газар Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийг байгуулж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөгжпийн банк зэрэг байгууллага төсөлд зохих үүрэгтэй оролцохоор шийдвэрлээд байсан юм. Төсөлд оролцогч талууд төслийн ач холбогдол, эрсдэл, хамтын ажиллагааны зарчмын хувьд нэгдмэл ойлголттой байж, хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр тогтсон схемийн дагуу, төсөлд оролцогч бүх талууд үйл ажиллагаагаа уялдаатай, харилцан дэмжиж ажиллана хэмээн тунхаглаад байсан. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Marubeni корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар MCS компани шалгараад байсан төслийн судалгааг өмнө нь хийгдсэн ТЭЗҮ, судалгааг суурь болгон нарийвчлан гаргаад байгаа талаар мэдээлж байлаа.

Тодруулбал, судалгааг гаргахдаа “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой ” ХК -иудын тавантолгой ордыг түшиглэн барих 300МВт чадалтай цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ, “Оюутолгой” ХХК-ийн 450МВт чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-ийг ашигласан гэж байв.

Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих замаар өмнийн говийн бүтээн байгуулалтууд, стратегийн ордуудыг эрчим хүчээр хангана гэсэн зорилготой дээрх төслийн нэг оролцогч болох Оюутолгой энэ талаарх гэрээнээс Засгийн газрын саналын дагуу гарч байгаагаа мэдээлэхдээ “цаашид дотоодын өөр эх үүсвэр бий болгоход анхаарна” гэсэн нь өөрсдөө цахилгаан станц барина гэсэн утгатай сонсогдож буйг үгүйсгэх аргагүй. Одоогоор Засгийн газар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Тавантолгойн эрчим хүчний станцын хувьд Оюутолгойтой зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Тиймээс оны дараа Тавантолгойн нөхцөлөөр явуулах, нэг бол Оюутолгой өөрийнхөө станцыг барь гэдэг асуудлыг гэрээний дагуу хөндөнө” гэж мэдээлж байв.

Энэ ёсоор асуудал өрнөж, Оюутолгой өөрийн станцыг барихаар болж байгаа нь эхнээсээ ойлгогдож байна. Эх сурвалжуудын мэдээллээр бол Тавантолгойн цахилгаан станцаас худалдан авах эрчим хүчний борлуулалтын үнэ дээр тохиролцож чадаагүй бололтой. Тавантолгойн цахилгаан станцын гол хэрэглэгчийн нэг Оюутолгой тоглоомоос гарч байгаа бол уг станц ер нь эдийн засгийн утгаараа үр өгөөжтэй төсөл болж чадах уу гэсэн дараагийн асуулт үүсч байна гэсэн үг.

Уг нь Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын төслийг урсгал зардал, хөрөнгө оруулалт, цаг хугацаа, нийгмийн болон бусад дэд бүтцийн асуудлыг аль болох зардал багатайгаар шийдвэрлэсэн байхаар төлөвлөж байв.

Зураг