Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. Шууд үзнэ үү. 

ШУУД: 

https://www.facebook.com/iKonNews/videos/789391227913114/

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. 

Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгоно. 

Ер нь эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, эерэг нөхцөл байдал үүснэ" гэв. 

Асуулт, хариулт:

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензины үнийг нэмсэн байна. Үнийн бодлого цаашид ямар байх вэ. Мөн Роснефть компанитай уулзаж асуудлуудаа ярьсан уу?

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: Татвар тэглэсэн нь тухайн үед компаниуд дээр хуримтлагдсан алдагдлын 60 орчим хувийг хаасан байгаа. Үлдсэн хувийг нь хаах гэж үнээ нэмж болохгүй гэсэн чиглэл барьж байсан. 

2 дугаар сард хилийн үнэ ирсэн. Зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдсэнээс болж ахиад литр тутамд 60 төгрөг нэмэгдэхээр байсан. Цаашид огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн.

Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан. Компаниудын татварыг хөнгөлөөд үнийг нэмүүлэхгүй байвал төсвийн халамжийн зардлууд дутагдах магадлалтай. 

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. Нөөц, хангамж таслалдахгүй.

Д.Сумъяабазар: Шатахуунтай холбоотой үнийн асуудал жил бүр яригддаг. Бид хүчгүй юм шиг байна. Манай улс шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй. Манайх шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд хувийн компаниудын тоглолтод орчихоод байна. 2004 онд НИК компанийг хувьчлах нь буруу байсан. 

 
Гэрэл зургийг mpa.mn

 -Роснефтьтэй хийж буй уулзалтын үр дүн гарсан уу?

Д.Сумъяабазар: Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно.

-"Оюу толгой" компани ногдол ашиг хуваарилж байгаа гэсэн. Монголын тал хэзээ ногдол ашигаа авах вэ?

Д.Сумъяабазар: 66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. 34 хувь хэзээ ногдол ашигаа авах вэ. Ногдол ашигаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа. 

-"Оюу толгой" компанид татварын акт тавьсан асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

Д.Сумъяабазар: Татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна.