Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Кинг: Би төлөвлөсөн эмх цэгцтэй амьдралаас хол хүн

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

Мэйн мужийн Бангор хот дахь түүний оффис бараг п замын төгсгөлд байх бөгөөд тэрхүү гудамжинд бууны дэлгүүр, оршуулгын газар харагдах нь тун ч зохисон мэт санагдана. Гаднаас нь харахад онцгойрч харагдах зүйлгүй энэ барилга хааныг албатуудынх нь хамтаар хамгаалах аж. Намайг ороход угтаж авсан туслах яагаад төв замаас зайдуухан байрлах болсныг тун энгийн тайлбарласан юм.

“Хүмүүс олчих вий гэсэндээ л ингэж хол байрласан хэрэг. Тэр хүмүүст олдчихвол тийм ч сайхан зүйл болохгүй байх. Түүнд их өвөрмөц, хачирхалтай хүмүүс татагддаг юм” гэж хэлээд дотоод засал нь үнэхээр л Стивен Кингийн амар амгалангийн орон гэмээр өрөөнд орууллаа.

Дэлхийн өнцөг булан бүрээс аймшгийн хаанд зориулж илгээсэн дурсгалын зүйлс энэхүү өрөөг чимнэ. Тэр дундаас шүтэн бишрэгчдийнх нь урласан алдартай зохиолуудынх нь гол дүрүүд хамгийн түрүүнд нүдэнд тусч байна. Хаан энд сард нэг удаа л ирдэг. Өнөөдөр бол түүний ирэх өдөр. Тэрбээр энэ жил хоёр зохиол бичиж дуусгахаар төлөвлөөд байгаа ч өөр олон төсөл дээр зэрэг ажилладаг зуршлаа хойш тавьж байсан удаагүй. 1974 онд “Carrie" худалдаанд гарснаас хойш Стивен Кинг нэрийн дор 350 сая хувь ном зарагдсан.

Хэдэн зуун сая долларыг номноосоо олж чадсан түүний амжилтыг давах өнөө цагийн зохиолчоор Жон Гришам, И.П.Жеймс нарыг нэрлэж болох ч аймшгийн зохиолын хаан өрсөлдөөнөөс ангид хүн гэнэ. Түүний төлөөлөгч Чак Вериллээс багахан тодруулаад амжлаа. “Хаан өрсөлдөх, тэмцэлдэх дургүй хүн. Гэхдээ Том Клэнси (Адал явдалт, дайны шинжлэх ухааны сэдвээр мэргэшсэн алдарт зохиолч, 1947-2013) анхаарлаас нь салж байсан удаагүй. “Оцон шувуу” хэвлэлийн компанид тэд хоёулаа харьяалагддаг байсан тэр үед Кинг өөрийгөө номер хоёр гэж мэдэрдэг байсан байх. Таатай мэдрэмж биш ч гэсэн бид бүгд түүнийг хэн гэдгийг мэднэ шүү дээ”.

Бараг 15 жилийн өмнөх ослоос хойш хэвлэл мэдээллээс хол байсан аймшгийн зохиолын хаан Стивен Кинг “Rolling Stone” сэтгүүлд 40 жилийн амьдрал болон карьераа эргэн дурслаа.

-Таны зохиолуудын ихэнх нь аймшиг, эсвэл ер бусын үйл явдалтай холбоотой байдаг. Чухам юу таныг энэ чиглэл рүү уруу татчихав аа?

-Бүгд угсрагдаж бий болсон. Тэгээд л болоо. Миний хамгийн анх үзэж байсан кино аймшгийн кино. “Бэмби" байсан юм. Бяцхан янзага ойн түймэрт өртөхийг хараад ямар их айсан гээч. Гэхдээ тэр айдсаасаа маш их сэтгэлийн цэнгэл олж авсан. Яагаад гэдгийг нь тайлбарлаж мэдэхгүй юм.

