Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын нөлөөнөөс Олимпийг хамгаалах Майк Пэнсийн оролдлого амжилтгүй болов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд оролцож, тус арга хэмжээг Хойд Солонгосын дэглэм өөртөө ашигтай эргүүлэхийн эсрэг чадах бүхнээ хийнэ гэж амлаж байсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн оролдлого талаар болов.

Олимпийн нээлтийн үеэр хоёр Солонгосын харилцаанд нааштай үзэгдлүүд ар араасаа хөвөрч, дэд ерөнхийлөгч сэтгэл гонсгор үлдсэн явдал боллоо. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жоны “инээмсэглэлтэй дипломат бодлого” амжилттай хэрэгжиж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй нийтдээ дөрвөн удаа уулзаж амжсан юм. Өчигдөр орой тэд хамтдаа Хойд Солонгосын чуулгын тоглолтыг үзсэний дараа Ким Ё Жон нутаг буцжээ. Тэрээр ахынхаа урилгыг Мүүн Жэ Инд гардуулж чадсан юм.

 

Майк Пэнс Баасан гарагт хэлэхдээ Пёньяныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл хоёр Солонгосын яриа хэлэлцээрийг АНУ эсэргүүцнэ гэжээ. Харин Бямба гарагт Ким Жон Уны урилгын тухай мэдээ тарсны дараа тэр ямар нэг мэдэгдэл хийлгүй, нам гүм өнгөрсөн юм.

Мүүн, Пэнс нар Бямба гарагт хамтдаа тэшүүрийн уралдаан үзсэн. Энэ үеэр тэд Ким Жон Уны урилгын талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй байна.

Нээлтийн үеэр хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор алхан стадионд орж ирэхэд Пэнс алга ташаагүй, “төмөр нүүр” гаргасаар өнгөрсөн юм. Тэр зөвхөн АНУ-ын багийг орж ирэхэд л алга ташсан. Харин Азийн харилцааны мэргэжилтнүүд түүний энэ үйлдлийг зохион байгуулагч оронд хүндэтгэлгүй хандсан хэрэг гэж буруутгажээ.

Нээлтийн арга хэмжээний өмнө гадаадын төрийн тэргүүнүүдэд зориулсан хүлээн авалт болсон юм. Энэ үеэр АНУ-тай адил хатуу бодлого баримталж байгаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ хүртэл Хойд Солонгосын төлөөлөгчдийн ахлагч Ким Ён Намтай гар барьж, харилцан ярилцсан.

Харин Пэнс уг арга хэмжээний дундуур ирж, ердөө 5 минут болоод гарахдаа Хойд Солонгосын төлөөлөгчтэй огт харилцалгүй өнгөрсөн байна.

Хэдийгээр Хойд Солонгосын дэглэмийн бодлого дэлхий нийтэд аюул учруулж байгаа ч олимп бол улс төрөөс ангид байх ёстой үйл явдал тул Майк Пэнс ингэж “төмөр нүүр” гаргах ёсгүй гэж ажиглагчид дүгнэжээ.

Харин Трампын Хойд Солонгосын дэглэмийг чангалах бодлогыг дэмждэг ч Мүүн Жэ Ин олимпийн наадмыг Хойд Солонгостой харилцаагаа зөөлрүүлэхэд ашиглаж чадаж байгааг тэд үнэлсэн байна.

Майк Пэнс Өмнөд Солонгост байх хугацаандаа Хойд Солонгосоос ирсэн дүрвэгчидтэй уулзаж, 2010 онд Хойд Солонгосын довтолгоонд амиа алдсан Өмнөд Солонгосын 46 усан цэргийн хөшөөнд зочилсон юм. Тэр бас энэ арга хэмжээнд Хойд Солонгост хоригдож байгаад сүүлд амиа алдсан америк оюутан Отто Уормберийн эцгийг дагуулж ирсэн.

Харин нээлтийн арга хэмжээний үеэр хоёр Солонгосын удирдагч нар мэндчилж байхад Майк Пэнс энэ үйл явдлыг хараагүй мэт өнгөрөөж байв.

 

Эх сурвалж: Associated Press