Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цүнхээ алдахаас айсан эмэгтэй ачааны шалгалтын рентген машинд өөрөө оржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хятадын төдийгүй дэлхийн интернэт ертөнцөд Хятад эмэгтэйн араг ясны зураг дуулиан тариад байна.

Өнгөрсөн Ням гарагт Хятадын Гуандон мужийн Донгуан хотын төмөр замын өртөөнд энэ явдал болжээ. Үйл явдлын хяналтын камерт бичигдсэн дүрс Мягмар гарагт онлайн сүлжээнд тарсан байна.

Ачаа тээшийн шалгалтаар зорчигчид нэвтрэн орох үед нэгэн эмэгтэйн ээлж болсон гэнэ. Рентген төхөөрөмж бүхий шалгалтын машинаар ачаа бараагаа нэвтрүүлэхийг шаардахад тэр гар цүнхээ оруулахыг зөвшөөрөөгүй байна.

Дахин шаардахад үнэтэй цүнхээ “хар хайрцаг”-т эзэнгүй оруулах нь хэтэрхий эрсдэлтэй санагдсан эмэгтэй цүнхтэйгээ хамт машинд орохоор шийджээ.

Хяналтын ажилтнууд түүнийг болиулах гэж оролдсон ч эмэгтэй зөрж, туузан дамжлага руу авирсаар орж чадсан байна. Ингээд шалгалтын төхөөрөмжийн дэлгэцэнд дүрслэгдсэн эмэгтэйн араг ясны зураг дэлхий дахинд тарсан нь энэ юм.

Сар шинийн баяраар Хятад даяар олон арван сая хүн нутгаа зорьдог бөгөөд энэ үед төмөр замын өртөөнүүдэд сонин хачин үзэгдэл өдөр бүр тохиолддог гэнэ. Хэдийгээр дээрх эмэгтэйн биед сөрөг нөлөө үзүүлээгүй ч төмөр замын цагдаагийн алба дахин ийм  явдал гаргуулахгүйн тулд зорчигчдод нэмэлт анхааруулга өгдөг болсон байна.

Эх сурвалж: South China Morning Post