Эхнэр, хүүхдүүд маань кофе уудаг бол би уудаггүй. Би цайнд дуртай. Гэр бүлийнхэн маань дээрээ загастай пиццанд гар хүрдэггүй бол би дуртайяа иддэг. Энэ мэтээр миний татагддаг зүйлс бичих багаж хэрэгслийг маань бүрдүүлдэг юм даа.

-Татагддаг зүйлээсээ ичих ч юм уу санаа зовж байсан уу?

-Үгүй. Хүмүүсийг айлгах нь их хөгжилтэй шүү дээ. Бас энэ олон аймшгийн киноноос хараад нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэдгийг нь ойлгож болно. “Айдсын бунхан" (The Crypt of Terror, 1950-1955 оны хооронд хэвлэгдсэн аймшгийн цуврал ном) шиг цуврал номуудыг уншаад шүдээ мэрж егнө.

-Аймшгийн романууд бичсэнээрээ та утга зохиолын салбар дахь хамгийн хүндлэл бага хүлээсэн сэдэвт харьяалагдах болсон. Энэ талаар?

-Тийм ээ. Энэ бол миний амьдарсан нийгмийн амин судас болсон сэдвүүдийн нэг учраас өөр яалтай ч билээ дээ. Тийм учраас татагдсан байж таарна. Би Д.Х Лауренс (Давид Херберт Лауренс, Английн жүжгийн зохиолч, яруу найрагч, 1885-1930), Жеймс Дикки (Америкийн зохиолч, яруу найрагч, 1923-1997), Эмил Зола (Францын зохиолч, сэтгүүлч, 1840-1902), Жон Штайнбек (Америкийн зохиолч, 1962 онд утга зохиолын Нобелийн шагналтан) нарт хайртай.

Фицжералд (Скотт Фицжералд, Америкийн зохиолч, 1896-1940) нэг их таалагддаггүй. Хэмингуэй (Эрнест Хэмингуэй, Америкийн зохиолч, сэтгүүлч, 1899-1961) бүр огтхон ч таалагддаггүй. Хэмингуэй чинь хог шүү дээ. Хүмүүс тийм юманд татагдана гэдэг аймшигтай. Хэрвээ би тийм хэв маягаар бичээд эхэлбэл ямар ч амьгүй зүйл гараад ирнэ, би  өөрийгөө алдана. Энд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Би аймшгийн зохиолын төвшинг ахиулсан.

-Үнэхээр цөөхөн хүн л санал нийлэхгүй байх.

-Одоо энэ төрөл хүмүүст илүү хүндлэгддэг болсон. Би өөрийнхөө амьдралыг тэр чигээр нь аймшгийн зохиол бол утга зохиол дахь салбар биш ердөө л нэг чиглэл гэсэн санааны эсрэг тэмцэхэд зориулсан. Биеэ тоож, ихэрхсэндээ ингэж хэлж байгаа юм биш л дээ. Сайн бүтээл туурвисан хүн бүр стандартын зураасыг шинээр зурдаг юм.

-Таныг бичиж эхэлж байхад шүүмжлэгчид тун харгис хандаж байсныг саналаа.

-Карьерын маань эхэнд үлдээсэн тэр шарх одоо ч намайг өвтгөдөг. “Тосгоны дуу хоолой”-г маань яаж шоглож байсан гээч. Намайг мөнгө идэж байгаагаар зурсан нэг зураг бий. Тэр зурганд бүдүүн, багтаж чихэлдсэн байдлаар намайг дүрсэлж, зохиолыг маань олон хувь зарагдсан гэсэн санааг харуулсан. Хүмүүс тэнэг учраас олон хүнд таалагдана гэдэг тухайн бүтээл маруухан болсныг илэрхийлнэ. Чухам энэ элитист хандлагаар намайг доромжилсон нь тэр. Надад энэ хандлага таалагддаггүй.

-Энэ хандлага одоо ч үргэлжилсээр байгаа. Утга зохиолын шүүмжлэгч Харольд Блум арваад жилийн өмнө таныг Үндэсний номын шагналыг хүртсэний дараа ямар их дайрч давшилж байлаа даа?

-Алдартай уран бүтээл, соёлыг харанхуй бүдүүлгээр доромжилж буйгаа өндөр оюун ухааны илрэл гэж итгэдэг шүүмжлэгчид зөндөө бий. Блум тэдний л нэг учраас намайг бухимдуулж байсан удаагүй ээ. Тэр Марк Твэйнийг гайхалтай зохиолч гэж хэлдэг хэр нь түүнийг залгамжилж, үргэлжлүүлж байгаа зохиолчдыг нь үгүйсгэдэг. Уншиж байгаагүй хэр нь муу гэдгийг нь мэдэж байгаа учраас уншихгүй гэдэг тийм л хүн.

“Нью-Йорк"-д таймсд шүүмжлэл бичдэг Мичико Какутани бас тийм. Дэвид Митчеллийн “Ясан цаг” ямар сайн бүтээл боллоо доо. Гүнд нь живэх мэт мэдрэмж төрүүлдэг. Гэтэл уран зөгнөл, шинжлэх ухааны элементүүд агуулж таараад Какутани ойлгохыг хүсээгүй. Ойлгоогүй учраас муулаад эхэлсэн. Утга зохиолын шүүмжлэл дэх ийм саарал сүүдрүүд ердөө л жаахан хүүхдүүд шиг.

-Сэдвээсээ хазайгаад таны сүүлд хэвлүүлсэн номын талаар ярилцвал ямар вэ (Сэргэлт буюу “The Revival”). Яагаад шашны асуудлыг ингэж их хөндсөнийг хүмүүс сонирхож байгаа байх. Хоёр гол дүрийн нэг нь гэр бүлээ алдсаны дараа бурхныг сөрж, шашныг луйвар гэдгийг харуулдаг. Энэ зохиолын санаа таны итгэл үнэмшлийг хэр хэмжээнд харуулж чадсан бэ?

-Зохион байгуулалттай шашин бол олон хүнийг буруу зорилгоор ашигладаг маш аюултай зэвсэг гэж боддог. Би ням гариг бүрт сүмд очиж, зуны турш библийн сургуульд явдаг байлаа. Өөр сонголт байгаагүй учраас л тэгсэн байж таарна. “Сэргэлт” бараг л намтар маягаар бичигдсэн. Хүүхэд байхад төрдөг байсан олон эргэлзээнээс үүдэлтэй. Миний явдаг байсан сүмд католик шашинтнуудыг үхэхээрээ там руу явна гэж сургадаг байсан.

Тэр үед би гайхаад өөрөөсөө асуусан юм. “Авга эгч Молли католик шашинтай хүнтэй гэрлээд, католик шашинтай болсон. Тэднийх 11 хүүхэдтэй үнэхээр сайхан гэр бүл. Нэг хүүхэд нь миний дотны найз. Яагаад тэд нар там руу явдаг билээ’’ гэж бодсон. Аяндаа хэнд ч хэрэггүй новш гэдгийг нь ойлгосон. Нэг нь хэнд ч хэрэггүй новш юм бол бусад нь ямар байх вэ. Ялгаагүй л хэнд ч хэрэггүй новш байж таарна.

-Энэ эргэлзээгээ ээжтэйгээ хуваалцаж байв уу?

-Бурхан минь гэж, үгүй шүү. Би ээждээ хайртай байсан. Хэзээ ч ээжийнхээ итгэл үнэмшилд халдсан юм хийхгүй. Ахлах сургуулиа төгсөөд өөртөө л энэ бүхэн хангалттай гэж хэлсэн. Хаа сайгүй л хачин жигтэй юм харж явлаа. Жишээлбэл, биеэ үнэлэгчдэд мөнгө төлдөг хамбын хувцас өмссөн хүмүүсийг хэн гэж нэрлэх вэ. Хоёр нүүртэн гэхээс өөр бодол орж ирэхгүй байна.

-Та бурханд итгэдэг биз дээ?

-Тийм. Бурханд итгэх нь бүх зүйлийг сайхан болгодог учраас тийм сонголт хийсэн. Бясалгалын тодорхой цэг бий. Түүнээс хүч чадлаа авдаг. Би өөрөөсөө бурхан оршин тогтнодог эсэхийг асуудаггүй. Бурхан оршин тогтнодог гэдэгт итгэх замыг сонгосон учраас “Бурхан минь өнөөдөр уухгүй байх хүч хайрлаач. Би өөрийгөө дийлэхгүй шүү дээ" гэж хэлэх эрхтэй болсон. Сайхан болоод л байдаг юм.

-Хойд насны амьдралд итгэдэг үү?

-Мэдэхгүй юм. Энэ асуудалд нээлттэй хандахыг хичээдэг. Тайлбарлах гээд үзье. Ямар нэг байдлаар хойд насны амьдрал байгаасай гэж хүсдэг. Баттай итгэдэг зүйлээ хэлэхэд, хүнийг үхэх үед тархинд маш олон төрлийн үйл ажиллагаа зэрэг явагдаж, тархин дахь хавхлагууд нээгддэг. Магадгүй хонгилын үзүүрт цагаан гэрэл харагддаг гэсэн алдартай яриа үүнтэй холбоотой байх.

-Та диваажинд очмоор байна уу?

-Хүүхэд байхад маань ярьж өгсөн, зааж сургасан диваажинд бол очмооргүй байна. Үүлсийн дундуур хөвөөд л, хэн нэгэн босоо ятга тоглоод л байна гэхээр уйтгартай санагддаг юм. Би босоо ятга биш Жерри Лий Луйсыг сонсмоор байна шүү дээ.

-Та илүү хүчтэй итгэл үнэмшилтэй байх талаар бодож байв уу. Ихэнх зүйлсийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь эвтэйхэн биш гэж үү?

-Үгүй ээ, тодорхойгүй байдал арай дээр. Хариулт ойлгомжтой, тодорхой байвал бардамнал бий болно. Харин бардамналаас тун ч онцгүй зүйлс урган гарч ирнэ дээ. Хууль бусаар цагаачилсан хүүхдүүдийг гэрт нь буцааж байгааг телевизээр хараад “Хөөрхий хүүхдүүд. Гэхдээ бурхны хүслээр л энэ бүхэн болж байгаа. Тэд эх нутагтаа хариад гэмт хэргийн бүлэглэлд элсэг дээ” гэж хотын зах дахь тохилог байшиндаа тухлангаа хэлнэ. Миний хэлэх гэсэн зүйл бол энэ.

-Чөтгөрийн тухайд юу хэлэх вэ. Тийм зүйл байдаг эсэхэд итгэдэг үү?

-Би чөтгөрт итгэдэг. Гэхдээ хувь хүнийг юм уу нийтлэг утгаар хүн төрөлхтнийг устгахыг хүсдэг муу муухай зүйл бидний дотор, эсвэл гадна оршин байдаг эсэхэд эргэж буцсаар амьдралын маань ихэнх хэсэг өнгөрчихсөн. Хүний дотроос гарч ирдэг, орчны нөлөө, хүмүүжил төлөвшлөөс удам дагаж гарч ирдэг ч зүйл юм уу бүү мэд. Тед Бандиг жишээ болгон авч үзье. Тэр маш олон эмэгтэйчүүдийг алж, заримдаа цогцостой нь хурьцал үйлддэг байсан гэдэг.

Түүнийг бага байхад нь буруу хүмүүжүүлснээс болсон гэж тайлбарлахад хэцүү. Түүний муу муухай бүхэн маш нарийн, нягт холбоотой байсан. Чөтгөр бидний дотор байдгийг эндээс харж болно. Нас ахих тусам чөтгөрийн нөлөөлөл гаднаас биш хүний дотроос гарч ирдэг гэж бодох болсон. Энэ асуудлыг аль нэг тийш нь чиглүүлж, зохицуулахгүй л бол бид хэзээ нэгэн цагт өөрсдийгөө алж ч мэдэх юм шүү.

-Юу гэсэн үг вэ?

-Би нэг хачирхалтай нийтлэл уншсан юм. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдэвтэй. Тэнд хүн төрөлхтөн өөр бусад од, гаригуудаас 50 дахь жилдээ амьдрал хайсан ч чимээ аниргүй байдлаас өөр юу ч олоогүй талаар бичсэн байсан. Гэтэл дэлхийд одоо юу болж байгаа билээ дээ. Хаа сайгүй л дайн, зэвсэгт мөргөлдөөн болж байна.

Нэг л өдөр технологийн дэвшил дэлхийг ч бас анир чимээгүй болгочих юм билүү. Дээр нь оюун ухаант амьдрал оршин байсан гаригууд хөгжлийнхөө тодорхой шатанд хүчирхийлэл, технологийн дэвшлээс болж өөрсдийгөө газрын хөрснөөс арчсан байхыг хэн үгүйсгэх юм бэ гэж бодсон.

-Тэгэхээр та хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт өөрсдийгөө устгах хувь тавилантай гэж боддог хэрэг үү?

-Би ирээдүйг харж чадахгүй ээ. Гэхдээ яг ийм айдас төрж байна. Нөөц боломжийн хязгаарлагдмал байдал, эдийн засгийн тогтворгүй байдал, байгаль орчныг хар л даа. Одоохондоо аюулгүй ээ л гэх юм.

-Ярилцлагаа таны бичих арга зүйд чиглүүлье. Ном бичиж байх үеийнхээ нэг өдрийг надад танилцуулаач?

-Өглөө сэрээд цайгаа ууна. Гурваас дөрвөн минут алхаж байгаад ажлынхаа ширээн дээр эргэж ирнэ. Гар бичвэрээ хараад хамгийн их таалагдсан хуудсаа дээр нь тавьж байгаад уншиж эхэлдэг. Энэ үед яг таксинд суугаад мэдэхгүй ертөнц рүүгээ явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Засаж янзлаад, нэмж бичээд тэр таксинаасаа буучихна. Бүтэн өдрийг бичихэд зориулдаг байх гэж хүмүүс боддог. Гэхдээ үгүй ээ, дунджаар хоёр цаг бичээд, таалагдсанаа хадгалж аваад л болоо.

-Өдөр болгон уу?

-Өдөр бүр. Амралтын өдөр, баяр наадам байсан ч хамаагүй бичдэг. Урьд нь илүү их, илүү хурдан бичдэг байж билээ. Нас л намайг удаашруулж орхилоо.

-Зохиол бичнэ гэдэг таны хувьд нэг төрлийн донтолт уу?

-Тийм шүү. Би үнэхээр их дуртай. Одоо багассаар байгаа ч гэсэн зохиол бичихээс авах аз жаргал маань буураагүй. Архи, хар тамхи бол эсрэгээрээ хэмжээ нь ихсэх тусмаа авах аз жаргал нь багасдаг. Гэхдээ зохиолд донтоно гэдэг зарим талаараа эрсдэлтэй байж болох юм. Зургаан сарын турш өдөр бүр тасралтгүй бичиж байгаад 10-12 хоног биеэ амрааж, бүх зүйлээ цэгцэлдэг. Даанч миний амралтын үе эхнэрийг маань галзууруулах дөхдөг дөө.

“Чи замаас холдоод өгөөч дээ”, “Гэрээсээ гарахгүй юм уу”, “Ямар нэг юм хий л дээ” гээд үглэж өгнө. Энэ хооронд би зурагт үзэж, гитараа тоглоод л, өөр юу ч хийхгүй. Өдөр нэг иймэрхүү бол шөнө нь жинхэнэ солиотой зүүдэнд умбаж өнгөрөөнө. Хэзээ ч зогсошгүй гэмээр тийм зүүднүүд. Харамсалтай нь, таагүй байх нь олонтоо. Хэрэв энэ зүүднүүд цаасан дээр буухгүй л бол өөр хаа нэгтээ хадгалагдах учиртай. Бүгд айдас, болгоомжлолтой ямар нэг байдлаар холбогддог байх.

-Жишээлбэл?

-Би жүжигт тоглохоор театрт очдог. Жүжгийн маань нээлтийн орой учраас бүх зүйл эмх цэгцтэй, ямар ч асуудалгүй явагдах ёстой байтал би хувцсаа олдоггүй. Хувцсаа хайж байх зуураа үгээ цээжлээгүй гэдгээ анзаарна.

-Энэ зүүднийхээ учрыг тайлсан уу?

-Бүтэлгүйтлээс айх айдас гэж ойлгосон.

-Амжилтаар дүүрэн энэ он жилүүдийн дараа ч бүтэлгүйтлээс айсаар байгаа юм уу?

-Тийм ээ. Надад айдаггүй зүйл бараг байхгүй. Ялангуяа бичиж байгаа зохиолоо дуусгаж амжихгүй, төгсгөлийг нь үзэж амжихгүй дуусах вий гэдгээс ямар их айдаг гээч.

-Та ер нь өөрийнхөө төсөөллийг бусад хүмүүсийнхээс арай илүү гэж бодож байсан уу?

-Мэдэхгүй юм. Гэхдээ илүү сайн бэлтгэгдсэн байж болно. Төсөөлөл сэтгэлд хүнд тусдаг юм шүү дээ. Толгой ч өвдөнө. Гэхдээ ,бие махбодын өвдөлтөөс оюун санааны өвдөлт харьцуулахын аргагүй аймшигтай. Хэдийгээр тийм боловч төсөөллөө ажиллуулах тусам түүнээс гарах боломж нэмэгдэнэ. Хүн бүрт ингэх боломж байдаг ч ихэнх нь нөөц бололцоогоо бүрэн ашигладаггүй.

-Таныг нэг хэсэг архинд донтсон байсан гэдэг. Тэр асуудал чухам хэдийнээс хөндөгдөж эхлэв?

-Би 18-тайгаасаа архи ууж эхэлсэн. Тэр үед Мэйн муж анхны лонх болон лаазыг буцааж өгдөг хуультай болсноос асуудал эхэлсэн хэрэг л дээ. Балай юмыг уугаад чулуудчихалгүй цуглуулж байгаад дахиж авдаг болохоор өөр яах юм бэ. Гэрт маань өөр уудаг хүн байхгүй. Эхнэр маань оройн хоолондоо ганц хундага дарс ууна, тэгээд л болоо.

Нэг удаа гараашдаа ороод шар айраг ууж эхэлсэн. Дээшээ хартал лаазнууд нь таазанд тулж байдаг юм байна. Өөртөө хэлсэн л дээ, би архичин болчхож гээд. 1978, 1979 оны үед юм уу даа. Тэгээд одоо л зогсохгүй бол цаашид өөрийгөө зогсоох аргагүй болно гэдгээ ойлгосон.

-Шартсан үедээ ч өглөө зохиолоо бичдэг байсан юм уу?

-Өдрийн цагаар уудаггүй байсан болохоор тийм асуудалтай тулгарч байгаагүй ээ.

-Хар тамхи амьдралд тань хэдийгээс нэвтэрсэн бэ?

-1978 он орчмоос юм уу даа. Бараг долоо, найман жил тасралтгүй хэрэглэчих шиг болсон. Өөрийгөө бүрэн хянаж, өөрийгөө мэдэж байна л гэж боддог байлаа. Бодит байдал дээр эсрэгээрээ байсан. Миний зарим зохиолд ч түүний ул мөр нэлээд бий.

-Бага насны гурван хүүхэдтэй байж муу зуршлаа нуух амаргүй байсан болов уу?

-Би санадаггүй юм.

-Нээрээ юу?

-Тийм ээ. Тэр он жилүүдийн талаарх дурсамж тун бүрсгэр санагддаг. Юу болсныг ч бүдэг бадаг санаж байх жишээтэй. Заримдаа бүр санах ч үгүй. Гол нь, хүмүүсийн хажууд хэрэглэдэггүй байсан. Архи уухдаа ч олон нийтийн дунд уудаггүй байлаа. Шөнийн цэнгээний газруудад архи уудаггүй шалтгаан нь тэнд над шиг адгийн амьтад зөндөө байдаг шүү дээ гэж хэлдэг байсан.

-Хамгийн шилдэг зохиолуудаа бичиж, хүүхдүүддээ сайн үлгэр дуурайлал үзүүлж байсан эцэг хүн хар тамхинд донтсон байсан гэхээр санаанд нэг л багтаж өгөхгүй байгаа юм. Хар тамхинаас бүрэн хамааралтай найман жилийг багахан тодруулахыг зөвшөөрнө үү?

-Одоо ч миний санаанд бууж өгдөггүй. Хүн ямар ч тохиолдолд үүрэг, хариуцлагаа биелүүлж амьдрах ёстой. Донтсон үед хэрэглэхгүй л бол байж сууж чаддаггүй. Тиймээс амьдралаа тэнцвэржүүлэх бүх алхмыг хийх хэрэгтэй болно. Даанч гэр бүлд бага багаар хагарал бий болно.

Тэр үед би өглөө эрт босоод хоол хийдэг байлаа. Дараа нь хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчхөөд үлдсэн эрч хүчээ өдрийн ажилдаа хуваарилдаг байсан. Маш хүчирхэг байсан юм. Тэр их эрч хүчийг бүгдийг нь зарцуулаагүй бол амиа хорлох байсан биз. Номууд ч ээлж дараалан амжилт олоод эхэлсэн. Дараа нь, чанар нь муудаад ирсэн дээ. Би ч зайгаа барьсан.

-Сүүлийн 40 жилийн хугацаанд тан шиг олон ном зарсан зохиолч байхгүй. Таны хөрөнгө ч хэдэн зуун сая доллараар хэмжигддэг байтал яагаад бусад хүмүүс шиг Хавайн эрэгт байшин авахгүй, эсвэл Францад уран зураг цуглуулж суухгүй байгаа юм бэ. Ер нь та мөнгөө яаж зарцуулдаг вэ?

-Би ном худалдаж авах, кино үзэх, дуу авах мөнгөтэй байх дуртай. Телевизийн нэвтрүүлгийг худалдаж авах хүртэл гоё шүү дээ. Ямар ч зар сурталчилгаа үзэх шаардлагагүй. Хэрвээ би маруухан ажилладаг байсан бол сая дурдсан дуртай зүйлсээ авч чадахгүй байлаа. Гэхдээ би мөнгөний талаар боддоггүй юм аа. Миний амьдралд хоёр гайхалтай зүйл байдаг. Өвчин байхгүй, өр байхгүй, тэгээд л болоо. Мөнгө надад гэр бүлээ дэмжих чадамж, дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийх боломж гэсэн утгаар ойлгогддог.

Дэлхийд өвчингүй, бас өргүй гэж хэлж чадах хүн тун цөөн. Тэр дундаас зохиолчдын хувьд бүр ч цөөн. Би эд зүйлсээс хамааралтай хүн биш. Надад байшин байхад өөр газар худалдаж авч яах юм бэ. Эхнэр маань ч энэ амьдралын хэмнэлдээ хайртай. Гол нь үргүй зардал гэвэл машинууд л байна. Хөдөө өссөн болохоор машин их чухал санагддаг.

-Хаан шиг амьдардаг хүмүүсийн тухайд юу хэлэх вэ?

-Харь гаднын зүйл шиг л санагддаг. “Уолл стрийтийн чоно" киног саяхан үзлээ. Яг тийм залуугийн талаар гардаг. Мөнгөний төлөө мөнгө төлж амьдрах шиг түвэгтэй зүйл өөр байна уу энэ дэлхийд. Мөнгө урсгаад л байдаг, үрсээр л байдаг

-Таныг их мөнгө хандивладаг гэдгийг хүмүүс ерөнхийд нь мэддэг. Гэхдээ яагаад хандивласан мөнгөө хэнд, хаана очиж байгааг шалгадаггүй юм бэ?

-Хүнд мөнгө өгчхөөд түүнийгээ зарлаж, дараа нь хүмүүст мэдэгдэнэ гэдэг чинь сайн үйл биш дээрэлхүү зан.

Намайг, ах дүүсийг маань ингэж л сургасан. Хүнд сайн үйл хийснээрээ чи өөртөө л сайн үйл хийж байгаа юм. Ерөөсөө сүрэлхэх, энд тэнд дуулгах албагүй гэсэн үг. Заримдаа олон нийтэд ил болохоос өөр аргагүй тохиолдол гарна. Гэхдээ энэ нь би ингээд сайн үйл хийчихлээ гэж зарлах биш та ч бас үүнд нэгдээрэй гэсэн санаатай.

-Таныг хоёр настай байхад эцэг чинь орхисон гэсэн. Түүний үгүйлэгдсэн орон зай амьдралд чинь ямар өнгө төрх авчирсан бэ?

-Мэдэхгүй юм. Би төлөвлөсөн, эмх цэгцтэй амьдралаас хол хүн. Табби бид хоёр 1971 онд гэрлэсэн. Нэг орой хамт хэвтэж байгаад би түүнд хоёулаа гэрлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр маань хариуд нь “бодоод үзье" гэж хэлээд өглөө нь хоёулаа гэрлэх хэрэгтэй юм байна гэж хэлж билээ. Бид хоёрт юу ч байгаагүй. Тэр үед би шатахуун түгээгүүрт ажилладаг, эхнэр маань сургуулиа төгсөөгүй байсан. Угаалгын газарт ажилладаг болсны дараа мөнгөөр гачигдсан амьдралтай нүүр тулсан.

Эхнэр маань нарийн боовны дэлгүүрт ажиллах болж, би ч удалгүй багшлах болсон. Гэрт маань утас ч байхгүй тийм үед юугаа бодож хүүхэдтэй олсноо одоо ч ойлгодоггүй. Хоёр нялх хүүхэдтэйгээ бид тэр үеийг давж чадсан.

-Тэр үед эргэж очвол өнгөрүүлсэн амьдралаа дахиж давтах уу?

-Бид хоёр үнэхээр солиотой байсан юм билээ. Хүүхдүүддээ ухаангүй хайртай байсан болохоор давтахдаа ч баяртай байна. Нарийн боовны дэлгүүрт тэр маань ягаан өнгийн хувцастай ямар хөөрхөн харагддаг байсан гээч. Одоо ч надад хөөрхөн харагддаг хэвээрээ л дээ. Бурхан минь гэж, тэр ягаан хувцсанд нэг нууц, тачаангуй байдал хадгалагддаг байх. Эхнэр маань ажлаасаа цаасан хайрцагнууд авчраад, бид живхнүүдээ хийдэг байсан. Таббиг гэртээ иртэл би хүүхдүүдээ угжаад, живхийг нь солиод сууж байдаг байсан.
Толгойд маань гэр бүлээ юу ч тохиолдсон орхихгүй гэсэн бодол шөнө унтах хүртэл эргэлддэг байж билээ.

-Аавтайгаа уулзах юмсан гэж бодож байсан уу. 1980 онд нас барсан гэсэн?

-Үгүй. Бага байхдаа л сониучирхдаг байсан. Багадаа түүнийг олж байгаад толгойг нь цөм цохиод унагаана даа гэж боддог байв. Дараа нь, өөрийнх нь амнаас болсон явдлуудыг сонсож байгаад цохино гэж боддог болсон. Ямар ч уучилж өршөөх юм байхгүй. Зүгээр ч нэг орхихгүй баахан өртэй ээжийг маань үлдээсэн. Ээж маань ямар их ажилласан гээч.

-Яагаад очиж уулзаагүй юм бэ?

-Дэндүү зав муутай байсан юм. Зохиолчийн карьераа дөнгөж эхлүүлээд тогтохын тулд өдөр шөнөгүй бичдэг байсан. Сургуульд багшлах зуураа аль болох л өөртөө бичих цаг хумслахыг хичээдэг байлаа. Үнэнийг хэлэхэд аавынхаа тухай тэгж их бодож байгаагүй ээ.

Зураг